Өдөр бүр 50 эмэгтэй үр хөндөлт хийлгэдэг гэвэл та итгэх үү?

15181381495a7cf3250f395Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилийн өмнө “ Монгол Улс сүүлийн 30 жилд 1 сая орчим хүнээ үр хөндөлтийн улмаас алдлаа. Өсвөр насны 10 хүүхэд тутмын 6-8 нь үр хөндөлтөд өртөж болзошгүй байна. Үүнээс болж төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх боломжгүй болж, амь насаа алдах явдал гарч байна. Энэ аюулыг зогсоох ёстой. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй байх ёстой” гэж хэлж байв.

Монгол Улсын хэмжээнд 2013 онд үр хөндөлтийн 15 мянга 628 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд 18 мянга 316 эмэгтэй үр хөндөлт хийлгэжээ. Жил бүр үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн тоо 100-аар өссөн байна. Өдөрт дунджаар 50 эмэгтэй үр хөндөлт хийлгэж буйг статистик тоо баримт харуулж байгаа юм.

1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтөөр Дорноговь аймаг тэргүүлжээ. Түүний араас Улаанбаатар хот, Өмнөговь, Орхон зэрэг аймгууд жагсаж байна. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл:

20-оос доош насныхан – 5 хувь

20-34 насныхан – 70.7 хувь

35-аас дээш насныхан – 24.3 хувийг эзэлж байна.

/Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь өмнө нь төрж байгаагүй, анх удаа үр хөндүүлсэн охид, бүсгүйчүүд/

Эхийн хэвлийд бойжиж буй ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй, эсвэл эхийн амь насанд ноцтой аюул учруулах онцгой нөхцөлд эмч нарын шийдвэрээр үр хөндөлт хийх буюу жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд нэг эмчийн шийдвэрээр бус эмч нарын шийдвэрээр үр хөндөх асуудлыг шийднэ гэж тодорхой зааж өгчээ. Харин бусад тохиолдолд үр хөндүүлэх нь хууль бус үйлдэл юм.

Хүсээгүй жирэмслэлт, нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, эрт жирэмслэлт зэрэг хүчин зүйлс үр хөндөлтийн шалтгаан болдог. Нөгөө талаас хариуцлага хүлээх чадваргүй залуус охид, бүсгүйчүүдийн ирээдүйгээр тоглож үрийн зулай үнэрлэх боломжгүй болгож байна.

ЭМЯ-аас магадлан итгэмжлэгдсэн эх барих, эмэгтэйчүүдийн ор бүхий 24 цагийн үйлчилгээтэй эмнэлгүүд хуулийн хүрээнд үр хөндөлт хийдэг. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн статистик судалгааг гаргахдаа дээрх эмнэлгүүдээс авсан тоо баримтыг үндэслэдэг байна. Гэхдээ үүний эсрэг талд хууль бусаар хичнээн хувийн эмнэлэг хэдэн эмэгтэйд үр хөндөлт хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүд үүнээс олон байж мэдэх юм. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллага өдөр бүр 50 хүүхдийн аминд хүрдэг гэдэгт та итгэх үү?

Г.Дугар


URL:

Сэтгэгдэл бичих