“РиоТинто баталгаа гаргавал 2022 оноос Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орно”

17874

Оюутолгой уурхайн үйлдвэрлэлийг дотоодын эрчим хүчээр хангах Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ”Оюу толгойн цахилгаан станц барих гэрээг цуцлав гэж ор үндэслэлгүй мэдээлэл яваад байгааг залруулах гэж энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Гэрээний асуудал яригдаад байгааг ташаа ойлгосон байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор Оюу толгойн эрчим хүчний нийт хэрэгцээгээ дор дурдсан буюу түүнээс дээш эрчим хүчээр хангана.

Нэгт, Оюу толгой станц барьсан бол, хоёрдугаарт гуравдагч этгээдийн барьсан цахилгаан станц, гуравдугаарт Монгол Улсын цахилгаан станцын эх үүсвэрээс.

2017 оны 7 дугаар сараас Монгол Улсаас Оюу толгой цахилгаанаа авах ёстой байсан ч аваагүй. Яагаад гэвэл хууль зөрчсөн “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нээс болоод аваагүй.

Энэ гэрээ гэгчээр Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалтыг түдгэлзүүлсэн. Хууль зөрчсөн байсан учраас ”Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г бид сая түдгэлзүүллээ.

УИХ-аар орсон Хөрөнгө оруулалтын гэрээг ингэж түдгэлзүүлж болохгүй. Монголоос эрчим хүчээ 4 жилийн дотор авах ёстой байсан заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон.

Рио Тинто, Туркойз Хилл Ресурсын хэвлэлийн мэдээн дээр Тавантолгойн цахилгаан станцыг барихгүй гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Гэрээ цуцлагдсанаар Оюу толгой 4 жилийн дотор эрчим хүчээ авах шаардлагатай болж байна. Энэ үүргээ биелүүлнэ гэж мэдэгдсэн байна лээ.

Оюу толгойн цахилгаан станц барих гэрээг цуцаллаа гэдэг нь шал худлаа мэдээлэл.

Засгийн газар Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг зүйлийг л ярьж байгаа. Бид өөрсдийнхөө талаас хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн” гэв.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЧИХСОН

Тавантолгойн цахилгаан станцын төслийн захирал Д.Батбилэг ”Манай төсөл 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд ТТЦС-ын төслийн ТЭЗҮ болон бусад бүх судалгаа шинжилгээний ажлуудыг хийгээд өнөөдрийн байдлаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болчихсон.

Хэрэв Рио Тинто баталгаа өгвөл 2018 онд ажлаа эхлүүлэх боломжтой болох юм.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр MCS, Японы Marubeni компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа. 450 МВт хүчин чадалтай станц. Хугацаа нь 4 жил. Станцын өөрийн өртөг 1 тэрбум ам.доллар. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч Рио тинто гаргаж өгөх ёстой.

Үүнд, Япон, БНСУ-ын банкууд зээл өгөхөд бэлэн. Гэрээ хэлэлцээр хийгдээд явж байгаа.

Үнийн хувьд Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компаниас авч байгаа үнээс хямд.

Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсын татвар болон бусад хүчин зүйлээр ашигтай.

Ганц Оюу толгойг бус өмнийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй. Хамтраад ажиллаж байгаа. Тавантолгойн цахилгаан станц төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой” гэв.

Өнөөдрийн байдлаар Оюу толгой жилдээ 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог. Цаашид энэ тоо өснө. Хэрэв цахилгаан станцын асуудал шийдэгдвэл жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой ажээ.
Б.УЧРАЛ, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.