Аймшгийн парламент өөрсөддөө гурав гурван тэрбумыг авахаар улайрч байна

Дахиад л гишүүдийн тэрбум, тэрбумын хөрөнгө оруулалт. 10 саяас эхэлсэн энэ хөрөнгө оруулалт нэртэй өөрсдийнх халаасны мөнгө 2011 онд нэг тэрбум төгрөг болтлоо өссөн бол ирэх жил гурван тэрбум болох гэнэ.
Монголчуудыг улс тунхагласны баяраа тэмдэглэн архидаж байх хойгуур өнөөх гайхлууд чинь төсвийн хөрөнгө оруулалт нэрээр өөрсөддөө гурав,  гурван тэрбумыг халааслах аргаа бодоод олчихож. Сайндаа ч төсөв танах гээд байсан биш аж. Оройн 20.00 цагаас эхлэн хуралдаж, чоно борооноор гэдэг шиг шөнөөр сэм нийлж, нам хуйвалджээ.
Өчигдөр орой ч тэд мөн цаг сунган хуралдацгааж байсан. Сонгуулийн хуулийг хэлэлцэх байхдаа сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татах гэсэн заалт оруулахаар улайрцгааж байжээ. З.Алтай гишүүний хэлснээр “Аймшгийн парламент” сэтгүүлчдийн амыг хорьж орхиод зөвхөн өөрсдөө сонгогдож, зөвхөн өөрсдөө баяжих гэнэ. Хуцваа…
Хэрэв хүнийг мөнгө нэхэх зорилгоор гүтгэсэн бол эрүүгийн хэрэг үүсгэх, тэгээгүй бол 1,4 сая хүртэл төгрөгөөр торгоно гэж хуулийнхаа төсөлд оруулжээ. Хэн нь хэнийгээ гүтгэдэг билээ дээ. Сонгууль дөхөхөөр хэн хамгийн их матаас тэврэн гүйдэг билээ. Улс төрчид. Хэрэв гүтгэсэн хүн ял авах ёстой бол тойрог тойрогтоо очин нэгнийгээ газар дор ортол нь муулах тэд л өөрсдөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох ёстой.
Өөрсдөө гурван тэрбум төгрөг халаасалчихаад, сэтгүүлчдийг шоронд хийнэ гэх нь арга ч үгүй биз. Айсандаа өмдөндөө шээс алдаж байгаа арчаагүй эрийн зан гаргаж байгаа хударгагүй улс төрчдийг хэн хориглох юм. Сэтгүүлчид л хазаарыг нь татаж чадна.
Барилга, байшин, өрөө, жорлон бүрийн нээлтэн дээр очиж тууз хайчлаад байгаа тэд энийг бид хийсэн гэж ярьдаг. Бидний татварын мөнгийг хэдэн кноп дарахын зуур хамаа замбараагүй үрснээ юм хийсэн гэж ярьдаг тэдэнд дахиад л гурван тэрбум төгрөгийн мэдэл очих нь. Тэгэхээр тэд ажлаа хийхээ больж, зөвхөн нээлт хийсээр байгаад ирэх зургаан сар хүргэнэ гэсэн үг. Ийм төрийн түшээд бидэнд хэрэг байна уу. Хэн авлига, хээл хахууль, шударга бус бүхнийг арилгаж өгөх юм. Малийтал инээсэн тарган цагаан царайгаа сонингийн булан, эфирийн дүрсэнд буулгахын төлөө үхэлдэж буй улс төрчид арай л “манцуйтай тамирчин” нэвтрүүлэгт орохгүй байгаа. Сэтгүүлчид л тэднийг гахай шиг царайг зурагтаар гаргаж, сонинд өөрөөр нь өөрийг нь магтуулдаг.
Гурван тэрбумыг авах зальжин аргыг  Сангийн сайд С.Баярцогт цэвэрхэн аргалжээ.
Тэрээр  Сангийн сайдынхаа хувьд биш УИХ-ын гишүүнийхээ зүгээс Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтад тусгасан 4 тэрбумын 3-ыг хасуулаад 1 тэрбумаар нь Сэлэнгэ аймагт Орон нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж оруулжээ. Ийнхүү гишүүн бүрийн  саналын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгасан мөнгөний зориулалтыг өөрчлөн зүсийг хувиргасан тэрбум тэрбумаар өөрсдийнхөө багцад танасан мөнгөө нэмжээ.
Улсын төсвийн зарлага 1.1 их наяд төгрөгөөр илүүдсэн байсныг МАНАН намын бүлгийн ажлын хэсэг илрүүлэн танана гэсэн ийм заль байсан байна. Талын нэг тарж буй сумдын дарга хоёр давхар контор барьж өгөхийн тулд 150 тэрбум, засаг дарга нарын жийпийг улам сүүлийн үеийн үнэтэй тэрэг болгон солих 50 тэрбумыг хасах нь зөв.
Харин цалин тэтгэвэр нэмнэ гэсэн зардлаа далимдуулаад хасч орхижээ. Бүтэн нэг сараар хойшлуулж, сонгуулийн өмнөхөн буюу дөрөв, тавдугаар сард бүгдийг нь хуу хаман нэмж орхих гэнэ. УИХ-ын гишүүдийн төсөөлснөөр цалин орлогыг нь нэмсэнд  баярласандаа ард түмэн одоогийн гишүүдийг бүгдийг сонгох гэнэ. Харин сонгуулийн маргааш нэмсэн цалин нь үнийн өсөлтөөс ч бага болохыг мэдрэх аж. Үүгээр 139 тэрбумыг хэмнэх юм гэнэ. Сумын төвийн тэртэй тэргүй төсвийн мөнгө идээд баяжчихсан өлөн дарга нар байшин барьж өгөх гэж байсан мөнгөнөөс бага л мөнгө юм, цалингийн нэмэгдэл.
Харин дарга нарын унаа тэрэгний зардал, баяр ёслол, баар сав, сонин захиалга, ширээ сандлын зардлаас огт танаагүй аж. Энэ зардлаас нөгөө хэдэн хурган, ухнан дарга нар нь ч тууж өгнө биз. Үүнийхээ шанд өөрсдийг нь УИХ-ын гишүүн болгохын төлөө унаа машин, авгай хүүхэн хамаг байдгаа бариад гүйнэ.
Хүн бүрийн дөрвөн жил нэхсэн зүйл бол алдарт 1,5 сая төгрөг. Энэ мөнгийг өгөхөөс нь өмнө юмны үнэ тэнгэр хадсан. Байр сууц авлаа гэхэд 1,5 сая байтугай нэмж орхисон. Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр болсон энэ мөнгийг орон сууц олгох, Эрүүл мэндийн даатгалын төлбөр зэрэгт олгохоо больжээ. Харин жирийн иргэдэд  сая төгрөгтэй дүйхэцүйц хувьцаа л авах сонголт үлджээ. Засгийн газар нь зөв ажиллаад хувьцаа нь мөнгө болдог бол боддог л бодол. Харин 1,5 саяын үнэтэй хувьцаа нь жорлонгийн цаас болох магадлал манай загийн газрын ажил хэргээс харахад харагдаад л байгаа юм. Гэхдээ муу амлаад яахав 1,5 сая нь 1,5 тэрбум болог ээ.
Уг нь дахиад бууруулж болох өч төчнөөн үрэлгэн зардал, аймаг дүүрэг, сумын дарга нарын орон нутгийн сонгуульдаа бэлдэх хөрөнгийг төсвөөс бэлдчих хэмжээний их мөнгө бий. Тэгээд дээрээс нь нэмээд өөрсөддөө зориулсан гурван тэрбумаа хасчихвал өнөөх нефть боловсруулах үйлдвэр, зэсийн баяжмалын үйлдвэрээ шийдчихэж болно. Гэвч УИх-ын гишүүд хэзээ ч ийм үр ашигтай шийдвэр гаргахгүй. Тэдний хувьд иргэд нь үргэлж ядуу байвал сайхааан гэж.

Б.Жонон mass

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих