ЦАДИГГҮЙ УЛСТӨР

17803

Монгол Улсад цадиггүй улстөр ноёрхоод удаж байна. Авлига, хээл хахууль дээр  суурилсан албан тушаал, ашиг хонжооны наймаалцлыг улстөрийн голлох хүчин гэгдэх АН, МАН, МАХН жинхэнэ эрээ цээргүй хийцгээж байна. Сүүлийн жилүүдэд улаан цагаандаа гарсан энэхүү гутамшигт наймаалцал Монгол Улсыг сүйрлийн ирмэгт авч ирсэн нь саяхны явдал. Хэдийгээр гурвуулаа эрс өөр баруун, зүүн, социалдемократ үзэл баримтлалтай хэмээн тунхаглах боловч тэдэнд өнөөдөр өөрийн гэсэн үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зарчим  байхгүй болсон. Албан тушаал, ашиг хонжооны төлөө бол өнөөдөр ч намынхаа хаалыг саван гарч, жаахан хэтрүүлэн хэлбэл маргааш нь л улаан батлахаа цэнхэр батлахаар сольцгоодог болсон. Тийм жишээ бэлээхэн байж л байгаа.

Хамгийн гол нь сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор Монгол орныг сүйрлийн ирмэг дээр аваачсан өнөөдрийн увайгүй  улстөрчдийг нэгтгэж байгаа ганц зүйл нь яавал ахиухан хулгайлах, хэнтэй эвсвэл илүүхэн ашиг унагах, улмаар хэнийг хахуульдвал сайдын суудалд заларч болох вэ гэдэгт л толгойгоо гашилгаж суудаг нь юм. Маргааш сайд болохын тулд өнөөдөр орой нь цэнхэр  батлахтай нөхөр улаан батлахтантай тэврэлдэх, бас бус юм болох бол юу ч биш. Тэд бүгдээрээ хэн нэгэндээ барьцаалагдсан. Чуулганы хуралдааны үеэр чанга чанга дуугаран шүлсээ үсчүүлж, гараа зангидах хэдий ч танхимаас гараад л хүзүү сээрээрээ холбогдоно. Хэн нэгнийхээ хулгай, луйврыг илчлэх гэвэл урдаас нь “Нөгөө  юмыг чинь хэлнэ шүү” гээд л гүйцээ.

Энэ парламентын гайгүй зангарагатай нэгэн “Та нар энэ балиар юмаа одоо жаахан болиоч. Арай хэтэрч байна шүү дээ. Хэн нь хэдэн тэрбумыг хулгайлсныг би бүгдийг нь мэдэж байгаа шүү” хэмээн нэлээн уурласан үедээ хэлчихдэг. Мэдээж мэдээлэлд олон жил хамгийн ойр байсан, бас ч гэж “До” яамны угшилтай нэгэн болохоор түүнд энэ парламентын гишүүдийн хэн нь хэдэн тэрбумыг, хаанаас хулгайлсан талаарх зузаан зузаан хар дэвтэр байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тэр зангаргатан яагаад өнөөдрийг хүртэл ус балгачихсан мэт чимээгүйхэн гэлдэрнэ вэ. Үүний хариу нь ч тун энгийн. Саяхан л түрээсийн байранд толгой хоргодож суусан тэрбээр л гэхэд зүгээр л гүлдийчихээд сажлаад явдаг нэгэн биш гэдэг нь говийн их баялагт эзэн суугчдын нэгэн, Нүхт дэхь тансаг харшийг нь барьж байсан хоригдол эндэж амь насаа алдсан, Хятадын тусгай албадтай нэр холбогдож явсан, одоо л гэхэд 315 сая төгрөгийн үнэтэй тансаг машинаар галгиулж яваа” гээд багагүй гуншингаар нь ойлгож болно. Магадгүй балиар юм хийгээд яваа, хэдэн тэрбумаар нь хулгайлаад байгаа этгээдүүдийг зарлачих гэхээр урдаас нь “Нөгөө юмыг чинь хэлнэ шүү” гэчихдэг ч байж болзошгүй. Магадгүй  өнөдрийн 76-ын дунд  хэн нэгний “Нөгөө юмыг” мэддэггүй цөөхөн гишүүн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө юманд хутгалдаагүй хэд гурван “азгүй” гишүүн ч байгаа нь тодорхой. Харин ихэнх нь “нөгөө юм”-тай салж хагацаж чадахгүй болтлоо зууралдаж эхнээсээ тав, арван тэрбумаар хулгайлаад цуслачихсан нь ил болчихоод байгаа ч өнөөдрийг хүртэл УИХ-д ч, олон нийтэд ч зарлахгүй тэсч байна. Энэ юу вэ гэвэл Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бондыг хэлээд байгаа хэрэг билээ. Өмнөх парламентын үед Эдийн засгийн байнгын хорооноос үүрэг авч, гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулагдсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтанд шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийнхэн шалгалтын дүнгээ танилцуулахгүй мөн ч удаан зууралдсан удаатай. Хоёр бондын мөнгөнөөс ямар улстөрчид, хэн хэний компани хэдэн тэрбум төгрөг салгаж дөнгөснийг Монголын нийгэм тэртэй тэргүй сонсож мэдчихээд байхад л дүгнэлтээ танилцуулахгүй тас дарж гүрийгээд байсан нь өнөөх л “Нөгөө юмыг чинь хэлнэ шүү”-тэй холбоотой. Ард түмнийг тэнэг гэж ойлгож байвал өөрсдөө хамгийн тэнэг гэсэн үг.

“Чингис”, “Самурай” бондоос тав, арван тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан сайд асан, банкны гүйцэтгэх захиралуудын араас өнөөдөр УИХ-д хурган дарга хийгээд сууцгааж байгаа нөхдүүд Өршөөлийн хуулийг үхэн хатан хөөцөлдөж, ил далд тохиролцсоор байгаад батлуулж дөнгөсөн. “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр гараа угаагчдын дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын замыг  жинхэнэ  “там” болгосон этгээд сууж л байсан. Хусам шиг нимгэхэн “там” тавьсан болж  бондын мөнгөнөөс  хангалттай цусласан тэр этгээдийн хар балгаар тэр замд  хэдэн хүн амь, нас эрүүл мэндээрээ хохирсныг барагцаалах боломжгүй. “Нөгөө юм”-аараа хэн нэгэндээ барьцаалагдсан өнөөдрийн улстөрч нэртэй луйварчид  3-4 тэрбумаар нь хулгайлчихсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдчихоод байхад л гэм нүглээ хүлээхгүй, болж л өгвөл мултарчих санаатай янз бүрийн арга мэх хэрэглэсээр шүүх хурлаа зурагтаар гаргаж хэлмэгдсэн болж жүжиглэх нь гайхаж цочирдмоор байсансан. Бүр сүүлдээ хулгайлж, луйвардсан гэмт хэргийг нь уйгагүй мөрдөж яг таг батлан тогтоосон АТГ-ын томоохон албан тушаалтан хүртэл үр хүүхдийнхээ нэрийг барин тангараглах нь холгүй цөхөрч суусан нь саяхны явдал.

Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж ямархуу “Эмгэнэлт жүжиг” тоглож, хэрхэн наймаалцахыг нь Монголын нийгэм тэр аяараа харсан. Энэ хуулийг Ерөнхийлөгчийн хориггүйгээр батлан гаргах гэж амиа золихоос бусдыг хийж, бусдыгаа худалдан авч, “Нөгөө юм”-аараа эвлэлдэн нэгдсэн этгээдүүдүүд цөөнгүй бий. Тэд хулгайлдгаа хулгайлчихсан, нуудгаа нуучихсан. Одоо ял, зэмгүй мултарцгаасан  тул хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй болчихсон. Хамгийн гол нь Монголын парламентад  “Нөгөө юм”-ыг нь илрүүлээд хэлчих цөс зоригтон байхгүйг тухайн үед нийгэм тэр аяараа харж гайхан балмагдаж байсан нь саяхны л явдал. Мэдээж бүгдээрээ шахуу “Нөгөө юм”-тай учраас жонхуурсаар байгаад дуусгасан. Гэтэл “Сахил хүртээд шал дордов” гэгчээр өнөөдрийн парламентад бүр ч айхтар “Нөгөө юм”-тай нөхдүүд сууцгааж л байна. Бид УИХ-ын гишүүд гэж иймэрхүү л 76 нөхрийг толгой дээрээ залсаар ирэв. Та нар дуугарахгүй байсан ч ард түмэн та нөхдийн “Нөгөө юм”-ыг чинь зарлах цаг ирэх нь тодорхой.

Д.Түвшин

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/a/159760


URL:

Сэтгэгдэл бичих