Ордонд тухалсан Д.Зоригт

2bnpbiu2mh4pub3nep8cnislfeСанхүүгийн зохицуулах хорооны анхны даргаар ажиллаж байгаад 2006 оны зургаадугаар сарын 15-ны өглөө тухайн үеийн “Гэр хорооллын барилгажилт” Хадгаламж зээлийн хоршооны дарга байсан Ц.Түмэнгэрэл гэгчид зэрлэгээр алуулсан Д.Бадраа агсны төрсөн ах Д.Зоригт УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож 2009 оны аравдугаар сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр Монголын улстөрд орж ирсэн түүхтэй. Улаан гэрлээр улстөрд орж ирсэн Д.Зоригт УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж томорсон. Түүгээр ч зогсохгүй Монголчуудыг хоёр үеэр нь ч тэжээх боломжтой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлөн гарын үсэг зурж амжсан. Хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн тэртээ буюу 2009 оны 10 дугаар сарын 07-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй Монголын улстөрчид “Намрын дунд сарын шиний 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн хөөрцөглөж байсан нь одоо нэгэнт түүх болжээ.  Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурж байв.

Нэг УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт сүүлд нь Ерөнхий сайд асан Сү. Батболдтой сүрхий сүжрэх болж Сү.Батболдын “Е март”-ын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа сураг дуулддаг байсан. Харин тэгтэл сүүлийн үед мань эр байсхийгээд л төрийн ордноор сүжрэх болж, ордны хаа нэг буланд тухалсан шигээ сууж харагддаг болов. Өнөөдөр л гэхэд ордны хоёр давхарын хонгилд Монголбанкны нөхдүүдтэй ямархан нэгнийг их л нухацтай ярилцаж суув. Энэ өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд Монголбанкны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа билээ. Харин хэсэгтээ л сураг ажиггүй байсан Д.Зоригт энэ үеэр чухам юу хийж яваа нь мэдэгдээгүй ч лав л зүгээргүй яваа бололтой юм. Аль эсвэл мань эрд Банкны тухай хуулийг ямархан нэгэн байдлаар лоббидох хэрэг зориг байдаг юмсан уу, бүү мэд. Тэгтэл ордны хонгилоор “Д.Зоригт Д.Загджавын оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудалд санаатай гүйгээд яваа нь энэ” гэсэн яриа тарж эхлэв. Тийм ч биз, үгүй ч биз. Ямартай ч Д.Зоригт зүгээр ч үгүй л төрийн ордноор харайлгаж явж таарна. Мань эр чухам ямар төлөвлөгөөтэй яваа бол доо.

Д.Түвшин

24tsag.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 13 January 2018

энэ гөлөг арай орж ирж дахин ард түмэнд гай тарих гээд байна уу, харин үоронд орох ёстой хүний нэг яах аргагүй мөн дөө

Сэтгэгдэл бичих