Манай госпитал

Хамгийн анхны орчин үеийн дайн 1860 онд АНУ-д болжээ гэж цэргийн түүхчид үздэг. Энэ бол Америкийн иргэний дайн. Сэтгүүлчтэй, ар талын үйлдвэрлэлтэй, морзын хүчээр цэрэг удирдлагын шууд холбоотой, цэргийн эмнэлэгтэй, хээрийн шүүхтэй тэр байтугай гэрэл зурагчинтай, дайны явцыг тогтмол мэдээлдэг сонинтой, ухуулах хуудас тараадаг сүлжээтэй байв.  Цэргийн эмнэлэг гэж анх тэгэхэд буй болсон бололтой. Үүнээс өмнө Крымын дайны үед Найтэнгэйл хэмээх хүүхэн цэргийн сувилалыг шинэчлэн зохион байгуулж өнөөгийн хэлбэрт оруулж байсан юм. Хүн төрлөхтөнд аугаа хүмүүс бишгүйдээ нэгийг бэлэглэсэн англичууд Найтэнгэйлийн хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлсөн байдаг.

Энэ жил Монголоор дүүрэн 90 жилийн ой. Яагаад гэвэл Монголын бүх амьдрал яг нэгэн зэрэг 1921 онд эхэлсэн болохоор. Жишээ нь сая Холбооныхон 90 жилийн ойгоо сайхан тэмдэглэлээ. Уг нь Монголд холбооны шугам 1882 онд анхлан байгуулагдсан болохоор хойтон жинхэнээсээ 130 жилийн ой нь болох учиртай юм л даа. Харин жинхэнээсээ 90 жилийн ой болсон салбар нь Цэргийн эмнэлэг. Манайхан Госпиталь гээд нэрэлээд дасчиж. 1921 оны 8-р сарын 15-нд Засгийн газрын тогтоолоор “Монгол Түвд эмнэлэгийн холимог хороо” байгуулахаар болсон ба энэ нь Цэргийн яаманд шууд харъяалах аж. Яагаад ч юм тогтоолд Бүх цэргийн жанжин Сүхбаатарын гарын үсэг байхгүй. Госпиталынханд 90 жилийнх нь ойг тохиолдуулан жинхэнээсээ баяр хүргэе!

Госпитал шиг олон үндэстнээр даргалуулсан өөр газар Монголд байхгүй байхаа. Анхны дарга нь Лувсандорж гээд түвд маарамба байж. Ружицкий, Шастин гээд оросууд бас нэлээд олон жил эмнэлэгийн дарга хийсэн. Андор Радноти гээд унгар эмч госпиталын дарга байсан байх юм. Улаан цэрэгт олзлогдоод тэдний хээрийн эмнэлэгт ажиллаж байгаад хамт Монголд ороод ирсэн юм билээ. Госпиталын даргаар 6 жил ажилласан Шастин доктор манай түүхэнд нэлээд тод үлдсэн хүн. Яагаад ч юм, Госпиталыг биш III  эмнэлэгийг түүний нэрэмжит болгочихсон. Сүүлд хүү нь манайд бас эмчээр ажиллаж байлаа. Харин ач нь одоо Калифорнид эмчээр ажилладаг гэсэн.

Гучаад оноос үндэсний мэргэжилтнүүдийг бэлдэж нэлээд хэдэн залуусыг Ленинградын цэргийн эмнэлэгийн академид сургажээ. Анхлан бэлдсэн зургаан эмч нь 1936 онд төгсөж ирсэн, харин 1937 онд бүгдийг нь буудаад алчихсан байдаг юм. Тэднээс амь үлдсэн ганц эмч нь Дугар гэгч байсан ба хожим тавиад оны үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм билээ.

Харин цэргийн эмнэлэгийн мэргэжилтнийг дотооддоо 1979 оноос бэлдэх болсон аж. Энэ нь ч бас их учиртай, хүйтэн дайны шалтгаантай. Тэр жил хятадууд Вьетнамд халдаж Монгол орон бараг л дайны байдалд шилжсэн билээ. Маршал Устинов Монголд гэнэт айлчлан 600 танк өгсөн. Тэр жил эр хүйстэй болгоныг цэрэгт татсан даа. ДНБ-ий 30 хувь шахам нь цэрэгт зориулагдсан нь энх цагийн бараг л дэлхийн рекорд байх. Ингэж Анагаахын дээдэд Цэргийн эмчийн анги нээгдэн 100 эрэгтэй оюутан нэг амьсгаагаар бэлдсэн юм.

Бидний “европ эмнэлэг” гэж нэрлээд байдаг шинжлэх ухааны эмнэлэгийг Монголд дэлгэрүүлж улмаар ердийн хэрэглээ болгоход Госпитал онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр анхны европ эмнэлэгийн салбарыг автономын үед байгуулж байсан ч төдийлөн өргөн олныг хамарч чадаагүй юм. Мөн госпиталын эмч сувилагч нар хэд хэдэн дайнд оролцсон. Халх гол. 45 оны чөлөөлөх дайнд монгол эмч эмнэлэгийн ажилтнууд цэргүүдтэй мөр зэрэгцэн дарийн утаа үнэртсэн.

Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд манай эмч нар үүрэг гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархмаар. Олон улсын төвшинд шаардлага хангахуйц болчихсон гэсэн үг шүү дээ.  Тэд Афганистан, Косово, Чад, Ирак, Сьерра Леонд ганц нэгээрээ ажиллаж байсан бол НҮБ-ээс өндөр үнэлэгдэн Суданд госпиталын салбар бие даасан үүрэг гүйцэтгэж байгаа. Дахин уригдаад саяхан II ээлж нь тийш явсан.

Бараг бүх оронд Цэргийн эмнэлэг нь чадвар чадамж туршлага төвшингөөрөө тэргүүнд нь байдаг. Алив техник технологи, шинжлэх ухааны амжилт эхлээд цэрэгт, дараа нь энгийн хэрэгцээнд очдогтой холбоотой байх л даа. Америкийн Ерөнхийлөгч өвдвөл шууд л Вашингтонд байдаг Тэнгисийн цэргийн эмнэлэгт аваачина. Гадаадад явж байгаад өвдвөл Азид бол Сөүлийн цэргийн эмнэлэгт, Европт бол Германы Цэргийн эмнэлэгт аваачих ёстой юм гэнэлээ. Ингэхээр Цэргийн эмнэлэг гэдэг ямар чухал, ямар төвшинд байдаг нь ойлгогдох байх. Олон улсын төвшинд ажиллагаа явуулаад эхэлсэн манай Госпитал ч удахгүй тив дэлхийдээ байг гэхэд Монголдоо “намбар ван” болох байлгүй дээ.

БААБАР
2011.11.21


URL:

Сэтгэгдэл бичих