Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!

978c4e975bed6c0c4c16f08f040128ca2017 оны хаврын чуулган нийт 25 удаа хуралдахад 21 удаагийн хуралдаанд нь суугаагүй Б.Наранхүү гишүүнийг цаашид хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр хүлээн зөвшөөрөх шаардлага байна уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогчдын саналаар гарч ирчихээд, хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ умартан, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг, иргэдийн сонголтыг доромжилж байгаа ийм хүнийг улстөрөөс үдэж явуулах эрхийг иргэд хуулийн хүрээнд эдлэх ёстой болов уу.

Тэрбээр чуулганы хуралдааныг 15 удаа тасласны дээр гадаадад, чөлөөтэй байсан зэрэг нь нийлээд нийт 21 удаагийн хуралд ирээгүй, хууль хэлэлцэх, батлах явцад саналаа өгөөгүй байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд,  хуульч Д.Миеэгомбо Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт хүсэлт гаргаад буй.

Хүсэлтдээ “Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,

1.УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.

2. Мөн, Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө, Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.

Хэрэв зээ, Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: “Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг.

Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан “Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах…” гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан “Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье” гэсэн байгаа юм.

shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих