ЖИРГЭЭ: МСНЭ татвараар барьцаалж, саналыг МАН багцлаад байгаа сурагтай

6b2a5ae1b3dc14b3c9c47c3cca764706_1516773392

За, Сэтгүүлчдийнхээ их хуралд орж санаа оноогоо хэлмээр, сонгох сонгогдох эрхээ эдэлмээр байдаг. Гэтэл мандатыг МСНЭ татвараар барьцаалж, саналыг МАН багцлаад байгаа сурагтай. Татвараа төлөөгүй, эсвэл МАН-ын тулгасан хүнийг дэмжихгүй бол хурлын төлөөлөгчөөр сонгохгүй гэсэн дүрмийн болон хуулийн заалт олсонгүй ээ. Төлөөлөгчдийн тоо хязгаартай, заал танхим нь багтаамжгүй гэдгийг ойлгож мэдэж л байна. Гэхдээ салбарынхаа төлөө ярих, хэлэх юмаа урьд өмнө, хурал хуйгүй үед ч бага сагаар ярьж хэлсээр ирсэн хүний хувьд энэ удаа “гал тогоо”-н дотроо ассан гал шиг дүрэлзэж ярилцаад, ард нь атгасан гар шиг нэгдмэл явахын төлөө ухаанаа уралдуулж оролцмоор л байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших, өрсөлдөх, бүр ялагдах эрхтэй учир одоо нэр нь гарч байгаа нөхдийн шийдвэрийг хүндэтгэж байна. Харин тэднээс бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой бодлого гаргаж тавьсан, түүнийгээ хэрэгжүүлж чадахыг дэмжих нь сэтгүүлчдийн эрх. Иймд хурлын төлөөлөгч-сэтгүүлч бүр өөрт ногдох нэг саналдаа эзэн байцгаая. Асуудлаа эхлээд дотроо ярилцъя, дотооддоо засахын төлөө үйлдэл, оролдого хийж үзье, тэгээд болохгүй бол гадагшаа “од” болцгооно биз ээ. МСНЭ-ийн хурал шударга бөгөөд үнэхээр салбарынхаа төлөө ажил хэрэгч болох эсэх нь мандат тараах, хурлын төлөөлөгч сонгохоос эхэлнэ. МСНЭ энэ бүхнийг бодолцож, боломжийг редакц тус бүрт жигд олгоно гэж найдаж байна.

Жич: Нэгэн зүйлийг сануулахад өмнөх их хурал маань халаалтгүй зааланд хүйтний нэмэгдэлтэй болсон учир шөнө хуралдсаар үүрээр тарсан шүү. Шөнийн хурлаа завсарлаад өглөө үргэлжлүүлэх санал гаргаад нэгэн ахмад сэтгүүлч ахад “чи хэний даалгавараар хурал сунжруулах гээд байгаа юм бэ” гэж загнуулснаа би санадаг юм. Гэтэл мань хүн өөрөө хүйтний нэмэгдэл, хугас нойрны хүчинд удирдах зөвлөлд сонгогдох тактиктай байсныг би мэдээгүй л дээ. Одоо энэ алдааг давтахгүй, илүү ажил хэрэгч хурал болно гэдэгт найдъя.

Otgonbayar Gombojav


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих