Монголоо бараадсан монгол бөхөн

17276

Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа.  Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг. Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ ханхлуулан нутагтаа идээшилж явна.
Монгол бөхөн  жил бүр үржилд ордог  ч  тэр  бүр  хээлтэх нь  үгүй, ер нь үржил муутай амьтан. Эрийг хэржин, эмийг нь хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг. 1.5-2.5 настайдаа үржилд ордог. Хэрэгчин заримдаа ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлдэг. Турь муутай энэ амьтны хувьд төл цөөтэй байх нь амьдрахын төлөөх хатуу тэмцэлд нь нэмэртэй ч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн  хувьд  олуулаа байх  нь  маш чухал гэж судлаачид онцолдог.  Ихэнх    амьтан зун,   намар,   хаврын   урин   дулаан цагт  үржилд  ордог байхад  хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард  ороогоо  тайлна.
Хээлтэй  үлдэж чадсан  хэрэгчин  5-6 сар үр  төлөө хэвлийдээ  тээгээд  янзагаа  төрүүлнэ. Янзага мэндлэх  гэж  эхийгээ  тэгтэл зовоохгүй. Харин эх нь төрүүлэхээсээ илүүтэй  төрсний  дараахыг  “бодож”, тооцоолж   зовно.   Нялх   биетэй   эх, янзага    хоёрт    дайсан    мундахгүй. Үнэг, хярс,  чононоос эхлээд  махчин  шувууд  хүртэл  янзага  төрөх мөчийг   бөхөнгийн   ижил   сүрэгтэй хамт  хүлээнэ.
Бөхөнгийн  сүрэг  бүл нэмэх  гэж  хүлээнэ. Махчид ч ходоодоо    баярлуулах    гэж    отдог. Сүргээрээ манаж, эх  нь   нуугдаж төрөөд  ч   нэмэргүй   алдчих   тохиол байхад  сүүдэртэйхэн  газар  бараадаж төрөөд эсэн  мэнд торниулах нь бас  бий. Ертөнцийн жам юм даа. Гөрөөсний янзагыг бодвол тамир    тэнхээ муутай  ч  дэлхийд ховордсон бүлийн  тоог нэгээр нэмж байгаагаараа   нэр  төртэй  янзага тун удалгүй  биеэ  даачихна. Хөхөлтийн  ая  даахгүй мөөмөө бусад   сүүн   тэжээлтний   үр   зулзага шиг  тэгтэл  үлгэж  зовоохгүй.
Эх  нь  ч эрхлүүлж, наалдаад байхгүй. Янзагаа бутны  ард,  хонхор   гүдгэр   газарт хэвтүүлж   нуугаад  бэлчээрт  гарна. Гэвч  зарим  янзага  ээжийнхээ  үгэнд орж  дуулгавартай   хэвтэхгүй, дагаж дэнчигнэх  нь  бий.  Ийм  тохиолдолд ээж  нь  тийрэх,  эсвэл  газар  цавчихад нам хэвтэнэ. Янзага мэдээж ээжийнхээ араас хэд харайх  боловч удалгүй ээжээсээ хоцорно.Тэгээд хоцорсноо  мэдэхээрээ  нугдайтал хэвтчихнэ.
Дагаж гүйсэн янзагаа эх нь алсханаас хараад зогсоно. Өөрийг нь явсан гэж бодоод хэвтээд өгөхөөр нь тайвширч, идээшилнэ. Үрээсээ зугтан байж  ирсэн  хэрнээ  идэж  шалихгүй. Тэр  хэрээрээ  байгаль,  дэлхийд  ч  хор хөнөөл бага. Таана, хөмүүлхэн зулгааж харагдана.  Тэр  нь  үлдэж  хоцорсон янзаганд нь юугаар ч орлуулахгүй шим тэжээл болно.
Нам   гүмхэн, тайван   гэгч   нь   идээшилж   зогссон бөхөнгийн  сүрэг  дундаас  аль  нэг  нь юу  болов  гэмээр  давхиад  явчихвал гайхах   хэрэггүй.   Бургасны   мөчир шиг  турь  муутай  хөлтэйгээ  мэдэхгүй хурд  мэдэн  хатирах  нь  тэдний  зан. Зан гэхээсээ илүү тэд маш үргэмтгий, сонор. Бусдаасаа  түрүүлж  ямар  нэг дуу  чимээ  сонсвол хатирч өгнө.   Хэржин түрүүнд нь л харагдана. Туурайтны багийн амьтан гэсэн  шиг  таваргаж  гарна.  Бүр 70-90 км/цаг  хурдтай  давхидаг ч гэдэг. Гөрөөсийг   бодвол   царай муутай, бөгтөр ч хөлний шандсаараа бол тэднээс дутаад байхааргүй. Ганц нэгээрээ үргэж цахилсан бөхөнг өмнө нь харж байгаагүй хүн говь талд нарийн тоос яваад байна гэж гайхаж харахаар.
Аюул занал үнэхээр тулаагүй л бол янзагаа орхисон хэрэгчин тэгтлээ зугтахгүй. Хэсэг давхиад эргэнэ. Амьсгаа дарангаа орчноо ажна. Аюул үгүй бол  буцаад  шогшчихно.  Хэн  нэг  нь үлдэхийг сүрэг андахгүй. Учиргүй зугтаж,  үргэж  давхиж  байсан  амьтад эргээд   нам жим болно. Янзагаа эргэсэн хэрэгчингээ бараадацгаана. Хань болж  байгаа  нь тэр. Ахиад ямар нэг чимээ гарвал бултаараа буцаад үргэчихнэ.
Урин дулаан цаг  бөхөнгийн  хувьд  аюул  ихтэй  ч амьдрахад   таатай,   амар   амгалан өдөр  хоногууд.  Хүйтний  улирал  бол тэдний    ихэнхийг    ертөнцөөс    авч одох   хяслант   сар,   өдрүүд.   Юуны тулд  хахир  хүйтэн  хэчнээн  өвлийг шазуур  зуун  эдүгээг  хүрснийг  нь  хэн ч   мэдэхгүй.  Ингэж хэлсний   учир нь, хөхтөн   амьтад   дундаас   гарал үүслээрээ  хамгийн  балар  эртнийхэд тооцогддог  энэ  амьтны  тоо  толгой өвлийн  улиралд  эрс  цөөрдөг  байна. Учир нь, бөхөнгийн шилбэ шандастай ч  гэлээ хүйтэнд  тэсвэргүй. Бөхөнгийн эгэл амьдрал нэг иймэрхүү.
2001 оны  зуднаар  монгол  бөхөн олноороо хорогдож  700 орчим болтлоо тоо  толгой  нь  цөөрч  байсан. Харин сүүлийн  жилүүдэд  өсч  үржин 11 мянгад хүрээд байсан ч халдварт  өвчний  улмаас одоо таван мянга хүрэхтэй үгүйтэй болтлоо хорогдоод байгаа юм. Энэ бол  Монгол  Улс  бөхөнтэй  гэж сэтгэл тайван хэлэх  тоо  биш. Нэг  өвөл  бүгдээрээ “яваад   өгчихөж” мэдэх эрсдэлтэй, маш эмзэг амьтан билээ.
Монгол бөхөнгийн зовлон үүгээр дуусахгүй. Хулгайн анчид агнах гэж зовооно. Ижил сүргээ цусанд будагдсан байхыг харах энүүхэнд. Монгол Улс амьтны эд эрхтэн ашигладаг дорнын анагаах ухаан хүчтэй хөгжсөн Хятад улстай хөрш оршдог. Тэнд эрэлт байнга нэмэгдэж байдаг, тэр хэрээр Монголын маань ховор амьтад “цаазлуулж” байдгийн нэг нь монгол бөхөн. Монголчууд гадныхныг бодвол хувийн өмчинд их дуртай. Тодорхой хэлбэл, өмчлөх сонирхолтой. Минийх л гээд ойлгочихвол элгэндээ тэврээд хэвтчихнэ. Минийх биш гээд л бодчихвол эргэн тойронд болж байгаа юуг ч тоодоггүй нь харамсалтай.
Ялангуяа энэ байдал зарим малчнаас тод харагддаг. Тэд үнэгүй бэлчээр ашиглаж хувийн малаа өсгөж байгаа мөртлөө маргаашийн талаар бодохыг хүсдэггүй. Тодруулбал, бэлчээр нутгаа хайрлах, гамнах, зохистой ашиглах талаар юу ч хийдэггүй. Өвсний гарц муудвал орхиж нүүгээд өөр газарт оччихно. Ингээд зогсохгүй, зэрлэг амьтдаас бэлчээр өвс харамлаж булаалдана. Бас бөхөнг бэлчээр талхалдаг гэж буруутгана. Эдүгээ бөхөнгийн байршил нутагт мал хэдэн зуун мянгаараа бий. Гэтэл бөхөн таван мянгаас хэтрэхгүй. Ердөө л таван мянгат малчны малын тоотой тэнцэх цөөхөн. Ийм байхад бөхөн бэлчээр талхалдаг гэдэг яриа өөрөө утгагүй болж байна. Хөөрхий бөхөн ямар хүний хэлээр” би тэгдэггүй” гэж хэлэх биш дээ. Уг нь малынхаа тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж өсгөвөл бүгдэд л хэрэгтэй баймаар. Бэлчээртэй байвал мал ч таргална, малчны ашиг орлого ч нэмэгдэнэ, зэрлэг амьтад ч тааваараа бэлчих боломжтой билээ.

Эх сурвалж: http://mongolia.panda.org/?uNewsID=321350


URL:

Сэтгэгдэл бичих