Шанхайд нас барсан монгол эмэгтэйг амиа хорлосон болохыг тогтоожээ

16939

БНХАУ-ын Шанхай хотын Шухуй дүүргийн цагдаагийн газар нас барсан монгол эмэгтэйг амиа хорлосон болохыг тогтоожээ. Он солигдохоос хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шухуй дүүргийн нийтийн орон сууцны хоёрдугаар давхрын тагтнаас монгол эмэгтэйн цогцос олдсон юм. Цагдаагийн газар тэр даруй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Шалгалтын явцад өндрөөс унахад үүсэх гэмтэл байгаагүй ч зүүн гарын бугуйнаас хутганы шарх илэрчээ. Талийгаачийн цуснаас 100 миллитерт 137 микрограмм спирт илэрсэн нь амиа алдахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн гэх дүгнэлтэд хүрсэн байна. БНХАУ-ын хуулиар спиртийн агууламжийг 80 микрограмм байхад хэвийн гэж үздэг юм.

Хохирогч 21 настай. Шанхайн нэгэн их сургуульд 2016 оны есдүгээр сард элсэн суралцсан ч 2017 оны долдугаар сард тодорхойгүй шалтгааны улмаас сургуулиасаа гарсан байна. Сургуульд байхдаа Шанхайн иргэн 37 настай Раотай танилцаж хамтран амьдрах болжээ.

Хосуудын харилцаанд сэв сууж, байнга маргалддаг байсныг цагдаагийн газар мөрдөн байцаалтын явцад олж тогтоожээ.

Тэд 2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Тайланд руу нисч тэндээ зочид буудалд нэг өрөөнд оржээ. Арванхоёрдугаар сарын 22-ний өдөр найз залуу болох Рао нь ганцаараа Шанхайд буцаж ирсэн байна. Арванхоёрдугаар сарын 23, 25-ны өдөр Рао Маралмаагийн байрлаж байгаа буудалд хоёр ч удаа уулзжээ. Арванхоёрдугаар сарын 26-ны шөнийн 01:11 цагт Б.Маралмаа Рао дээр согтуу ирж, үүрийн 05:53 цагт буудлаас гарч такси барьж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Үүнээс хойш талийгаач сураггүй болоод байсан юм. Найз залуу гэгдэж байгаа Рао нь хэд, хэдэн удаа холбоо барихыг оролдсон ч тусыг эс олжээ. Цагдаагийн газар мөрдөн байцаалтын явцад Раог сэжигтнээр татаж, гэрт нь нэгжлэг хийж буруугүй болохыг нь тогтоосон байна.

Талийгаач амиа хорлосондоо уучлал хүссэн захиа үлдээсэн байсныг ар гэрийнхэн нь баталжээ.  Шанхай хотын цагдаагийн газар хэргийн мөрдөн байцаалтын дүгнэлт, эд мөрийн баримт зэргийг хавсаргаж энэ сарын 2-ны өдөр Монголын элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Энэ сарын 3-ны өдөр Лонгхуа оршуулгийн газарт талийгаачийг нутаглуулжээ.

Эх сурвалж:www.chinadaily.com


URL: