Банкуудад байршуулсан 420 тэрбумын хуримтлагдсан хүү хаачив

5a790667b79130.19776743Хорват улсын ДНБ-ийн нэрлэсэн нийт үнэ 60.1 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох нь 13.6 мянган ам.доллар. Харин Монгол Улсын ДНБ 12.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох нь 4.3 мянга. Хорват улсад Нийгмийн даатгалын сан болон иргэдийн хуримтлалын хадгаламж хэмээх зүйл байдаг бөгөөд үүнийг төрийн тусгай хамгаалалтад байлгадаг.Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл бол иргэдийн мөнгө. Гэтэл Монголд Нийгмийн даатгалын сан хоосон шахам байдаг.

Яагаад энэ хоёр улсыг харьцуулах болов гэвээс хоёул нэгэн цагт социализм дор зангидагдаж, чөлөөт зах зээл рүү зэрэг шахам орсон ч бид маш тайван замаар явсаар өнөөг хүрсэн. Хорват улс дайны хөлөөс холдоод удаагүй байгаа. Гэхдээ тэд биднээс хол илүү алхжээ. ГараанаасзэрэггарсанулсынхиймбайгаахойноАмерик, Германтайжишихтухайбодсон ч үгүй.

Үүнээс гадна энийг судлах болсон шалтгаан нь нийгмийн даатгалын шимтгэл. Хорват дахь эчнээ танилын маань хэлснээр, тус улсад иргэд нийгмийн даатгал нэрээр хуримтлалтай болдог бөгөөд тэтгэврийн насанд хүрсэн хойноо энэ мөнгийг дураараа захиран зарцуулахаас гадна, үр хүүхдэдээ өвлүүлж, бүр хувьцаанд ч хөрөнгө оруулах боломжтой ажээ. Харин манайд шимтгэл төлсний эцэст үр шимийг үзэж амжилгүй бурхан бологсод дэндүү олон байгаа. Мөн мөнөөх даатгалын санд хуримтлуулсан мөнгө нь “төрийн өмч” болж сарнидаг.

Гэхдээ яг төрийн өмч болдог уу гэдэг нь бас эргэлзээтэй. Юу гэвээс 2017 оны арваннэгдүгээр сард улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өөр хүний нэр дээр ашигладаг, өгдөг зөрчил илэрсэн. Сангийн үлдэгдэл мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулдаг зөрчлүүд гарч байна. Нийгмийн даатгалын сангаас үр дүнгүй хөрөнгө оруулалтууд хийгдсэн, зарим сумдад 2-3 ажилтантай мөртлөө олон давхар барилга барьснаас ашиглалтын зардал их гарч байгаа зэргээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, улсын төсөвт дарамт болж байна” гэж онцлон дурьдсан байлаа.

Өөрөөр хэлбэл, энэ салбарын алдаа дутагдал арилсангүй. Харин ч бүр арга саам нь улам нарийсч, иргэдийн цалин, компанийн ашгаас хуулийн нэрээр хураасан мөнгийг зориулалтын бусаар ашиглаж, шамшигдуулж байгаа ажээ.

Хамгийн гол нь, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын газруудтай холбоотой хүн итгэмгүй мэдээлэл маш олон. Арилжааны банкуудтай холбоотой асуудал ч анх гарч ирж байгаа юм биш. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайн банкны нийт активын 39 хувийг эзэлдэг гэх мэдээлэл 2016 оны эхээр гарч байсан. Харин тухайн үед ХАХНХ-ын сайд байсан С.Эрдэнэ “Капитал” банкинд байршуулсан мөнгө нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байв. Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18.9 хувьтай тэнцэж байгаа. Нийгмийн даатгалын сангаас арилжааны долоон банкинд 420 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан бөгөөд тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулдаг” гэх тайлбар өгч байлаа.

Тэгвэл энэ нь хуулиас гадуурх үйлдэл гэдгийг Ерөнхий аудитор хэлсэн. Өөрөөр хэлбэл зөрчил. Гэтэл өмнөх парламентийн үед гаргаж байсан энэ зөрчлийг арилгаагүй, өнөөг хүртэл Нийгмийн даатгалын сан банкуудад мөнгө байршуулж, хүү авсаар байгаа аж. Харин тэр хүүгийн мөнгө хаашаа ордог хэрэг вэ.

Энэ талаар лавлахаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт очсон ч хариулт хэлэх хүн олдсонгүй. Мэргэжилтнүүдээс асуухад “Энэ талаар ёстой мэдэхгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Аргагүй ч байж мэднэ. Учир нь сангийн мөнгийг захиран зарцуулах эрх дарга нарт байхаас жирийн мэргэжилтэнд хаанаас байх вэ.

Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн мөнгийг үнэхээр өсгөж арвижуулахаар арилжааны банкуудад байршуулсан бол энэ ажиллагааг нээлттэй, иргэдэд мэдээлэлтэйгээр хийх учиртай баймаар. Харин аудитын шалгалт, Засгийн газрын комиссын хяналтаар илэрсэн гэхээр тухайн үед яам, агентлагийг удирдаж байсан дарга нараас зайлшгүй тайлбар авах шаардлагатай.

Үүнээс гадна 420 тэрбум төгрөгийг арилжааны банкинд байршуулбал, Капитал банкаар тооцоход л 24 сарын хүү нь 16 хувь. Тэгэхээр энэ мөнгө хоёр жилд 6.2 тэрбум төгрөгөөр өссөн байх ёстой. С.Эрдэнэ сайдын хэлсэнчлэн долоон банкинд 420 тэрбум төгрөгийг хувааж байршуулсан юм бол өдийд 426 тэрбум болж өссөн байх учиртай. Харин уншигч та санаж байгаа бол 2016 оны гуравдугаар улиралд Засгийн газраас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө багассантай холбогдуулан шалгалт хийсэн билээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө өсөөгүй, харин ч бүр багассан.

Харин шалгалтын хариу сангийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, шаардлагагүй олон барилгын ажилд санхүүжилт хийсэн, хэлтсүүдэд ихээхэн дутагдал байдаг, мөн арилжааны банкуудад байршуулдаг гэх мэт тодорхойгүй тайлбаруудаар дүүрэн байгаа нь хачирхалтай.

Нэг үгээр, олон нийт сар бүр орлогоосоо хүчээр суутгуулан хуримтлуулсан санд холбогдох байгууллагын үе үеийн томчуул хуруу дүрсээр байгаа нь яах аргагүй үнэн аж. Хэрвээ иргэн хүн арилжааны банкин дахь хадгаламжаасаа мөнгө алдсан бол тэр дор нь шалгуулж, хүсвэл үүнийг нийтэд мэдээлж болно. Харин Нийгмийн даатгалын сан дахь иргэдийн хуримтлуулсан мөнгө алга болсон бол үүнийг хэн ч мэдэх эрхгүй. Бүр асууж, шалгаасан ч олж мэдэж чадахгүй бололтой.

Уг нь хүмүүс сар бүр цалингаасаа 10 хувийг банкинд хадгалуулаад байвал хүү өсч, өөрөө ч шаардлагатай үед аваад хэрэглэж болно. Харин төрд хадгалуулбал энэ нь тэр чигээрээ бусдын өмч болох магадлал өндөр.

Нэгэн жишээ дурьдахад, 2015 онд нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл авсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байсан юм. Тодруулбал, нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болсон. Энэ хэргийг үйлдсэн эрх мэдэл бүхий этгээдүүд нь тогтоогдчихоод байхад яагаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хаах болов. Хариултыг өгөх учиртай тухайн үеийн дарга нар өдгөө УИХ-ыг тараая гээд жагсаал хийгээд явж байна.

Ер нь Нийгмийн даатгал сан хэмээх булхай луйврыг тэтгэдэг газрыг татан буулгаж, хуримтлалыг дэлхийн жишигт нийцүүлбэл яасан юм бэ.

“НИЙГМИЙН ШУУДАН” сонин


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 25 June 2018

сайд нь авна мөн ч их ажил хийсэн байж таарна өрөөч эрдэнэ гэсэн нэртэй

Сэтгэгдэл бичих