НИТХ-ын тэргүүлэгчид 2017 онд 80 хувийн дундаж ирцтэй 21 удаа хуралджээ

15169480145a6aca2e0561fНИТХ –ын 13 дугаар ээлжит хуралдааны эхэнд НИТХ-ын Тэтргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын  албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба 2017 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тайланг танилцууллаа.  Тэрээр НИТХ-ын Тэргүүлэгчид  өнгөрсөн онд  21 удаа хуралдахдаа 138 асуудал хэлэлцэн, 172 тогтоол баталж, давхардсан тоогоор 8 асуудлыг нэмэлт материал бүрдүүлэх, боловсруулалтын чанар муу зэрэг шалтгаанаар буцаасан гэлээ. 2017 онд хэлэлцсэн асуудлуудыг ангилж дурдвал :

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЧИГЛЭЛЭЭР

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн нийт 90.8 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, ус түгээх байр, гүний худаг, дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авчээ. Мөн 11,3 тэрбум төгрөгийн граж, агуулахын барилга, тоног төхөөрөмж актлаж, өмчийн бүртгэлээс хасах, 1,47 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөл, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT төслийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дүрэм,  Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журам, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компанийн 2016 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас 2017 оны төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тус тус батлах зэргээр орон нутгийн өмч хамгаалах үр ашигтай ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх болов.

ДЭД ХӨТӨЛБӨРҮҮД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 11 дэд хөтөлбөрийг хурлаар хэлэлцэн баталжээ.

Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог дэмжих зорилготой “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөр

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр
  • Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах” дэд хөтөлбөр
  • Эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, өв уламжлалаа дээдэлсэн, бүтээлч иргэн төлөвшүүлэх зорилгоор “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр
  • “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр
  • Боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Нэг өрх – Нэг ажлын байр” дэд хөтөлбөр
  • Нийслэлийн гудамж, талбай, байр, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Телекамер”, ”Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Эргүүл” дэд хөтөлбөрүүдийг тус тус хэлэлцэн баталсан байна.

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТАЛААР :

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмын дагуу 8 байгууллагад ой тэмдэглэх зөвшөөрөл олгосон.

Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн аврах гал унтраах 63 дугаар ангийн хашаанд онцгой байдлын газрын ажилчдын орон сууц барих асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулсан 23 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  баталж ойрын болон дунд хугацаанд хотын хөгжлийн үзэл баримтлал ажил хэрэг болох хууль эрх зүйн орчин бүрдүүлж байна.

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт  ТҮЦ  буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам, Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, нохой, муурны худалдаа, аж ахуйн эрхлэх журам, Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг  тус тус шинэчлэн баталсан байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР

Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм, журамтай холбоотой асуудал, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг урьдчилан хэлэлцэж хуралдаан хэлэлцүүлжээ.

БУСАД АСУУДЛААР

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Шашны байгууллагад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцаж 139 байгууллагын хүсэлтийг шийдвэрлэв. Мөн 2339 иргэнийг төрийн цол хүртээх, одон медалиар шагнуулахаар, 161 эхийг  “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 2967 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилжээ.

 “Монголын спорт өрөлтийн холбоо” ТББ-аас нийслэлийн зарим цэцэрлэгүүдэд Спорт өрөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж тогтоол баталсан. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын хойд талд байрлах 2.2 га газарт “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тогтоол гаргасан.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих