Сангийн сайд Оюу толгойгоос хэдийг олдог вэ? Сард 5 сая $ гэнэ шүү

Монголын төрийн түшээд Айванхой, Рио Тинто гээд гадаадын компаниудыг эрс өмөөрч өмнөөс нь мэдэгдэл хийх болсон. Нөгөөдүүл нь ч та нар бүү давар, авсан мөнгөнийхөө ажлыг хийцгээ гэх ухааны юм хэвлэлээр шидэх болов. Хэрхэн гадныханд сайд дарга нар маань хүлүүлсэн болохыг Монгол Шуудан сонин тогтоохыг хичээлээ.

Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын өртөг М.Энхболдын тохироод байснаас С.Баярын байгуулсан гэрээ 2 дахин өндөр өртөгтэй болсон. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь буурсан мөртөө хөрөнгө оруулалт нь нэмэгдэнэ гэдэг тун хачирхалтай зүйл. Нэг үгээр 300 төгрөгөөр хийх ёстой ажлыг бид 600 төгрөгөөр хий гээд хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн гэсэн үг.

Үйлдвэр байгуулах 3,1 тэрбум долларын өртгийг 6,1 болгож С.Баяр, Сү.Батболд нар зөвшөөрч С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсгээ мутарласан. Гацаад байсан том төслийг хөдөлгөсөн, бид ардын баатар, тэгээгүй бол та муусайн монголчууд хамраараа газар хатгах байсан гэж тэдний үзэл сурталчид нь сэтгүүчдийг бан цунгаар нь Central Tower-ийн 17 давхрын vip ресторанд цуглуулан дайлж тархи угаалгах болсон.

Гэтэл төслийн өртөг 2 дахин нэмэгдсний хамгийн гол нууц нь дансны аргаар мөнгө идэж, манай улс төрчдийг авилгадах нарийн аргыг Рио Тинто олсон бололтой.

Өнөөдөр Оюу толгой төслийн талбар дээр 11 мянган хүн ажиллаж байгаа. Энэ бол тэдний өөрсдийнх нь өгч байгаа олон хүн тэжээж байгаагаа зарлаж буй тоо. Эдгээр 11 мянган хүний хоолыг өдрийн 35 ам.доллараар Модерн Номадс гэдэг компани хариуцан нийлүүлдэг.

Уг компаний эзэн нь сүүлийн үед мөнгөө багтааж чадахаа байгаад кино хийж кайф авах болсон Есөнмөнх гэж нөхөр бий. Тэрээр Сангийн сайд С.Баярцогтын Комсомолын дээд сургуульд хамт сурч байсан найз нь гэдэг. Энэ сүлжээ ресторан тэр 2-ын дундын өмч гэсэн. Үгүй гэвэл С.Баярцогтын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 250 сая төгрөгөөр босгосон Төрийн далбааны төлбөрийг нь Есөнмөнх төлсөн нь үнэн юм чинь.

Монголын, тэр бүү хэл гадаадын уул уурхайн компаниудын ажилтнуудын өдрийн хоолны дундаж өртөг нь 10 долларт элбэг багтдаг гэнэ. Тэр хоолонд нь галуу, шувуу, гахай, үхрийн мах ороод шүү дэ. Ямааны махыг сэрүүдүүлдэг гээд өгдөггүй цамаан болсон цаг гэдэг.

Тэгэхээр тэдний ашиг наандаж 25, болилоо гэхэд 15 ам.долларын ашиг унагаадаг болж таарч байна. Өдрийн орлого нь 11000 x 35$ = 365 000 $, ашиг нь 11000 х 15$ = 165 000 $ болж байна. Сардаа 4 950 000 ам.долларын ашиг олдог байх нь.

Сангийн сайдын төмс шарж олдог хаагаа нь садаа бараг 5 сая долларын ашигтай. Атаархалдаа өөрийн эрхгүй дуу алдсан Рио Тинтогийн Оюу толгой төслийн гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей-н зөв л юм да.

Н.Догсом

Эх сурвалж: “Монгол шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих