Баянхонгор аймагт газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдад болсон газар хөдлөлтөд Бөмбөгөр сумын Соёлын төв, эмнэлгийн хэд хэдэн өрөө, хувийн хоёр ч орон сууцны тааз, хананд цууралт гарсан аж.

Мөн аймгийн төвийн 48, 60 айлын орон сууцны оршин суугчдад ч чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ сарын 27-ны 18:14 цагийн орчимд болсон энэ газар хөдлөлт нь 4.9 магнитуд байсныг эх сурвалж өгүүлж өчигдөр тус сумдтай залгаа сумдуудад ч чичирхийлэлт мэдрэгдсэн гэв.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр чичирхийлэлт тус сумдаас хойшилж байгаа гэсэн юм. Энэ тухай Одон орон геофизик судлалын төвийн газар хөдлөлт судлах сектороос тодруулахад “Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун хойш 20 км-т 4.9 магнитутын хэмжээтэй газар хөдлөлт болсон. Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирсэн байна” гэв.

Харин аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга тэргүүн ахмад Т.Мөнхбаатартай холбогдож тодруулсан юм.

-Газар хөдлөлт хаана, хэдэн цагт болсон бэ?
-Энэ сарын 27-ны буюу ням гарагийн 18:14 цагт Бөмбөгөр сумын III, IV баг, Баацагаан сумын VI, VII багуудад хүчтэй мэдрэгдсэн.

-Хичнээн магнитутын хүчтэй байв. Хэр зэрэг хохирол учирсан бэ?
-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн. Бөмбөгөр сумын Соёлын төвийн дүүжин тааз, эмнэлэгийн 12 өрөөний хана, хоёр айлын амины орон сууцны хана, тааз цуурсан. Сумдаас 100 км-т буюу аймгийн төвд бага зэрэг мэдрэгдсэн.

-Газар хөдлөлт дахин хөдөлсөн гэх мэдээ байна?
-Өнөө өглөө (Өчигдөр) Жинст, Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр сумдад ч мэдрэгдсэн.

П.Санаадагва


URL:

Сэтгэгдэл бичих