Есөн аймгийн 15 суманд хорио тогтоож, 2400 толгой мал устгажээ
Шүлхий өвчний улмаас сүүлийн хоёр сар гаруй хугацаанд есөн аймгийн 15 суманд хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн сарын 2-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хорио цээрийн дэглэм тогтоосон бол хамгийн сүүлд энэ сарын 15-нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий гарчээ.
Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Дэлгэрцогт, Булганы Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Өмнөговь, Сүхбаатарын Онгон, Говьсүмбэрийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалантад гарсан шүлхий өвчний улмаас 2411 толгой мал устгаж, 130 гаруй мянган толгой малыг вакцинжуулжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Булганы Рашаант, Гурванбулаг сум, Өвархангайн Бүрд, Орхон аймгийн Жаргалант суманд шүлхийн голомт шинээр бий болсон байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээс тодруулахад “Шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд аймгуудын Онцгой байдлын газар, ХХААГ, Мал эмнэлгийн алба, Мэргэжлийн хяналт, цагдаа, нутгийн захиргааны байгууллага, иргэд нийлсэн 600 гаруй хүн, 130 орчин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ХХААХҮЯ, орон нутагт бол аймгуудын ХХААГ, Мал эмнэлгийн алба хариуцаж байна. Шүлхийгээс сэргийлэхэд вакцинжуулалт маш чухал. Гэвч одоогийн байдлаар улсын хэмжээнд вакцины нөөцгүй. Удахгүй 500 мянган тун вакцин нийлүүлэх мэдээлэл байна.
Энэ жил Зүүн аймгууд шүлхийн голомттой. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан шүлхий өвчнөөс болж 1566 үхэр устгасан. Ганцхан сумын хэмжээнд шүү дээ.
Хамгийн гол нь хүн малын шилжилт хөдөлгөөнтэй хамаатай учраас ялангуяа, малчид хариуцлагатай байх хэрэгтэй. Шүлхий агаар дусал, малын хөл, бэлчээр, тээврийн хэрэгсэлээр дамждаг. Тухайлбал, “Шүлхийн вирус хүний хоолой багалзуурт 10 хүртэл хоног хадгалагддаг . Энэ хугацаанд мал юм уу хүнтэй харьцаж болохгүй. Шүлхий адуунд халдварладаггүй ч тээгч болдог” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: