Гүйх үү, суух уу?

Монгол орон даяар баярын уур амьсгал ид өрнөж байна.  Иргэдийн инээмсэглэл, баярын эмоцийг далимдуулан хэсэг,

нөхөд автобусны үнийг нэмэхээр шийджээ. Яг л “чоно борооноор” гэдэг шиг. Ерөнхийдөө эздэд тааламжтай, иргэдэд таагүй  асуудлыг баасан гариг, баяр ёслолын үеэр шийддэг нь монголчуудын хувьд гэм биш зан болсон. Энэ зангаараа автобусны эзэд ёолкноос ёолкны хооронд ёолтлоо баярлах иргэдийн шарталт дээр эдийн засгийн хямрал үүсгэхээр шийджээ. Нийслэлд том оврын автобусны 26 компани нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэдгээр компаниуд  элдэв хөнгөлөлт энэ тэр асуудлаас болоод  сүүлийн жилүүдэд байнгын алдагдалтай ажиллаж байгаа  гэнэ. Тиймээс тасалбарынхаа үнийг  нэмэхээс аргагүйд хүрсэн тухайгаа хэвлэл мэдээллийнхний өмнө зарлалаа. Тэдний хэлснээр ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчих том хүн 400, хүүхэд 200, үнэгүй зорчих үнэмлэхтэй иргэд 100 төгрөг төлөх юм байх.  Автобусны үнийг нэмэх болсон хариуцлагыг өөрсөд рүү нь бухах компаниудын мэдэгдлийн эсрэг Нийтийн тээврийн газрынхан ч бас дуугүй суусангүй. Том оврын тээврийн хэрэгсэлээр үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагууд үнэ нэмэх үндэслэлээ албан ёсоор тайлагнахгүй байгааг дурдаад Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зорчих тасалбарын үнийг нэмэх боломжгүй гэдгийг мэдэгдсэнийг дуулгасан юм. Ийнхүү нийтийн тээврийн “дарга”, “цэрэг”-ийн хооронд хэрүүл алим өнхөрч эхэллээ. Хэн нь шийдвэр гаргах эрхтэй хийгээд хэнийх нь үг хууль болохыг үнэндээ хэлж мэдэхгүй нь. Эрхэлдэг айлын хүү шиг автобус компаниуд ажил хаялт зарлах юм бол олон хүн гүйцээх хэрэгтэй болох байх. Гэхдээ энэ улс төртэй, төр нь хуультай юм бол иргэд эргэлзэж тээнэгэлзэх шаардлагагүй биз.

Монгол Улсын хүн ам бараг гурван сая хүрсэн. Тэдний тэн хагас нь нийслэлд амьдардаг гэхээр нийтийн тээврийн асуудал чухалд тооцогдох нь зүйн хэрэг. Гэхдээ тэдгээр сая гаруй хүний зарим хэсэг нь өөрийн унаатай. Тэдэнд нийтийн тээврийн салбар уналтад орно уу байна уу, автобусны үнэ нэмэгдэх эсэх нь хамаагүй.

Нийслэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг том оврын автобусны 26 компани алдагдалтай ажиллаж байгааг нэг талаас авч үзсэн бас үгүйсгэх аргагүй юм. Учир нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн дийлэнх нь оюутнууд, хөгшид, хүүхэд. Үлдсэн цөөхөн хэсэг нь нийтийн тээврээр  үйлчлүүлэхдээ 300 төгрөгөө төлдөг юм байна. Албаны эх сурвалжийн өгүүлж буйгаар 70-80 мянган оюутан нийтийн тээврээр хөнгөлөлтийн картаар үйлчлүүлдэг аж.  Өөрөөр хэлбэл, дээрх оюутнууд 600-хан төгрөг төлөөд бүтэн сарын турш нийтийн тээврээр үнэгүй “зугаалдаг” гэсэн үг. Өдөр нь интернетээр, орой нь баараар “хэсэх” оюутнуудын хувьд энэ нь дэндүү ахадсан боломж юм. Ядруухан төсөвтэй Монгол Улсад халамж хавтгайрч байгаагийн нэг  гай нь нийтийн тээврийн салбарт нүүрлээд байна. Энэ салбарынхныг алдагдлаас гаргах арга нь үнэ тарифыг нэмэх асуудал биш. Эцсийн эцэст тасалбарын үнэ 300, эсвэл 400 төгрөг байх нь чухал биш.  Хавтгайрсан халамж, хөнгөлөлт  нь байсаар л байх юм бол автобусны үнэ 10 мянга хүрээд ч алдагдлаас гарахгүй л болов уу. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хөгшин, залуу, оюутан гэлтгүй бүгд л мөнгө төлөөд явах нь алдагдлаас гарах амархан бөгөөд хамгийн зөв шийдэл болох байх. Төсөвт хүндрэл учруулж, 30 тэрбум төгрөгийг хөнгөлөлт нэрийн дор үнэгүй цацсанаас  өөр зүйлд үүнийгээ зарцуулж үнийг нэмэхээс илүү үнэгүй “зугаалах” нөхдийн эрхийг жаахан л хязгаарлахад нийтийн тээврийн салбар алдагдлаас гарах тун ойрхон байна даа, уг нь. Хэрүүл болж, хэн нэгэндээ томорч суух эрхмүүдэд хандахад баярын маргааш гүйх юм уу, суух юм уу  гэдгийг эртхэн шийдээд өгчихөөрэй дөө

Ж.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих