Нийслэлчүүд 350 тэрбум төгрөгөөр баярлажээ

17881

Сар шинийн ширээний идээ хэвийн боовны олдоц муу байжээ. Тавгийн идээгээ авахаар дугаарласан иргэд, ул боовыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан гэрэл зураг сошиал сүлжээгээр энэ өдрүүдэд нэлээд түглээ. “Дүнжингарав”, “Нарантуул” зэрэг томоохон зах, худалдааны төвүүдэд хэвийн боов худалдан авах гэсэн иргэдийн уртаас урт дараалал үүссэн.

Зарим иргэн сар шинэтэй уралдан ул боовны эрэлд гарсан байна. Жилийн жилд элбэг, хүрэлцээтэй байдаг энэ бүтээгдэхүүний хүртээмж яагаад сул байсныг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс асуулаа. Шинэ жил, цагаан сар зэрэг баярууд шил шилээ даран ойрхон болсноос үйлдвэрлэл нь эрэлтээ гүйцээгүйг зарим үйлдвэрлэгч хэлж байна. Үүнээс гадна хэвийн боовны онцгой орц болох шар тос, ширхэгтэй гурилын нийлүүлэлт хангалтгүй байсныг учирлах нэгэн ч байна.

Баярууд шил шилээ даран ойрхон болсноос үйлдвэрлэл эрэлтээ гүйцээгүй аж

Цагаан сар бол борлуулалтын нэг оргил үе төдийгүй худалдаачдын хүсэн хүлээдэг цаг. Иргэдийн эрэлт, хэрэглэгчдийн хэрэглээг дэмждэг энэ баяраар эдийн засгийн судсаар урсах мөнгөний эрч нэмэгдэж, бизнесийн идэвх сэргэдэг. Тэгвэл энэ цагаан сар мөнгөний урсгал, бизнесийн орчинд ямар өөрчлөлт дагуулсныг үндэсний судалгааны MMCG компани урьдчилан тооцсон байна.

Тус компани 21 аймаг болон Улаанбаатар хотын есөн дүүргийн 1000 өрхийг хамруулан, цагаан сарын баяр дахь худалдан авалтын хандлагыг судалжээ. Тус компанийн тооцоогоор энэ цагаан сараар нэг өрх дунджаар 1,074,831 төгрөгийн зардал гаргасан байна.

Энэ нь 2016 онтой харьцуулахад 72.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Үүнээс нийслэлчүүд дунджаар 1,135,967 төгрөг зарцуулсан бол орон нутгийн иргэд 1,031,599 төгрөгийн зарлага гаргасан байна. MMCG-ийн судалгаагаар нийслэлчүүдийн 80 хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэдний 59 хувь нь зээл авч, сар шинээр баярладаг гэсэн тооцоо байна. Харин улсын хэмжээнд энэ дүн 62 хувьтай байна.

  • Нэг өрхийн цагаан сарын зардал 2016 оныхоос 72.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.
  • Цагаан сар дийлэнх өрхөд өр, зээл, бизнес эрхлэгчдэд орлого нэмсэн байна.
  • Шинэ жил, цагаан сар зэрэг баярууд шил шилээ даран ойрхон болсноос үйлдвэрлэл эрэлтээ гүйцээгүй байна.

Ийнхүү хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, зээл тавин цагаан сарын ард гарч буй өрхийн түвшин 2016 оныхоос 17 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, цагаан сар дийлэнх өрхөд өр, зээл, бизнес эрхлэгчдэд орлого нэмсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2016 оны эцсийн байдлаар нийслэлд 380 мянган өрх оршин суудаг. MMCG-ийн судалгаанд дурдсанчлан эдгээр өрхийн 80 хувь нь цагаан сар тэмдэглэж, нэг өрх дунджаар 1,135,967 төгрөгийн зардал гаргасан гэж үзвэл нийслэлчүүд 350 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Баярын сар болох жил бүрийн эхэн болон эцэст макро эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг.

Нийслэлчүүд 350 тэрбум төгрөгөөр баярлажээ Сүүлийн 3-4 жилийн үзүүлэлтийг харвал жил бүрийн эхний болон эцсийн улиралд өрхийн зардал өсчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 971 мянган төгрөгтэй тэнцэж байсан өрхийн дундаж зарлага 2017 оны эхний улиралд 52 мянган төгрөгөөр өссөн байна.

Үүнээс гадна Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан зардлын тооцоо бий. Монгол Улсын 860 гаруй мянган өрхийн 67 хувь буюу 577.8 мянга нь цагаан сар өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Эдгээр өрх хүнс болон бэлэг сэлтэд 766 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийсэн байна.

Гэхдээ нийт бэлгийн 80 орчим хувийг импортоор авдаг бөгөөд цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөгийг гадагш урсгадаг байна. Ийнхүү цуваа баярууд олон тэрбумаар хэмжигдсэн буухиа орлого дагуулж байна.

Ялангуяа, манай эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд ордог энэ үед бизнесийг дэмжих нэг хөдөлгүүр нь яалт ч үгүй иргэдийн хэрэглээг дэмжсэн цагаан сар болчихоод байна.

“ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.