ОУВС: 2018 онд дэлхийн эдийн засаг 3,9 хувиар өснө

220908-23012018-1516678913-960824209-7“Дэлхийн эдийн засаг энэ онд сүүлийн долоон жилийн хамгийн өндөр хурдаар тэлнэ” гэдгийг Олон Улсын Валютын Сан онцоллоо. Хэдий тийм боловч цаашид тулгарч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэхийг Төр, Засгийн тэргүүн, бодлого тодорхойлогчдод анхааруулсан байна. Олон Улсын Валютын Сан өнгөрсөн оны аравдугаар сард танилцуулсан энэ оны болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө тус бүр 0.2 хувиар өсгөжээ. Ингэснээр 2011 онд санхүүгийн хямралаас гарснаас хойш дэлхийн эдийн засаг хамгийн өндөр хурдаар буюу 3.9 хувиар өснө гэж тооцоолжээ.

“Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь бодлогоо шинэчлэх боломжийг дэлхийн удирдагчдад олгож байна” гэж Олон Улсын Валютын Сангийн Тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Кристин Лагард “Дэлхийн эдийн засаг 2016 оноос хойш өссөөр байгаа. Энэ дүр зураг ойрын хоёр жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Энэ бол мэдээж хэрэг таатай мэдээ. Гэхдээ ирээдүйд хэт итгэлтэй, бардам байх нь бидний өмнө тулгарч болох эрсдэлүүдийн нэг гэдгийг ухамсарлах ёстой. Учир нь бидний өмнө тодорхойгүй нөхцөл байдлууд олон байна. Урт хугацааны турш бодлогын хүү доогуур түвшинд хадгалагдаж байгаа нь санхүүгийн салбарт эрсдэл үүсгэж байна.

Үүний зэрэгцээ олон оронд зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаагаас бид сэрэмжлэх ёстой. Тиймээс бодлого тодорхойлогчид бүтцийн болон төсвийн шинэчлэл хийхэд саад учруулж буй нөхцөл байдлыг эерэгээр ашиглах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хадгалах, хэтэрхий өндөр байгаа өрийг бууруулах чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай юм. Мөн дэд бүтэц, үр дүнтэй зарцуулалт хийх замаар хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах нь хамгийн чухал зүйл болоод байна” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын татварын шинэчлэлийн нөлөөгөөр дэлхийд тэргүүлэх эдийн засагтай тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.7 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

АНУ-ын татварын шинэчлэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тус байгууллага үзсэн байна. Харин БНХАУ-ын эдийн засаг нь энэ онд 6.6 хувиар, ирэх онд 6.4 хувиар тэлнэ гэж Олон Улсын Валютын Сан таамаглажээ. Үүнээс гадна Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 2.2 хувиар, Япон улсын эдийн засаг 1.2 хувиар өсөх төлөвтэй байна. Харин хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.3 хувьд хүрэх бол хөгжиж буй зах зээлтэй орнуудынх 4.9 хувьд хүрнэ гэж Олон Улсын Валютын Сан үзжээ.

Б.Ариунболд

BloombergTV.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.