БУСАД ГИШҮҮНИЙ ӨМНӨӨС САНАЛ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛНО

olloo_mn_1518235110_image_660УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

УИХ-ын  чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын  нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй УИХ-ын  үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон, өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж хууль санаачлагчид үзэж байна.

Иймд УИХ-ын  чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах юм. Үүнд:

1. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
2. Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
3. Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих