Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо

17865

-ТҮҮНИЙ ЦУС, ШЭЭСНЭЭС ДЭЭЖ АВЧ, ДНК-ИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ-

Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга С.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон. Хэрэг гарснаас хойш шүүх эмнэлгийн шинжилгээг устгахыг завдаж, шинжилгээгээр юу ч тогтоогдоогүй гэсэн хариу гарч байв. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг үүсгэхээс татгалзан хааж байсан билээ.

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа өмгөөлөгчийн хамтаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг албан тушаалын байдлаа ашигласан хэмээн АТГ-д шалгуулахаар өгсөн. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн нэр бүхий эмч нарыг санаатайгаар буруу дүгнэлт гаргасан, нотлох баримт устгахыг завдсан хэмээн хандсан билээ. Энэ дагуу Нийслэлийн прокурорын хяналттайгаар ажлын хэсэг гарч, хэрэг хаасан мөрдөн байцаагчийг шалгаж эхэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн дэд дарга болон хоёр эмчийг яллагдагчаар татаад байгаа аж. Бид хохирогчийн эгч Ч.Саранзаяатай цөөн хором ярилцлаа.

-Та цахим хуудастаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон хэмээн нийтэлжээ. Энэ талаар тодруулъя?

-Энэ сарын 14-ний өдөр би тэр постыг оруулсан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нар намайг хөдөө байхад энэ мэдээг дуулгасан. УИХ-ын гишүүн Д.Гантулгын цус болон шүлснээс дээж авч, дүү бид хоёрт байсан хэргийн газраас авч үлдсэн нотлох баримтын хамтаар шинжилгээнд оруулсан. Өмнө нь тэрхүү нотлох баримтыг шүүх эмнэлгээс устгах гээд байна хэмээн захиатай хамт над руу илгээсэн юм. Тэрхүү нууж үлдсэн нотлох баримтаа 14 хоногийн өмнө дүү бид хоёр шүүх эмнэлэгт шинжлүүлэхээр гаргаж өгсөн юм. Нотлох баримтаа гаргаж өгчихөөд бид хариугаа хүлээж байсан юм. Харин түүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулгаас цус болон шээсийг нь авч харьцуулсан ДНК-ийн шинжилгээ хийсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр бэлгийн эс гээд бичсэн байна лээ. Тэр худлаа шүү. Энэ удаагийн шинжилгээг ДНК-ийн шинжилгээгээр тогтоож байгаа юм. Тодруулбал, тухайн үед хэргийн газарт үлдсэн нотлох баримт болох манай дүүгийн дотуур хувцас, цагаан хэрэгсэл дээр үлдсэн бэлгийн эстэй харьцуулсан гэсэн үг юм. Энэхүү шинжилгээгээр эцэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн байсан хэмээн гарсан юм.

-Шинжилгээний хариутай та өөрийн биеэр очиж танилцсан уу?

-Үгүй. Бид хоёр Сар шинэ гээд хөдөө явсан байсан. Тэр хойгуур хариу нь гарсан ирж танилц гээд манай өмгөөлөгч нар танилцах эрхтэй байдаг учраас шүүх эмнэлгээс шинжилгээний хариуг очиж авсан юм. Энэхүү хэрэгт Веритас партнерс хуулийн фирмийн хэсэг залуус биднийг өмгөөлөн үнэнч шударгаар ажиллаж байгаад үнэхээр их баярлаж байна. Эдгээр өмгөөлөгч нарын өмнөх хуульч, өмгөөлөгч Ичинноров эгч мөн адил хамтдаа маш их зүтгэсэн.

-Одоо хуулийн дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх байх. Тийм үү?

-Тэгнэ. Цагаан сар өнгөрөөд хуулийн дагуу яллагдагчаар татагдаад шүүх хурал товлогдох байх гэж таамаглаж байна. Эцсийн байдлаар шүүхээр бүх зүйл тодорхой болно. Д.Гантулга “Тухайн өдөр би унтаж байгаад зүгээр л шууд гараад явчихсан хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байсан шүү дээ. Гэтэл энэ шинжилгээгээр тэр өдөр зүгээр гарч яваагүй юм байна гэдэг нь тогтоогдож байна. Анхнаасаа тэр хүн худлаа яриад байсан.

-Хуулийн байгууллагынхан хүчиндсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй хэмээн хэргийг хаасан байдаг шүү дээ?

-Одоо эцсийн цэг дээрээ тулахаараа тийм нөхцөл байдал руу оруулах гэж л үзнэ. Эцсээ хүртэл өөрийгөө өмөөрөх гэж үзэж байгаа юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож магадгүй. Тэгвэл тохироод унтсан гэдэг асуудал руу хийх гэж үзнэ. Тэгэхээр одоо шүүх хурал дээр л яах нь эцэслэн шийдэгдэнэ гэсэн үг л дээ.

-Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаа хамгийн анх шалгаж байгаад хаасан. Одоо хаана шалгаж, ийнхүү шинжилгээ хийсэн юм бэ?

-Хэрэг хамгийн анх Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Батдэлгэр гэх байцаагч дээр шалгагдаж байгаад хаагдсан. Эргээд дахин өргөдөл гаргаад шалгуулахаар болоход дахин Батдэлгэр шалгаад байхаар нь тэр хүнийг нь шалгуулах хүсэлт гаргаад өөр хүн шалгасан. Энэ хэргийг хааж будлиулсан хүн яахаараа дахин шалгадаг юм бэ? Тэгэхээр тэр анх хэрэг хаасан байцаагч бас шалгагдаж байгаа. Одоо Нийслэлийн прокурорын хяналт доор ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ер нь Нийслэлийн прокурор шалгаж байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.