Зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг

batbayarТөрд түмнээ төлөөлж байгаа түшээдийн үг, үйлдэл бүр шүүмжлэлд өртөөд хэрэг алга. Хууль батлахаар ярихдаа биднээсээ дор сэтгэж, гаргасан тушаал захирамждаа дунд сургуулийн ч боловсролгүйгээ гайхуулаад л…

Энэ ч яах вэ. Хүн л юм хойно алдаж, гэнэдээ л биз гээд өнгөрөхсөн. Гэвч ордноос гадуурх үйлдэл нь жигшил, зэвүүлэх хүргэсэн нөхөд олон болсон байна. Нэгэн цагт Хууль зүйн сайд насан хүрээгүй хүүхэдтэй нэр холбогдож, нэлээд шуугиан тарьж байв. Гэвч охин л буруудсан. Харин сайд нэр цэвэр  үлдснийг бид саяхныг хүртэл ярьж, бичиж байлаа.

Тэгвэл яг ийм асуудалд УИХ-ын гишүүн Д.Мурат холбогдоод явж байна. Түүнийг Б гэх бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх зураг, ярилцлагуудыг хэвлэлээс олж үзэж, уншиж болно. Гэвч ийм үйлдэл гаргасан эсэхийг шүүх л эцсийн байдлаар тогтоох учиртай. Түүнээс өмнө хэн ч Д.Муратыг, эсвэл Б-г яллах үндэслэлгүй.

Гэтэл Д.Муратыг буруутгаж, хэвлэлд ярилцлага өгөөд яваа нэг хүн байна. Тэр бол өмгөөлөгч Г.Батбаяр. Одоогоор хохирогч Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Өмгөөлөгч Г.Батбаярыг олны анхаарал татсан хэрэг бүрт оролцож явдгийг бүгд мэддэг болжээ. Гэхдээ энд  нэг анхаарал татаад байгаа нь тэрээр хүчингийн хэрэгтэй холбоотой асуудалд өмгөөлөл хийх сонирхолтой юм шиг. “Очир төв” гэх буудалд амь насаа алдсан 13 настай охины хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа дуулдсан. Энэ хэрэг нийгэмд “хүчингийн хэрэг” гэдгээр танигдаад байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир үүнээс цааш ярьж, бичих нь учир дутагдалтай юм.

Тэгвэл нийтлэлийн эхэнд дурдсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болоод Г.Сарангэрэл охины хэргийг эргэн санацгаая. Г.Сарангэрэл охин найзуудын хамт автомашинд хар тамхи хэрэглэж байгаад хуулийнханд баригдсан. Үүний дараа Х.Тэмүүжин сайдтай амрагийн холбоотой байсан гэдгээ өөрөө мэдэгдсэн байдаг. Энэ үед түүний өмгөөлөгч нэрээр Г.Батбаяр олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Хэрвээ та энэ хэргийн үйл явцыг санаж байгаа бол Г.Сарангэрэл буруудаж, ялтан болсон. Харин Х.Тэмүүжин гүтгүүлсэн нэгэн болоод өнгөрсөн байдаг. Уг нь өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээ хамгаалах учиртай баймаар. Гэтэл үйлчлүүлэгч нь ял үүрэв. Эндээс л Г.Батбаяр үйлчлүүлэгчийнхээ талд бус эсрэг талд ажилласан уу гэж харагддаг. Үүний дараа Хууль зүйн сайд дээр ажиллагаа явуулсан цагдаагийн хурандаа нартай холбоотой зарим телефон ярианы бичлэг олон нийтэд цацагдсанаас үзэхэд Г.Батбаяр яалтчгүй Х.Тэмүүжингийн талд ажиллажээ гэж харагдахаар байгаа юм. Тэр үеийн мэдээллүүд энэ хардлагыг баталдаг.

Тэгвэл одоо Г.Батбаяр Б гэх бүсгүйг өмгөөлж, УИХ-ын гишүүн Д.Муратад ял тулгаж сууна. Тухайлбал, “УИХ-ын гишүүн Д.Мурат Б-г олон удаа зодож гэмтээсэн, нүцгэн зургаа явуулсан, энэ үйлдэл нь нотлох баримттай, тогтоогдсон. Тиймээс хуулийн тийм зүйл заалтаар зүйлчилнэ” гэгчлэнгээр мэдэгдэл хийгээд явна.

Гэвч Г.Батбаяр яг Б-г өмгөөлж байгаа юу? Хоёр талд ажиллаж байгаад ашигтайг нь сонгочих вий дээ. Өмнө нь ийм зүйл болж байсан болохоор хохирогч гэгдэх Б  тун удахгүй гэмтэн болоод, ял аваад явчих вий дээ гэх хардлага төрөөд байгаа юм. Одоо Г.Батбаяр Б болон Д.Мурат нарын талаар бүгдийг ярьж байна. Б-г л хохирогч гэж мэдэгдсээр байна. Гэвч Г.Сарангэрэл ч бас хохирогч байсныг, зарим хүмүүс дарамталж байгаад худлаа яриулсныг “загнаж” байгаад л хэлүүлдэг өмгөөлөгч гэдгийг Үндэсний олон нийтийн радио телевизийн хэвлэлийн хурлын танхимд болсон үйл явдал нотолж байгаа. Гэвч хохирогч, дарамтлуулагч Г.Сарангэрэл буруутан болж, хоригдсон. Ял эдэлж гарч ирээд бүгдийн нүднээс нуугдаж амьдарч байгаа. Уг нь энэ охин олон зүйлийн гэрч юм. Тэрээр зүгээр л тухайн цаг үеийнхээ золиос болчихсон. Ямар их дарамт, шахалт байсан болоод сайдын амраг, хар тамхичин, биеэ үнэлэгч гээд насандаа ахдам хамаг муу муухайг нуруундаа үүрсэн бол?

Одоо УИХ-ын гишүүн Д.Мурат болон Б нарын дунд үүссэн харилцаанаас бас л ийм ирээдүй харагдаад байх юм. Тэр тусмаа өмнө нь энэ төрлийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж, үйлчлүүлэгчдээ ял өгөөд явуулсан Г.Батбаяр ажиллаж байгаа болохоор өөрийн эрхгүй ийм хардлага төрж байна.

Тэгээд ч зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг гэгчээр. Өмгөөлөгч гэх энэ хүн бусдын зовлон, бэрхшээл дээр тулгуурлан өөрийн эд хөрөнгө болоод нэр хүндийг нэмэгдүүлэх юм. Хөрөнгөжиж байгаад нь ч олон гарч буй хүчингийн хэргүүд тус дэм болдог байж магадгүй л юм.  Хэн мэдлээ. Эсвэл гадаадын компаниудад үйлчлээд тэрбумтан болсон юм уу? Өөрөө л тэрбум төгрөгийн орлоготой гэдгээ олон нийтэд зарласан. Тэгэхээр хүчинд автсан бүсгүйчүүд ийм төлбөр төлөх үү, эсвэл улс төрийн нэр хүндээ хамгаалж үлдэхийг хүссэн хүмүүс энэ хэмжээний төлбөр төлөх үү? гэдгийг бодох л хэрэгтэй юм шиг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.