Монголчууд хүний наймаачид мөн үү

india1Хүний наймаа хүний хэрэг байхаа хэдийнэ больжээ. Монгол хүмүүс охид бүсгүйчүүдээ, хөдөлмөрлөх чадвартай идэр залуусаа худалдаад зогсохгүй нялх балчир үрсээ, хэвлий дэх ургаа худалдан борлуулах бузар булай аргад суралцаж амжжээ. Хүний наймаа гэхээр биднээс алсуур, манай улсад хамааралгүй, зөвхөн кинонд гардаг зүйл мэтээр өнгөц сэтгэсээр өнөөдрийг хүрсэн нь дэндүү том эндүүрэл гэдгийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөн ярилцсан юм. Уг хэлэлцүүлгийг “Глоб интернэйшнл” төвөөс зохион байгуулсан юм.

МОНГОЛЧУУД ХҮНИЙ НАЙМААЧИН МӨН ҮҮ?

Дэлхийн улс орнуудыг хүний наймаанд холбогдож буй байдлаар нь дамжуулагч, гаргагч буюу илгээгч, хүлээн авагч гэж гурав ангилан хуваадаг байна. Манай улсын хувьд 1999 оныг хүртэл хүний наймаанаас ангид шахуу улс байсан байх юм. Монгол Улсын газар нутаг дээр хүний наймаа үйлдэгдэхгүй, хүмүүсийг гадагш худалддаггүй байжээ. Тэгвэл 1999 онд Югослав улс руу хоёр эмэгтэй худалдаалагдаад Гадаад хэргийн яамаар дамжуулан тэднийг эх орондоо эрүүл саруул буцаан авчирснаар манай улс хүний наймааны гаргагч улс болон бүртгэгдсэн байх юм.

Хүлээн авагч улс хэмээн үзэж байгаагийн учир нь манай улсад Хойд Солонгос, Хятадын иргэдийг барилгын болон бусад хүнд хөдөлмөр эрхлүүлэхээр авчирдаг төдийгүй зарим тохиолдолд цалин хөлсийг өгөхгүй хөөж гаргах, паспорт бичиг баримтыг нь барьцаалан хүнд хөдөлмөр эрхлүүлдэг зэргээс хөдөлмөрийн боолчлолыг монголчууд ч үйлддэг гэж бүртгэгджээ. Мөн Монголын баячууд Филиппинээс хүүхэд асрагч хөлслөн ажиллуулж, тэдний зарим нь эдний дарамтад орсон, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн нь монголчууд бусдын адил бэлгийн дарамтлагч болохоо харуулжээ.

ХҮНИЙ НАЙМААНААС АМЬД БУЦАЖ ИРСЭН ХҮН ЦӨӨН

Манай улсад хүний наймааны бүхий л хэлбэр бүртгэгдсэн төдийгүй өөрсдөө ч боолчлолд өртсөөр байна.“Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясгахын тодотгон дурдсанаар монгол хүмүүс бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр гадаадын улс орнуудад худалдаалагдан боолчлогддог ажээ. Ингэхдээ Азийн орнуудад хөрш БНХАУ-д бэлгийн мөлжлөг харьцангуй өндөр хувьтай байгаа аж. Хил залгаа Эрээн хотын улаан  гудамжнаас эхлээд  Бээжин, Хонг Конгийн жимсний нэртэй баар, цэнгээн, саун массажны газруудад монгол эмэгтэйчүүд олноороо биеэ үнэлэн амьдарч байна. Төрийн бус байгууллагынхны тооцоолсноор дөрвөн хохирогч тутмын нэг нь БНХАУ-д худалдаалагдаж байгаа бол гурван хохирогч тутмын нэг нь эх орондоо хүний наймааны золиос болж байна. Охид бүсгүйчүүдийг хууран мэхэлж, хүний наймаанд  оруулдаг бөгөөд сургуульд сургана, өндөр цалинтай ажилд зуучилна гэх мэтээр хууран мэхэлж, хувийн мэдээллийг цуглуулдаг  гэнэ. Тийн хууртаж гадаадад гарсан хүмүүс биеэ үнэлээд мөнгө олох бус улам л өрөнд орж, зуучлагч нар нь л хөлждөг байна. Биеэ үнэлэхээс татгалзвал хүчээр хар тамхины хараат болгож, улмаар хар тамхи тээвэрлүүлж, тартагт нь тултал боолчилж байгааг олон жишээ харуулжээ. Хүний наймааны хохирогч хэзээ ч зөвхөн хүн наймаалцах гэмт хэргийн хохирогч болоод зогсдоггүй гэдгийг Г.Ганбаясах олон жилийн туршлага, олон улс дахь энэхүү гэмт хэргийн байдалд тулгуурлан өгүүлсэн юм. Биеэ үнэлэгч охидоор дамжуулан ар гэр, хамаатан садныг нь хүртэл эл бусармаг хэрэгт татан оролцуулдаг бөгөөд монгол хүмүүсийн нэрэлхүү, бусдад муугаа үзүүлэх дургүй хачин занг ашиглан хүний наймааг хөгжүүлсээр байгаа нь харамсалтай. Хүний наймаанд өртөөд тэрхүү аймшигт сүлжээнээс амьд буцаж ирсэн хүн тун цөөн гэдгийг ч судлаач, шинжээчид сануулж байна.

Монголын нугараач хүүхдүүд АНУ, Герман зэрэг хөгжингүй улс орнуудад хөдөлмөрийн боолчлолд өртсөн байдаг бол Солонгост зуучлалын гэрлэлт нэрээр залуу сайхан охид бэлгийн боолчлолын хохирогч болж байна.  Гэхдээ нэг гэрэлтэй мэдээ дуулгахад солонгосчуудтай гэрлэж буй монгол эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурчээ. 2007 онд хамгийн олон буюу 976 сонгол бүсгүй Солонгос нутгийн бэр болж байсан бол 2014 онд 106 бүсгүй солонгос эртэй ураг барилджээ.

АСРАМЖИЙН ГАЗАР АСРУУЛАГЧДАА ХУДАЛДДАГ УУ?

“Тийм” гэж хариулахаар бодит жишээг “Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн дурьдаж байна. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө /2009 онд/ төрийн бус байгууллагын төлөөлөгчид Австри улсын нэгэн асрамжийн газарт зочилжээ. Гэтэл тус асрамжид хүний наймааны золиос болон очсон 15 монгол хүүхэд байгааг асрамжийн газрын дарга өгүүлсэн байна. Тэдгээр хүүхдүүд бүгд монголд аж төрж байсан асрамжийн газраар зуучлуулан тэнд очсон байх бөгөөд хөвгүүд нь хөдөлмөр эрхэлж, охид нь биеэ үнэлэх байдлаар боолчлогдож байжээ. Харамсалтай нь, хүүхдүүдийн хэн нь ч ямар нэртэй асрамжид байснаа хэлээгүй төдийгүй эх орондоо буцаж ирэхийг хүсээгүй аж. Төрийн бус байгууллагынхан буцаж ирээд эл асуудлыг Засгийн газрын төвшинд хөндөн тавьсан ч тоймтой шийдэлд хүрээгүй гэнэ. Хүүхдүүдтэй утсаар холбогдох төдий байсаар холбоо тасарчээ. Харин Австрийн асрамжийн газрын захирал Монгол Улс 15 хүнээ хүний газарт огт тоохгүй хаяж байгаад ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ Австрийн Засгийн газар ийм мэдээлэл сонссон бол шууд л нисээд очих байсан гэдэгт тэр эргэлзээгүй байна.

Бид ийм л хүмүүс. Төрсөн нь биш л бол тэлсэнд сэтгэл зовинохоо байчихаж. Элэг нэгтэй монголчууд нь хүний нутагт амиа тасартал нутгаа санаж, горьдлого тээн нулимсаа унагаж суугааг тоох ч юм алга.  “Тэр хүн тийм замыг өөрөө л сонгосон” гэдэг байдлаар асуудалд хандсаар байтал хүний наймаа  таны гэрийн хаалгыг тогшиж мэдэх нь, эрх мэдэлтнүүд ээ. Өөрийн тань өрнөөс унасан үр хүүхэд, охин, хүү чинь буруу замаар будаа тээж орхивол “Сонгосон зам нь тэр” гээд орхиж чадах уу. Үгүй л болов уу.

Чухам тиймээс л өргөө гэртээ ойртон дөтөлсөөр байгаа хүний наймаанаас элэг нэгтнүүдээ хамгаалж, өмгөөлөх хэрэгтэй. Хараа хяналтгүй хүүхдүүд, асрамжийн газрын асруулагчид, бүтэн, хагас өнчин хүүхдүүдээ анхаарлаасаа хэрхэвч холдуулмааргүй байна.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.