ОЧИРБАТЫН ДАШБАЛБАРЫН ЯРУУ НАЙРГИЙН “ТОЙРОГ ЗАМ”

17634754_1178913342217138_195194781029884911_nХэл ам хэрүүл шуугианд дуртай, хэн юу гэж ч “мөөрөх” надад хамаагүй. Би хийдгээ хийнэ. Хэнээр ч заалгаагүй, алсдаа ч заалгахгүй. “Очирбатын Дашбалбар” нэртэй ном хэвлүүлж байна. Хүнээс хуулаагүй, хэнээс ч гуйгаагүй. О.Дашбалбар гэдэг хүний тухай эхний болоод эцсийн ном. Дахиж юу ч бичихгүй гэдгээ нэг бус удаа хэлсэн. Зарим хүний мунхаг явдлыг хараад хүсэл байвч дур гутаад байх боллоо. Ивээн тэтгэж хэвлүүлсэн Дашбалбарын Индраад талархлаа.
Энэ бичвэрээ Дашбалбарын Индрад зориулж байна. Цахлайс хичнээн хашгиравч далай тэднийг үл тоодог юм.
ОЧИРБАТЫН ДАШБАЛБАРЫН ЯРУУ НАЙРГИЙН “ТОЙРОГ ЗАМ”
/шинжлэлт эсээ/
НЭГ.
Тойрог зам гэдэг зөвхөн сансарын ойлголт биш. Хүн ч ялгаагүй тийм “тойрог” замын эрхээр амьдарч, амьсгалж, бүтээж, бас үгүйсгэгдэж тодорхой цаг хугацааг энэ “орон зайд” туулдаг. Юмс хийгээд түүнээс шалтгаалсан үзэгдэл ч ялгаагүй. Шүтэн барилдах хийгээд үүдэн гарахын шалтгаан ч ялгаагүй. Яруу найрагт тэр л чанар “тойрог зам” мэт эргэлдэж, эвсэн нэгдэж, нэг л “найрсал” бүтээж байдаг. Тийм чанарыг Очирбатын Дашбалбарын яруу найргийн “тойрог зам”- аас тодорхой харж болно. “Хайр сэтгэл” түүний яруу найргийн гол тойрог замын эхлэл байсан юм.
Зургаан сарын цэцгийг таалсан
Зуны шөнийн одод нуугдана
Зуун жил чамаас хагалцалгүй
Зөөлөн бороонд зогсмоор байна /Бороотой үдшийн дуу/ гэх дэндүү ариун хүсэл, цаг хугацааны “зуун жил” хэмээх ойлголт түүний яруу найргийн нэгэн үеийг бүхэлд нь тодорхойлж байна. Магадгүй энэ нэгдүгээр замнал зөвхөн түүнд бус ертөнцийн бүх л яруу найрагчдад хамаатай байж болох юм. Яруу найргийн эхлэл “цэг” нь “хайр сэтгэл”-тэй гарцаагүй нягт холбоотой байдаг тогтсон таалал бий. Гоо сайханд бүрэн автах, үзэсгэлэнтэй сайхныг танин мэдэх явц нь хүний сэтгэлийн дотоод нууцыг илрүүлдэг гол “хүчин зүйл” гэдгийг онолын түвшинд хэдийнээ баталсан учраас л ямар ч эргэлзээгүйгээр бид яруу найрагчийн “тойрог зам”-ын эхний хүрд гэж үзсэн болно.
Бүтээгч чанараараа монгол яруу найргийн уламжлал, Б.Явуухулангийн үеийн яруу найрагчдаас тойрон ирсэн сэтгэлгээний залгамж анзаарагдана. Нөгөө талдаа Орос хэлт уран зохиолын Зөвлөлтийн үеийн яруу найрагчдын хүчтэй нөлөө байсныг ч үгүйсгэхгүй. “Оддын аялгуу” түүврийн шүлгүүдийн “романтик” өнгө аяс бүхэлдээ О.Дашбалбарын яруу найргийн давтагдашгүй төрх болж тогтсон билээ. Зөвхөн хайраас үүдэлтэй сэтгэлзүйн олон талстлаг хандлага хожим ч түүний яруу найргийн “тойрог зам” дотор бүрэлдэн тогтохдоо “ЭХ ОРОН” хэмээх шинэ уур амьсгалыг бүрэлдүүлж чадсан гэдгийг “Гол ус намуухан урсана” түүвэр харуулав. “Гэрэлт хайр” түүврээр улам “биелэсэн” О.Дашбалбарын ” тойрог зам” тэр үеэс сансарын болоод цаг хугацааны, магадгүй оюун санааны хүчтэй “хурд” үүсгэв.
Бий болохын тулд бүх юм алга болдог орчлонд
Бид чимээгүйхэн аж төрж байна…
Сүүмэлзэх одод харанхуйд уйтгарлан
Сүүлчийн агшнаа хүлээж он жилийг үдсээр… хэмээх нэргүй шүлгийн мөрүүд шиг түүний яруу найргийн “тойрог зам” бидэнд “алга болдог орчлон” хийгээд “сүүлчийн агшнаа хүлээх” яруу сайхны талаар ойлгуулахыг олонтоо эрмэлзсэн сэтгэлээр дүүрэн байдаг. Зуурдын юм бүхний цаана орших үүрдийн зүйлс, түүний мөн чанар яруу найрагчийн сэтгэлгээний “тэлэлт” болж, ”бий болохын тулд алга болох” жамыг эрэлхийлж эхэлсэн байна.
Эндээс л огт өөр О.Дашбалбарын тухай ярьж эхэлнэ.

ХОЁР.
Тойрог зам гэдэг зөвхөн цаг хугацааны ойлголт биш. Түүнд оюун санааны ямар нэгэн нууцлаг хүч үйлчилж байдаг. Чухам ямар шинж тэмдэгтэйг бүрэн нотлож одоогоор чадаагүй байна. Хэрэв бүтэцзүйн үүднээс энгийн түвшинд атом мэт задрал явагдвал хамгийн түрүүнд нейтрон мэт нэг зүйл ялгаран харагдана. Тэр нь “хүчирхэг оюун санаа” юм. Яруу найраг ердөө хүчирхэг оюун санааны “далдын дуу хоолой” байдаг гэж үздэг. Тэр л ойлголт О.Дашбалбарын яруу найрагт шууд хамааралтай. Зөвхөн гоо сайхан, яруу сайхны төлөөх шаналал бус хүний оршихуй, эмзэглэл, мөн чанарын төлөөх “сэтгэл зовинол” болж хувирна.
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм /Яах юм бэ/ гэсэн “тулгалт” нь бүтэх, эс бүтэхийн заагаас алсарч
Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр /Бүх юм цагтаа төгөлдөр/ хэмээх цэлсхийсэн шинэ “тойрог зам” бий болгож эхэлжээ. Үнэхээр алив бүхэн цагтаа төгөлдөр болохыг таних тийм хэцүү биш ч таньсан бүхэнд илэрхийлэх хувь байдаггүйд л хамаг учир нуугдаж байгаа юм. Бүгд моддыг, хаврын салхийг, намрын буданг харж мэдэрдэг ч түүнийгээ оюун санааныхаа хүрдэт сансарт эргэлдүүлж, тойрог зам үүсгэдэггүйд тун эртнээс сэтгэгчид хариулт хайж байсан гэдэг.
Тийм ойлгож ухаарах, танин мэдэх хүрээнээс, нөгөө хүрээнд шилжих явцад л яруу найрагчийн “тойрог зам” орон зай нь төдийгүй оюун санааны дахин тэлэлт явагддаг гэж уран сайхны онолд үзсэн тал байна. Тэрхүү тэлэлтийг тээгч “БУРХАНЫ МЭЛМИЙ” хэмээх яруу найраг, гүн ухааны түүвэр юм. Энэ үеэс энэрэн нигүүлсэхийн, хайрлан шаналахын шүлгүүд түүний “тойрог зам”-ын дотор бүрэлдэн бий болжээ.
Зам бүхнээр явах гэж
Ус бүхнээс амсах гэж
Од бүхэнтэй ярилцах гэж
Цэцэг бүхэнтэй шивнэлдэх гэж
Газар дээр би төрсөн юм /Миний төрсний учир/ гэж өөрийгөө таньсан нь яруу найрагчийн уран бүтээлийн хоёрдугаар “тойрог зам” бүрэлдэхэд шууд нөлөөлжээ.
Зарим яруу найрагчийн “тойрог зам”-ын хүрээ хумигдаж байдаг бол О.Дашбалбарын хувьд “эсрэг хүч” үйлчилсэн байна. Улам чөлөөтэй, модерн сэтгэлгээтэй, хэмнэллэг, хөгжимлөг чанар нь гойд яруусаж эхэлжээ. Нэгэнтээ зохиолч Г.Аюурзана” О.Дашбалбар модерн сэтгэлгээний яруу найрагч” гэж тодорхойлсон нь түүний яруу найргийн “шинэчлэгч” чанарт илүүтэй ойр тодорхойлолт болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Чөлөөт хэлбэрээс, тогтсон “хайрцаглалт” хэлбэрийн шүлгүүд “ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ, ГАЗАР ШОРОО, БУРХАНЫ ЧАНАР” зэргээр “тойрог зам” улам томорсоор байжээ.

ГУРАВ.
Одоо түүнийг өөр тойрог замд шилжсэнээс хойш оршсоор байгаа хурдны эргэлт улам хүчээ авч буй. Сайн муу юу ч хүрэхээргүй алсад /магадгүй өндөрт/ түүний бүтээсэн “тойрог зам” дахин шинэ хүрээ бий болгож байна. Энэ нь түүнийг зөвхөн яруу найрагч бус ХҮН хийгээд ТЭМЦЭГЧ эсвэл “ҮНЭН ШУДАРГЫН ҮЛГЭР ЖИШЭЭ” болгож байна. Өөрийнх нь үзэл баримтлал ч түүний яруу найргийн хэлээр цаг хугацааг гатлан, бүгдийг гэтлэн дахин дахин шинэ “тойрог зам” бүтээж буйг анзаарах шаардлагатай.
Би-яруу найрагч

Цасан будрахад сэтгэл хөнгөрч, өнийг мєрөөддєг би,

Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гvнд уусахад

Шvлгээн би та нарын гар дээр бvлээн талх шиг тавьдаг

Шvvдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугvй баярладаг! /Эгэл хүн/ гэснээр яруу найрагч эгэл байх утга учиргүй гэх зарим үзлийг үгүйсгэсэн юм. Гэвч яруу найрагт нийгмийн хариуцлага байхгүй. Харин яруу найрагчид зайлшгүй байх ёстой гэж тэр үзэж байжээ.
Барууны эзэддээ л амласнаа эргэж тунгаа
Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө
Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй
Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв /Үнэнийг хэлэхэд/ хэмээн зориуд цаг бусын хуурамч “нөхдөд” анхааруулан иргэнлэг дуу хоолойгоо цуурайтуулж байлаа.
Түүнээс хойш монгол зохиолчдын иргэнлэг дуу хоолойг ТЭД зориуд боож байна.
Монгол зохиолчдын оюун санааны, эрх чөлөөний “тойрог зам” хумигдаж байна.

ДӨРӨВ.
Түүний яруу найргийн сансарт эхлээд татсан тойрог “ХАЙР” байлаа. Удалгүй “ЭХ ОРОН” хэмээх эрхэмсэг оршихуйгаар хүрээг тэлэв. Дараахан “ТУСГААР ТОГТНОЛ” туг сүлд мэт О.Дашбалбарын яруу найргийг тодорхойлох болов. Бид цаашдаа орших уу? Энэ өнөөдөр хамгийн хүнд, хамгийн энэлэнтэй асуулт. Түүнд бардам хариулах чадал яруу найрагчдад бий. Учир нь бидний өмнө түүний бахдам “тойрог зам” эргэлдэж байна. Түүнд татагдаж, түүнтэй хамт оюун санаагаараа эргэлдэж асан миний үеийн зохиолчид байна. Гагцхүү хувийн “дов шов” хэл амнаас хол түүний яруу найргаар бүтээсэн” тойрог зам”-ыг танин мэдэхээр зорин тэмцэх ЗОРИГ хайрла.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2017-10-27


URL:

Сэтгэгдэл бичих