С.Баярцогт, Т.Ганди, Ё.Отгонбаяр нар багш нартай уулзсангүй

Яг одоо МҮЭСТО-нд 300 гаруй багш цуглаад байна. Тэдний зорилго бол салбарынхаа сайдтай уулзаж нөхцөл байдлаа ярилцах байсан юм.

Тэд Ё.Отгонбаяр сайдтай арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 14.00 цагт уулзахаар тохирсон гэдгийг бид мэдээлж байсан. Харин БСШУЯ-ны хэвлэлийн ажилтны мэдээлж буйгаар яг энэ цагт Ё.Отгонбаяр сайд 24-р сургууль дээр Заах аргын улсын уралдаанд шалгарсан багш нарт шагнал гардуулж буй юм. Харин энэ талаар сайд “манай төрийн нарийн бичгийн дарга очно” гэж хэлсэн боловч Д.Далайжаргал гэх тэр хүн ч уулзалтанд очсонгүй.

Бид БСШУ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргалтай утсаар холбогдож ямар шалтгаанаар уулзалтанд очоогүй тухайд нь асуухад “Ямар шалтгаанаар гэхэв дээ. НХХЯ, Сангийн яам хоёроос сайд нар нь очоогүй юм билээ. Тэгэхээр нь бид нар очоогүй. Гэхдээ цалин мөнгөний асуудал чинь бидэнд хамаагүйшдээ” гэсэн юм. Гэхдээ өнөөдөр багш нар цалин мөнгө шаардахаасаа илүүтэй нөхцөл байдлаа ярилцах хүсэлтэй байсан юм билээ гэхэд “Бид зөндөө л ярилцдаг. Манайхтай дахиад ярилцах байх аа” гэлээ.

Уулзалтанд ганц БСШУ-ы сайдаар тогтохгүй Сангийн сайд С.Баярцогт, НХХ-ийн сайд Т.Ганди нарыг урьжээ. Гэвч тэдний хэн нь ч энэ уулзалтанд ирсэнгүй.

Тиймээс багш нар маш их уурлаж бухимдлаа. Зарим багш нар “одоо бүгдээрээ шууд байгаа газар нь очьё” гэж хэлэх нь ч сонсогдож байсан юм.

Боловсролын салбарын ҮХ-н дарга нэгэнт цугласан тул цаашдынхаа үйл ажиллагааг ярьж тохирьё хэмээсэн. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гэтэл яагаад биднийг тоохгүй байгаа юм бэ. Яагаад биднээс нүүрээ буруулаад байгаа юм бэ. Энэ бол багш нарыг басамжилж доромжилсон хэрэг боллоо” гэдгийг ярьж байна.

Та бүхэн холбоотой мэдээнээс уурласан багш нарын видео сурвалжлагыг хүлээн авна уу.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих