МИАТ-д болж байгаа явдлуудыг монголын төр анхаарах цаг болжээ

f8eb5e4a6741fb6df20ff1ac2bf7e78dМИАТ бол төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч компани. Тэр утгаараа олны “шүлсийг гоожуулсаар” өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Байсгээд л хэн нэгэн нь МИАТ-ийн хувьчлалын талаар ярьж эхэлдэг. Тэгээд олон сонирхол огтлолцоод тэр яриаг нам дарна.

Гэвч “алахгүй ч гэсэн айлгана” гэдэг шиг МИАТ-ийг хувьдаа авч, ёсолж төрлөөгүй ч хувийн юм шиг ашиглаж, мөнгө “хийдэг” байдал энэ компанид нүүрлээд байлаа. МИАТ-ийн хэдэн захирал Дайны эрсдлийн сан нэрээр мөнгө угааж, улсад, зорчигчдод  асар их хэмжээний хохирол учруулсан. Энэ хэрэг шүүхээр шийдэгдэж байв. Тэдний дараа МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригттойгоо таарамжгүй байсаар ажлаа өгсөн. Г.Жаргалсайхан 2012 оны аравдугаар сарын сүүлчээр томилогдсон. Яг гурван жил ажиллаад 2015 оны аравдугаар сарын 19-нд чөлөөлөгдсөн байдаг. Ингээд “МИАТ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Г.Жаргалсайханы дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар Төмөрбаатарын Тамирыг томилж байлаа. Т.Тамир нь 1980 онд төрсөн. Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгссөн. Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалсан. Тэрбээр 2004 оноос Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байв. Улмаар “МИАТ” компанийн Хонконг дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байгаад ийн томилогдсон юм. Т.Тамир МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласнаас хойш хоёр жил дөрвөн сар өнгөрсөн байна. Хэдийгээр энэ хооронд олны анхаарал татсан дуулиан шуугиантай асуудалд нэр холбогдоогүй ч “зүгээр байгаагүй” байж мэдэх мэдээлэл бидэнд олдлоо.

ЗТХЯ, МИАТ-ийн ТУЗ ашиглаагүй онгоцны түрээсэнд гурван сая доллар өгөхөөр болсныг мэдсэн үү
МИАТ компани “Air Lease Corporation” компанитай  2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд өдөр “Боинг 767-300” онгоцыг 40 сарын хугацаатай ашиглахаар түрээсийн гэрээ байгуулжээ. Харин “Air Lease Corporation” компани 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нөгөөх онгоцоо “Air Lease 28149” компанид худалджээ. Ингээд МИАТ шинэ эзэмшигчтэй 2014 оны аравдугаар сард нэмэлт гэрээ байгуулсан байна. Ингэхдээ түрээсийн хугацааг сунгасан байна. Мөн энэхүү нэмэлт гэрээний дагуу түрээслэгч нь онгоцны хөдөлгүүр, хөл ангийн цаг/цикл дуусахаас өмнө ижил төрлийн эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн эрхийн доголдолгүй хөдөлгүүр хөл ангиар сольж өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл “Air Lease 28149” компани гэрээний энэхүү үүргээ зөрчин найман жилийн турш ангарт хадгалагдсан, зарим эд анги нь FАА, EASA баталгаажаагүй хөдөлгүүр, хөл ангийг МИАТ компанид санал болгожээ. Тэрхүү хөдөлгүүр, хөл анги нь Монгол Улсын ИНЕГ-ын дүрмийн шаардлагад нийцэхгүй гэдгийг МИАТ компани түрээслэгчид мэдэгдсэн байна. Хөдөлгүүр, хөл ангийг сольж өгөх шаардлага тавьсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Ийм учраас түрээсийн онгоцыг 2016 оны дөрөвдүгээр сараас ашиглалгүй зогсоожээ. Улмаар МИАТ компанийн удирдлага 2016 оны зургаугаар сард “Боинг 767-300” онгоцыг буцаах шийдвэрийг гаргаж, АНУ-д хүргэсэн байна.  Гэтэл 2016 оны есдүгээр сард “Air Lease 28149” компани МИАТ ХК-иас түрээсийн төлбөр нэхэж захидал ирүүлсэн байна. Харин МИАТ компаниас түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй болохыг тайлбарлан хариу хүргүүлсэн байгаа юм. Харин Aersale компани МИАТ ХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гээд 10 сая ам.доллар нэхэмжлэн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Карифорни мужийн дүүргийн шүүхэд хандсан байна. Энэ талаар МИАТ компанийн Захирлын зөвлөл хэлэлцжээ. Ингээд АНУ-ын Калифорни мужид МИАТ ХК-ийг төлөөлөх эрх бүхий Pillsbury Winthrop Shaw Pitman LLP-тай хамтран ажил-лахаар шийдвэрлэсэн байна.
МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир 2017 оны зургадугаар сард АНУ-д очиж Aersale компанийн удирдлагатай уулзалт хийсэн байгаа юм. Ингэхдээ шүүхийн маргааныг эвийн журмаар шийдвэрлэж, тус компанид гурван сая ам.доллар төлөх хэлэлцээрийг хийчихээд иржээ. Эдгээрийг тусгасан эвлэрлийн гэрээнд 2017 оны аравдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан байна. Тодруулбал, талууд харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг байгуулмагц онгоцны түрээсийн барьцаанд байсан 600 мянган ам.доллар дээр нэмж 600 мянган ам.доллар шилжүүлж, эхний төлбөр хүлээн авмагц Aersale шүүхээс нэхэмжлэлээ татаж, гэрээ баталгаажсанд тооцогдохоор тохирсон байна. Харин үлдэгдэл төлбөрийг 2019 оны гуравдугаар сараар тасалбар болгож, сар бүрийн эхэнд 100 мянган ам.долларыг шилжүүлэхээр тохиролцжээ. Яг одоогоор МИАТ компаниас Aersale компанид 1.5 сая ам.доллар төлөөд байна. Үлдэх 1.5 сая ам.долларыг сар бүрийн эхэнд шилжүүлнэ гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь энэ зардлыг МИАТ ХК-ийн ТУЗ зөвшөөрөөгүй. Бас Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ч мэдэг-дээгүй байна. Тиймээс энэ мөнгийг төлөх хөрөнгө 2018 оны төсөвт суугаагүй гэсэн үг. Дээрээс нь МИАТ ХК-нд хуу-лийн үйлчилгээ үзүүлж байсан АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pitman” LLP компанид 250 мянга гаруй ам.доллар төлчихөөд байгаа юм.

МИАТ компани “нойтон түрээс”-ээс алдагдал хүлээдэг болжээ
МИАТ ХК болон Кипр улсын “Zela aviation”  компанийн хооронд нойтон түрээсийн GSA буюу Ерөнхий борлуулагч агентлагийн гэрээтэй ажилладаг юм байна. Энэ гэрээний дагуу МИАТ компани сар бүр суурь хураамжид 3000 ам.доллараас 5000 еврог “Zela aviation” компанид төлдөг ажээ. Үүнээс гадна нойтон түрээсийн гэрээ тус бүрээс блок цагаас хувь өгөх тухай ч заасан байна. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Zela aviation” компанид 1.25 сая орчим ам.доллар, 100 мянга гаруй еврог төлсөн байна. Энэ бүхний цаана учир битүүлэг зүйл нэлээд нуугдаж байгаа ажээ. МИАТ компани нь 2017 оны нэгдүгээр сард Малдив улсын “Мега малдив” компанид нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж ажилласан байна. Ингээд тус улсад нислэг үйлдсэн боловч “Мега малдив” компани МИАТ ХК-д төлөх ёстой 850 мянга орчим ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээнд зааснаар бол “Zela aviation” компанийн зуучлалын хөлсийг Мега Малдивын төлбөр орж ирсний дараа төлөх ёстой юм байна. Гэтэл МИАТ компани “Мега Малдив” компанийн төлбөр төлөгдөөгүй байхад зуучлалын хөлсийг шилжүүлчихдэг юм байна. Ийм маягаар 46 мянган ам.долларыг гэрээний заалтыг зөрчөөд төлчихжээ. Бас БНЧУ-ын “Травел сервис” компанитай мөн нойтон түрээсийн гэрээ байгуулсан байгаа юм. Энэ гэрээнээс МИАТ компани 2017 онд 4.5 орчим сая ам.долларын орлого олж, үүний 8-10 орчим хувь нь цэвэр ашиг байх тооцоог хийсэн байжээ. Гэтэл энэхүү нойтон түрээсийн гэрээний дагуу МИАТ ХК-ийн Бойнг 737-800 онгоцыг  нислэгийн ачааллын үед буюу 4-8 дугаар сард БНЧУ-д тогтмол нисгэснээр МИАТ ХК агаарын хөлгийн дутагдалд орсон байна.
Ингэхтэй нь зэрэг Оман улсын “Оман айр” компаниас Бойнг 737-700 буюу хэт жижиг онгоцыг хоёр жилийн хугацаагаар түрээсэлжээ. Энэ онгоцыг зөвхөн түрээслэн авахтай холбоотой зардалд 670 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Дээрээс нь сар бүрийн түрээсийн зардлыг оруулан тооцвол БНЧУ-ын “Травел сервис” компанитай байгуулсан нойтон түрээсийн гэрээнээс олох орлогоос нь хэд дахин өндөр болж, даваад явчихсан байна. Түүнчлэн “Оман айр” компаниас турээсээр авсан Б737-700 агаарын хөлгөөс хамаараад өвлийн ачаалал багатай улиралд МИАТ ХК онгоцны илүүдэлтэй сууж байдаг болжээ. Тодруулбал өдөрт 1-2 онгоц “ажил”-гүй, сул зогсож байгаа юм байна. Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Гайти улсын “Sunrise airways” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсны дагуу МИАТ ХК-ийн Бойнг-767 онгоц тус улсад нислэг үйлдэж байна. Энэ нислэгээс МИАТ ХК 300 орчим сая төгрөгийн ашиг олох тооцоог хийжээ. Гэвч Кипр улсын “Zela aviation” компани зуучлалын хөлсөндөө 450 мянган ам.доллар авахаар байгаа үед МИАТ компанид ашиг гэхээсээ алдагдал авчирч байгаа юм. Уг нь бол  нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах бол түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Ямар ч улс орны иргэний агаарын тээврийн компани нойтон түрээсээс маш их ашиг олдог. Харин манай МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээ дандаа алдагдалтай байгаа нь анхаарал татаж байна.

Б.Хурц МИАТ-ийг удирдаад байдаг юм биш биз
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд нэгэн тушаалыг гаргажээ. Тэрбээр Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Тулга овогтой Эрдэнийг Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид нэг жилийн хугацаанд суралцуулах асуудлыг шийдвэрлэж, сургалтын төлбөр, амьдрах зардалд зориулж нийт 104 сая төгрөгийг МИАТ компанийн төсвөөс гаргахыг тушаасан байна. 104 сая төгрөг гээч хэр хэмжээний мөнгө вэ гэдгийг та бид мэдэж л байгаа. Хамгийн гол нь Т.Тамир захирлын “гараа гаргаж”, гарын үсгээ зурсан Т.Эрдэнэ нь МИАТ компанид 2016 онд орж ирсэн, өөрөөр хэлбэл ажилд ороод жил ч болоогүй байжээ. Ийм хүнийг МИАТ компанийн ийм их зардлаар гадаадад сургасан нь хачин байгаа юм. Тэрчлэн Т.Эрдэнийн эзэмших мэргэжил МИАТ ХК-д онцын шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэх юм билээ. Энэ шийдвэрт МИАТ компанийн ажилтнууд ч дургүйцлээ илэрхийлж байжээ. Энд бас л хачирхалтай явдлууд өрнөсөн байгаа юм. Т.Эрдэнийг Лондонд суралцуулах гэрээг МИАТ компанийн энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Гэтэл Т.Тамир захирлын тушаал 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд буюу дээрх гэрээг байгуулснаас сарын дараа гарч байсан байх юм. Энд нэг их сонирхолтой хүний нэр холбогдож гарч ирж байгаа юм. Учир нь, Тулга овогтой Эрдэнийн сургуулиа төгсөөд эргэж ирэх баталгааг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн дүү гаргасан байгаа юм. Б.Хурцын дүү Б.Мандхай МИАТ компанид ажилладаг. Тэрбээр Т.Эрдэнийн эргэж ирэх баталгаа болгож өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьсан байна. Ингэхээр Т.Эрдэнэ ба Б.Хурц, Б.Мандхай нарын хооронд ямар нэг холбоос байгаа болж таарч байгаа юм. Судлах нь ээ, тэд холбоотой. Т.Эрдэнийн ээж Бурмаа нь Б.Хурцын эгч ажээ. Харин аав Н.Тулга нь Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар ажиллаж байжээ. Энэ бүхнээс үзэхэд БНСУ-д Элчин сайдаар явах гэж Монгол даяар шуугиан тарьж, танихгүй хүнгүй үлдсэн Тагнуулын ерөнхий газрын экс дарга Б.Хурц МИАТ-ийг удирдаад байдаг юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Ингэж хардах үндэслэл бас байгаад байгаа юм. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшлийн “Гранд степп” ХХК гэж бий. Б.Хурц энэ компаниа 2014 оноос хойш АТГ-т гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байдаг юм. Тэгвэл “Гранд степп” ХХК нь МИАТ компанийн нислэгийн үндсэн сэтгүүл болох “Хөөрөх цэг” сэтгүүлийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэх үүрэг хүлээн хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Т.Тамир захирал 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр энэ гэрээг баталсан байна. Хамгийн гол нь дээрх гэрээг нэг талаас “Гранд степп” ХХК-ийн захирал Ү.Сарнай буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр байгаа юм. Ширхэг тутам нь 4500 төгрөгийн үнэ бүхий 4000 ширхэг сэтгүүлийг улирал тутам МИАТ компанид худалдахаар гэрээнд заажээ. Мөн энэ гэрээ нь гурван жилийн хугацаатай байх бөгөөд “…Захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд зориулан жилд дөрвөн удаа өөрийн нислэгийн чиглэлдээ 100 хувийн хөнгөлөлттэй тийз, улирал тутам 250 кг ачааг үнэгүй тээвэрлэх эрх олгоно” гэж зааж өгчээ. МИАТ компани сэтгүүлээ ямар зарчмаар, яаж сонгосныг бүү мэд. Гэвч насаараа сонин сэтгүүл, хэвлэлийн ажил эрхэлж, түүгээрээ амь зуудаг, хамгийн гол нь мэргэжлийн сэтгүүлчид Монголд өчнөөн олноороо бий. Хэрвээ тэр сэтгүүлчдэд ийм боломж олддог бол “тэнгэрийн умдаг” л гэсэн үг юм.

Эцэст нь
Ер нь Т.Тамир МИАТ-ийн захирал болсноос хойшхи хоёр жил гаруйн хугацаанд болсон үйл явдлуудыг тоймлох гэвэл цаг, цаас их орох шинжтэй ажээ. Дээрх асуудлууд дээр нэмэгдээд МИАТ компани болон “Изинис айрвэйс” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг ч нягтлах шаардлагатай гэж салбарынхан нь үздэг юм байна билээ. Тодруулж хэлбэл, Изинис айрвэйс ХХК (Mongolian airways international airlines хуучин нэрээр) МИАТ ХК-тай хамтран ажилладаг юм. Гэрээний дагуу МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-д нисгэгч бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний нисгэгчдийг зөөх, шалгах үүргийг хүлээсэн байх юм. Мөн interline passanger ticketing, baggage and ticket handling agreement байгуулсан байна. Үүгээрээ тус компанийг Олон улсын агаарын тээврийн холбоонд бүртгүүлэх, “Бойнг 737- 800” онгоц оруулж ирэх, олон улсын нислэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Гэтэл төрийн өмчит МИАТ ч, хувийн “Изинис айрвэйс” ХХК ч адилхан агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өрсөлдөгчид. Ийм байтал Т.Тамир захирал өрсөлдөгч компанийн үйл ажиллагааг илтэд дэмжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


URL:

Tags:

Нэр: Araceli Bleiler Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих