НИЙСЛЭЛИЙГ ХАРХОРИН РУУ НҮҮЛГЭЕ

0450550505047

Энэ нээх шинэ сэдэв биш л дээ. Гэхдээ шийдэх л ёстой асуудал. Нийслэлийг Хархорин руу нүүлгэх талаар өмнө нь олон жил ярьсан. Тэглээ гээд ганц ч тоосго зөөж чадаагүй. Улаанбаатарын төвлөрлөөс болж нийслэлчүүд бөөн асуудал дунд амьдардаг боллоо. Нийслэлийг нүүлгэх, хоёр дахь хотыг бүтээн байгуулах асуудал цаг хугацаанаас урган гарч байна. Хэт төвлөрлийн хар бараан сүүдэр иргэдийн эрүүл мэнд цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхлэв. Тэгэхээр бидэнд нүүхээс өөр гарц үлдсэнгүй. Гэхдээ хаашаа вэ. Багануур, Налайх, Дархан, Төв аймгийн Лүн суманд шилжүүлэх талаар ярьдаг.

Гэхдээ одоо зөвхөн судалгааны төвшинд байгаа. Багануур гэхэд нийслэлээс 130 орчим км, Дархан Улаанбаатараас ялгарахааргүй болсон. Лүн сум 120 км зайтай л байгаа. Нийслэлийг шилжүүллээ гэхэд хүмүүс тийшээ нүүх үү гэдэг нь бас эргэлзээтэй. Мөн ийм ойрхон нүүхэд хотын төвлөрөл, утааны асуудлууд шийдэгдэх болов уу. Хотын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд суурь дэд бүтэц чухал гэдгийг судлаачид хэлж байна. Тухайн бүс нутаг хотын ачаалал даах уу, үгүй юу гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Харин эдгээр шаардлагыг Хархорин хот л хнгаж байгааг олон хүн хэлж байна.

Чингис хаан Их Монгол Улсын нийслэлээр Хархорум хотыг зарлаж дэлхийд тунхагласан. Тухайн цагтаа дэлхийн хотуудын нийслэл гэгдэж байсан дэлхийд танигдсан хот юм. Мөн үе үеийнтүүхэнд Монгол тулгатны өлгий нутаг, нийслэл Орхоны хөндийд байсаар ирсэн. Тэр хөндийд Хархорум хотоос өмнө олон хотууд оршиж байсан түүх бий. Тухайлбал, Уйгарын Хар балгас байна. Энэ хотод тухайн үедээ 100 мянган хүн амьдарч байсан гэдэг. Харин одоогийн нөхцөл байдлыг судлахад дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн. Орхон гол хотын тэнд урсч байна. Нутаг дэвсгэрийн хэмжээ ч хангалттай гээд нийслэл хот болох бүхий л шаардлагыг Хархорин хангаж байгаа. Улаанбаатараас 360 орчим км зайд оршдог. Одоо бол Монгол Улсын төрөөс Хархорум хотыг дахин дэлхийд зарлах шийдвэрээ л гаргачих хэрэгтэй юм.

Нийслэлийг шилжүүлэх нь зөвхөн түүхэн улбаатай холбогдох биш өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага болж буй. Манай улс Улаанбаатар гэсэн ганцхан хоттой. Харин хоёр дахь хотыг бий болгосон улс орнуудын туршлагыг судлахад нэгдүгээрт шинэ нийслэлийг зарлаад засаг захиргаагаа нүүлгэдэг жишиг байдаг. Энэ аргаар нийслэлээ нүүлгэсэн улс орон олон бий. Хамгийн тод жишээ бол Казахстан улс шинэ нийслэлээ зарлаад, засаг захиргаагаа нүүлгэсэн. Хоёрдугаарт, шинэ нийслэл хотыг зарлана. Гэхдээ хуучин нийслэлдээ засаг захиргааны зарим чиг үүргийг үлдээдэг. Жишээ нь, Шри-Ланка улс 1982 онд нийслэлээ Коломбо хотоос Шри Жаяварденепура Когте гэдэг хот руу шилжүүлсэн аж. Гэхдээ засаг захиргааны зарим хэсэг нь одоо хүртэл Коломбо хотод байдаг. Ийм байдлаар хоёр дахь нийслэлтэй болсон улс 12 байна.

Тэгвэл шинэ нийслэл хэмээн зарлалгүйгээр өөр хотод засаг захиргааныхаа зарим чиг үүргийг шилжүүлдэг арга бас байна. Эдгээрээс хоёр дахь арга нь манайд тохиромжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлжээ. Шинэ нийслэлээ зарлана. Тэндээ нийслэлээ шилжүүлнэ. Гэхдээ Улаанбаатар хотод нийслэлийн зарим чиг үүрэг нь үлдэж хоцрох юм. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, худалдаа, аж үйлдвэрийн гэх мэт яамдууд, мэргэжлийн хяналтын, татварын, улсын бүртгэлийн агентлагууд Улаанбаатар хотдоо үлдэж болно. Мөн шинээр хөгжлийн төв байгуулахад тухайн бүс нутаг дагаж хөгждөг. Манай улсын баруун, хангайн бүсийн хөгжлийн төвшин доогуур байгааг судалгаанаас харж болно. Тэгвэл Хархоринд нийслэлийг шилжүүлснээр Монгол Улс ядаж эн зэрэгцэх хоёр хоттой улс болно. Үүнээс улбаалаад цаашид гурав, дөрөв дэх хот сэргэж хөгжих боломжтой. Ийм нэг мөрөөдөл байна.

Ирэх жилийн улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суулгаад, энэ санаачлагуудыг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлаар санал санаачлага гаргаж эрдэмтдийн төвшинд судалгааны ажлуудыг хийж байна. Төр засгийн төвшинд ч УИХ-аас 1998, 2004 онуудад ажлын хэсэг гаргаж, Хархориныг жишиг хот болгохоор тухайн үедээ ажлаа хийж байсан. Гэхдээ одоо шийдвэр л хэрэгтэй. Орхоны хөндий буюу эртний нийслэл Хархорумд нийслэлийг шилжүүлснээр ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн XXI зууны хөгжлийн том төв, нийслэл хот Хархорум байгуулагдах юм. Угаасаа нийслэлийг Хархорин руу нүүлгэе. Ингэснээр олон асуудлаас сална.
Зууны мэдээ
Т.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих