Өгөхгүй байсан ч, уучилна Та нарыг!

Эрхэм улстөрчид ирэх оны төсвийн зардлыг 1.2 их наяд төгрөгөөр танана гэсэн зураглалаа  хийчихээд байгаа болохоос, хараахан батлачихаагүй байна. Гэхдээ маргаашаас урьтаж батлах ёстой.  Тэгэхээр уучилна энэ тэр гэдгээ яг одоо хэлж байх нь зөв биз.  Тэгэхгүй бол  юу ч болоо билээ. Нөгөө мөнгөний бодлого нь дахин дахин чангараад, зээлийн хүү нь тэнгэрт хадаад байдал хүндэрвэл яах билээ.

Уг нь энэ онд бодлогын хүүг гурвантаа  нэмсэн Монголбанкны Захирлуудын зөвлөл тов ёсоор 23-ны өдөр Мөнгөний бодлогын асуудлаар хуралдаад 24-ний өдөр шийдвэрээ нийтэд мэдээлэх ёстой байсан ч, тэгээгүй юм. Дэлхийн банк, ОУВС тэргүүтнээс мөнгөний бодлогыг улам хатууруулахаас өөр арга зам алга байна шүү гэсэн анхааруулга маягийн зөвлөгөөг удаа дараа дайж буй тул Монголбанк инфляцийн өсөлтийн эсрэг, эдийн засгийн тогтвортой байдлын төлөөнөө хэрхэн шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт байх нь аргагүй. Харин тэд энэ сард шийдвэр гаргахаас татгалзсан. Зөвлөл хуралддагаараа хуралдсан ч, тэд бодлогын хүүг дахин нэмж, улам чангаруулж дийлэх ч,  уг суурь шалтгааныг нь барахгүй, ирэх оны төсвийн зардлыг 1 их наядаар ч болох нь ээ танахгүй бол инфляцийг нэг оронтой тоонд барьж дийлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

Харин эхэнд өгүүлсэнчлэн улстөрчид  улсын төсвийг тийм хэмжээнд танахаар болсон нь төв банкны Ерөнхийлөгчийг ихэд талархахад хүргэлээ. Ингэж танаснаар ирэх жил инфляцийг 10-аас бага хувьд барих боломжтой боллоо гэж тэр өөрөө мэдэгдэв. Ер нь бол Монголын улстөрчид, шийдвэр гаргагчид ирэх сонгуулийн босгыг давахын тулд  амласан бүхнээ дундруулан гүйцэтгэж, нүүр нүдээ тахлах шаардлага бийн зэрэгцээ “Инфляци 20 хувьд хүрлээ” гэсэн таагүй мэдээг сонгуулийн сарыг угтаад иргэддээ хүргэхийг хүсч байх  учиргүй.   Нэг талаас амлалтаа  биелүүлээд нийт олны эрх ашгийг шалбаагтай хутгах уу. Эсвэл элдэв амлалт, халамж, нэмэлт  энэ тэрээ өгдөггүй “худалчууд” үлдэх үү гэсэн хувилбарууд харагдах ч, иргэд илүү найдвартай, тогтвортой байдлыг хүснэ. Иргэд ажилтай, орлоготой байхыг хүсч байгаа. Цалингийнхаа 80 хувиар зөвхөн хоол хүнсээ авдаг байхыг хэн ч хүсэхгүй.

Тэгэхээр нөгөө талд  төсвийг тэлээд байгаа бол зайлшгүй  шаардлага юу байна. Хаашаа чиглэсэн зардлуудыг тусгах гээд байна вэ гэдэг үүднээс харах ёстой.  Амлалт биелүүлэх бэлэн мөнгө бус ажлын байрыг бий болгоход, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зардлыг хумьж болохгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэрчлэн уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засагтай байгаа манай улс бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь чухал.  Нэгэнтээ л улсын төсвийн орлого нь уул уурхайгаас уягдан хамаарч байгаа юм бол, энэ хэт хараат байдлыг шийдвэрлэх алхам нь, тэрхүү орлогын хуваарилалт зохистой байна уу. Эргээд бусад салбаруудаа өндийлгөж ирэхэд чиглэж байна уу гэдэг нь гол.

Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 17.3 хувийн өсөлттэй байсан бол, гуравдугаар улиралд 20.8 хувь гэсэн их өсөлтийн мэдээг дуулгасан. Хамгийн гол нөлөөлөл нь 2013 онд үйлдвэрлэл нь эхлэх Оюутолгойн ордтой холбоотой гэдгийг Дэлхийн банкнаас мэдэгдэж буй. Мөн бусад жижиг уурхайнуудын үйл ажиллагаа ч чамгүй хувь нэмрийг оруулжээ. Нэг ёсондоо Монголын эдийн засгийн амин сүнс нь уул уурхайн салбар болсон гэдэгтэй бид маргалтгүй болсон. Тиймээс уул уурхайн түүхий эдийн ханшийн өсөлт бууралтын тухай таатай, таагүй мэдээг даган савлаж байдаг эдийн засагтай байхгүйн төлөө, улстөрчдийн хийх шаардлагатай зүйлсийн нэг  нь бусад салбаруудаа зэрэг хөгжүүлэхэд анхаарах, алхмууд хийх явдал.  Өнөө маргаашийн цөөн хэдэн төгрөгт  нь  насаараа цатгалдаж явахыг хүсэх хүн, лав энэ улсад байхгүй биз ээ.

Манай улсын урт хугацааны гадаад болон дотоод валютын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвтэй буюу В+,  богино хугацааны зээлжих зэрэглэлийг В, боломжит дээд түвшин нь В+ хэмээн дүгнэсэн олон улсын рейтингийн Фитч агентлагийн Ази-Номхон далайн дээд байгууллагын тэргүүн Андрю Колкуон Монгол улсын эдийн засгийг  эрдэс баялгийн салбар хөгжихийн хирээр хурдацтай өргөжиж байгаа ч, ийм өсөлтийг зохицуулахад хатуу бодлого шаардлагатай байгаа талаар, банкны зээл болон Засгийн газрын зарлагын өсөлттэй зэрэгцэн эдийн засаг нь хэт хурдацтай хөгжлийн эрсдэлтэй тулгараад байгаа тухай мэдэгдэж.

Харин Монголын эдийн засгийн улирлын тойм зэрэг Дэлхийн Банкны эдийн засгийн дүн шинжилгээний ажлуудыг удирдан гүйцэтгэдэг Рожиер ван ден Бринк эрхэм “…хүн бүрт олгож буй бэлэн мөнгө инфляцийг ихээхэн хөөрөгдөж байна. 2008 оны сонгуулиар улс төрийн гол намуудын уул уурхайн ашгаас иргэн бүрт хишиг хүртээнэ гэсэн амлалтыг биелүүлэх зорилгоор засгийн газар ард түмэндээ бэлэн мөнгө тарааж байна. Туршлагатай улс төрчид инфляцийг хөөрөгдөж буй бэлэн мөнгөний амлалт дахин давтагдахгүй гэдгийг өөртөө болон олон түмэнд зарлан хэлж байна. Гэсэн хэдий ч дараа жил сонгууль болно. Улс төрчид, урьдын амлалтаа эхлээд биелүүлэх нь чухал, тэгээд бид сонгуулийн дараа бэлэн мөнгө өгөхөө зогсооно гэж байна. Гэвч, цаг хугацаа бүхнийг харуулна…” гэжээ.  Хэдийгээр засгаас бэлэн мөнгө тарааж байгаа ч, Дэлхийн банкнаас бага орлоготой  хүмүүсийн амьжиргааг тодорхойлохын тулд  албан бус ажиллагсдын дунд явуулдаг тогтмол судалгааны дүнгээс харахад иргэдийн олж буй орлого суурь хэрэгцээг нь хангаж чадахгүй хэмжээнд байгаа аж. Мөн тэрбээр суурь инфляци өсөлттэй байгаа нь Монголбанкнаас авч байгаа арга хэмжээ хангалтгүй байгааг илэрхийлж буй ч, он гарсаар инфляцийн өсөлтийн эсрэг Монголбанкнаас удаа дараагийн арга хэмжээг авч, хязгаарлалтуудыг хийгээгүй бол инфляцийн түвшин илүү өндөр байх байсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол дүрмүүдийг одоо утгаар нь ашиглаж хэрэгжүүлэх ёстой гэдгийг сануулж байгаа юм. Уул уурхайгаас орж ирсэн илүү орлогоо хадгалах, хэт зээлэхээс сэргийлэх, хэт бүү үрэх гэсэн энгийн бөгөөд чухал дүрмүүд тус хуульд тусгагдсан.  Дүрмүүд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Харин уул уурхай ашигтай байхад хадгалах хэрэгтэй гэсэн дүрэм нь энэ жилээс үйл ажил болох шаарлагатай байна… Энэ хуулийн гол дүрмүүдийг ашиглан төсвийн зардлыг багасгаж,  төсвийн ухаалаг бодлого явуулж, сонгуультай  хутгахгүй байгаасай хэмээн тэрбээр үзэж байгаа аж.

Тэгэхээр дэлхийн зах зээл дээр зэс төсөвт тооцож оруулсанаас илүү үнээр  борлогдоод байвал, зөрүүг нь Тогтворжуулалтын сан руу нөөцлөнө гэж шийдвэрлэсэн. Тэр ёсоор хадгалах ёстой гэдгийг гадны улсуудын эдийн засгийн байдал тогтворгүй байгаа үед анхаарах нь зөв бизээ. Уг нь энэ онд Тогтворжуулалтын санд  ойролцоогоор 183.1 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоо  Сангийн яамнаас гарч байсан ч, энэ оны  10 дугаар сарын байдлаар 65.7 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд төлөвлөснийхөө 1/3 –ийг л оруулж. Нэг талаас төлөвлөсний дагуу зэсээс илүү орлого ороогүй юм болов уу гэхээр үгүй. Энэ  оны төсөвт тодотгол хийсэн. Гэхдээ дутсан учраас тодотгол хийгээгүй. Ерөнхийдөө орлогын илүүдлийг зарцуулсан байгаа. Тэгэхээр манай тухайд хадгалах, бага үрэх гэсэн үндсэн дүрмүүд нь алдагдаад явж байгаа дүр зурагтай.

Тиймээс эдийн засгийн эрүүл, тогтвортой байдлын төлөө бол амлалтаа биелүүлээгүй байсан ч, улстөрчдийг уучлахаас өөр гарц бий билүү?

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих