Шатахууны түрэмгийллийг зогсоох хүч У.Хүрэлсүхэд байна уу

Шатахууны үнийн өсөлт нийгмийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулдаг. Яг энэ өдрүүдэд ийм л үйл явдал өрнөж байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зарим нэр төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 100-250 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар ам нээж, мөн санасан бодсон зорилгынхоо нэг хэсэгт хүрээд байгаа билээ.

 17241

Шатахууны үнийг зохицуулах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хувийн хэвшил болон төрийн байр суурийг нэгтгэж тодорхой зөвшилцөлд хүрч чадсан тухай хэвлэлээр гарч байв. Гэвч бодит байдал дээр шатахуун хайсан, шатахуун зарахгүй байна гэх иргэдийн гомдол хөвөрсөөр л байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд уг нь төрийн өмнө хүлээсэн үүрэг, бас эдэлж байгаа эрх ямба гэгч зүйл бий. Үүнийхээ хүрээнд амласан бол амласан, ажил хэрэг болгох үүргээ умартаж болохгүй. Гэтэл шатахуун хайсан, шатахуун авах гэсэн иргэд Улаанбаатар хотыг бараг л бүхэлд нь тойрч байх шиг байна.

Шатахууны үнийг нэмэх том үндэслэл нь Олон Улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохын тулд гаднынхны өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг буюу долоон төрлийн татвар нэмэх шийдвэр юм. Энэхүү шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Улсын Их хурал хуулинд өөрчлөлт оруулан баталсан билээ. Уг долоон төрлийн татварын нэг нь Импортын шатахууны онцгой албан татварыг  хоёр шатлалтай нэмэх шийдвэр байсан юм. Энэ хүрээнд 2017 оны долдугаар сарын 31 болон 2017 оны  арваннэгдүгээр сарын 30-нд нэмэгдүүлээд байна. Энэхүү нэмэгдлийн дараагаар 90 хүртэл октантай шатахууны онцгой албан татвар нэг тонн тутамд 190,000 төгрөг, 90 болон түүнээс дээш октантай шатахууны онцгой албан татвар 210,000 төгрөг. Дизель түлшний онцгой албан татвар 280,000 төгрөг болж нэмэгдээд байна. Энэхүү нэмэгдэл нь шатахууны литр тутмын үнийг 100-250 төгрөгөөр нэмэх үндэслэл болсон хэмээн шатахуун импортлогч нар тайлбарлаж байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэг хэсэг хямд, бас тогтвортой байсан. Гэвч өнгөрсөн зунаас эхлэн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай болж, өнөөдрийн байдлаар 30 орчим хувиар нэмэгдээд байна. Нэг баррель нефтийн үнэ 70 ам доллар болжээ. Гэхдээ Монголд борлуулагдаж байгаа шатахууны үнийн хувьд дэлхийн зэх зээлтэй төдийлөн уялдаж чаддаггүй. Учир нь ОХУ-ын Роснефть компаниас шатахуун импортлогч нар авч байгаа учир тэд үнээ нэмэх, бууруулах нь манайд хамаатай байдаг.

Шатахуун импортлогч 80 гаруй аж ахуйн нэгж байдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэв. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэггүй. Харин төрд шахаа хийдэг томчуудын бизнесийн нууц бүлгэм байх талтай. Харин хэрэглэгчдэд шатахуун хүргэдэг гол аж ахуйн нэгжүүд нь Петровис, Шунхлай, Магнай трейд, Тэс петролеум, Сод Монгол зэрэг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь жижиглэнгээр худалдаалж байгаа шатахуун түгээгүүрийн колонгийн 70 гаруй хувийг эзэлж байна. Жижиглэнгээр зарахын зэрэгцээ төрд шахаа хийдэг том аж ахуйн нэгжүүдэд  яах аргагүй тэд бас л орно.

Энэ дуулиантай зэрэгцэн яригдаж эхэлсэн нэг асуудал нь нефтийн үйлдвэр. Нефтийн үйлдвэрийг барих талаарх яриа сүүлийн дөрвөн Засгийн газарт хөндөгдсөн. Гэвч ажил хэрэг болж, шийдэгдэх шатандаа шилжсэн нэг ч төсөл алга. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд энэхүү үйлдвэрийн талаарх яриаг мөн л гаргаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Нефтийн үйлдвэрийг барих ажлыг энэ хавраас эхлүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Монгол Улс нь БНЭУ-аас 1 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл авах тохиролцоотой. Энэхүү мөнгийг нефтийн үйлдвэр барихад зарцуулахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдсэн. Энэ тухайгаа ч БНЭУ-ын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн билээ.

        Нефтийн үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар Засгийн газар төлөвлөөд байгаа гэнэ. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрээс Дорноговь аймгийн Сайншанд хүртэл хоолой татаж, түүхий нефтийг үйлдвэрт нийлүүлнэ хэмээн мэдэгдээд байна.  Дорнодоос Сайншанд хүртэл нефть дамжуулах хоолойг 264 сая ам доллараар байгуулах юм. Харин нефть боловсруулах үйлдвэрийг 600 гаруй сая ам доллараар барьж байгуулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаад байна. Энэхүү үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож дууссан тухай мэдээ дуулдаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд 1,2 тэрбум ам долларын борлуулалт хийж, жилдээ 43 сая ам долларын цэвэр ашигтай ажиллана гэнэ. Ингэсэн нөхцөлд 8-10 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой. Уг үйлдвэр нь ашиглалтад орсноор Евро 4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий,1,5 тонн түүхий нефь боловсруулж үйлдвэрлэх юм байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны импорт 1 тэрбум ам доллараар буурах боломжтой гэж үзжээ. Энэ нь ам долларын ханшыг 18-25 хувиар бууруулах бодит тооцоо гэж зарим эдийн засагчид үзэж байна.

Хэрэв У.Хүрэлсүх энэхүү амлалтдаа хүрч, нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан нөхцөлд түүний Засгийн газар түүхэнд том үсгээр тод тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй юм. Гэхдээ тэр бүтэлгүйтвэл түүний Засгийн газар унах эрсдэл ч бас дагаж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахгүй байх сонирхол дотоод, гадаад орчинд байгаа. Манайд шатахуун нийлүүлж, Монголын улс төр, эдийн засагт нөлөө үзүүлдэг ОХУ-ын хувьд Монгол Улсыг шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхэд таатай хандахгүй. Харин ч эсрэг пиар явуулж, аль болох унагаах гэж оролдоно. Ингэж ч ирсэн. БНХАУ-ын хувьд ч гэсэн түүхий нефтийг Монголоос хямд авах нь тус улсад ашигтай байгаа. Иймээс энэхүү сонирхол нь нөлөөлөх нь гарцаагүй. Одоогийн байдлаар жилдээ нэг сая тонн түүхий нефтийг Монгол Улсаас БНХАУ руу зөөвөрлөж байна. Үүн дээр нэмээд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд. Тэдний хувьд дотоодод шатахууны үйлдвэр байгуулагдах нь ашиггүй. Тэд төрийг дарамталж, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлдэг нөхцөл байдал нь алга болно. Иймээс л энэ олон хүч, энэ олон газрын шахалт дарамт, дайралтыг давж байж гэмээнэ Нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах боломжийг Засгийн газар өөртөө бүрдүүлнэ. У.Хүрэлсүхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Ерөнхий сайд байх эсэх нь үүнээс хамаарна.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/159102.shtml


URL:

Сэтгэгдэл бичих