Х.Баделхан сайд аа, ажлаа орхичихоод Өлгийг самарч яваа чинь ямар учиртай вэ

40 (1)Шинэ Засгийн газар байгуулагдаад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Бас ч гэж хийсэн ажил, үр дүн нэхэхэд болохгүй гэхээргүй хугацаа. Лав л “Ажлаа аваад удаагүй байна” гэх хариулт өгөхгүй болсон байх.

Ер нь ч аль засгийн ажлыг салбарын яамдынх нь үр бүтээлээр үнэлдэг. Тэгэхээр тун ойрын үед У.Хүрэлсүхийн кабинетэд багтсан сайд нараас ажлын тайлан шаардахад гэмгүй болжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд чухамдаа ямар ч ажил хийгээгүй гээд шууд дүгнэхэд болохоор хэд хэдэн яам, сайд бий.

Эдгээрийн нэг нь Барилга, хот байгуулалтын яам гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Мэдээж яам өөрөө урагшгүй байна гэж үгүй. Тэгэхээр салбарыг удирдаж буй дарга, сайд нарт л асуудал байгаа хэрэг. Тодруулбал, 2016 онд Баян-Өлгийгөөс нэр дэвшиж, УИХ-д орж ирсэн, хожим У.Хүрэлсүхийн ивээлд багтаж БХБ-ын сайд болсон энэ нөхөр өдгөө хаана, юу хийж явна вэ.

Цагаан сарын өмнөхөн барилгын тусгай зөвшөөрлийн эрхийг томоохон группуудэд өгсөн тухай хэвлэлээр нэлээд хүчтэй шуурсан. Өөрөөр хэлбэл, Х.Баделхан сайдын үед Монголын барилгын салбарын лиценз олгох эрх дандаа олигархи, баячуудаас бүрдсэн “ТББ”-д шилжсэн юм. Энэ шийдвэр хожим ямархан уршиг дагуулахыг учир мэдэх хүмүүс, салбарын мэргэжилтнүүд одоо ч халаглан ярьсаар байгаа. Харин сайдын шийдвэр хэвээрээ үлдсэн.

Харин нохой жил гарсны дараахан мань эр нутагтаа ажиллаж байгаа гэж дуулдлаа. Өнгөц харвал тэрбээр тойрогтоо ажиллаж, ард иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж байна гэхээр. Гэвч Баян-Өлгийг зорьсон жинхэнэ шалтгааныг нь сонсвол үүнээс арай өөр шалтгаантай нь мэдэгдэх вий.

Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Баделхан сайд УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо ажилласангүй. Яг үнэндээ, одоо Баян-Өлгий аймаг дахь МАН-ын даргын сонгууль, Төрийн албаны зөвлөлийн шалгалт зэрэг нам дагагсадын хувьд тун ч “чухал” гэмээр үйл явдлууд болж байгаа тул тийш мордсон байх нь ээ.

Тэгвэл баруун хязгаарын энэ аймагт яг ямар үйл явдал өрнөж, сайд дарга нар тийш цувах болов. Энэ талаар тодруулахад, Баян-Өлгий аймаг Төрийн албаны салбар зөвлөлгүйгээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өнгөрсөн намар тархаж байсан билээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд тус аймагт Төрийн албаны салбар зөвлөлийг яаран сандран байгуулсан ба тухайн үед салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, гишүүдээр аймгийн Ерөнхий прокурор, төрийн аудит, цагдаа, мэргэжлийн хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагуудын болон Шүүхийн тамгын газрын дарга нар ажиллахаар болсон байна.

Салбар зөвлөлийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга ажилладаг. Харин аймгийн ЗДТГ-ын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тул түүнийг жинхлэх хүртэл ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат ажиллахаар болсон нь энэ.

Хуулиараа төрийн албаны салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг хангах, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохицуулан зохион байгуулах үүрэгтэй байгууллага юм.

Тэгвэл дүрэм ёсоор одоо ЗДТГ-ын дарга Х.Тилеген гэгч нь Төрийн албаны салбар зөвлөлийг толгойлох болсон. Харин үүнийг хууль бус томилгоо гэж орон нутгийн иргэд үзсэн учраас ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймагт шалгалт хийж байгаа ажээ.

Гэхдээ яагаад нутгийн хүмүүс үүнийг хууль бус гэж үзсэн бэ гэдэг нь их хачирхалтай. Энэ талаар тодруулахад, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж буй Х.Тилеген нь бүх талаар аймгийн Засаг дарга А.Гылымхантай холбоотой гэх мэдээлэл бидэнд ирсэн. Юу гэвээс, Баян-Өлгийн төрийн албадад А.Гылымханы толгойлдог “НИК-ийн фракц” гэх бүлэг байдаг гэнэ. Харин Х.Тилеген нь энэ фракцын томчуудын нэг, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Х.Арманы төрсөн дүү юм байна. Харин Х.Арман төрсөн дүүгээ А.Гылымханаар дэмжүүлэн ЗДТГ-ын дарга болгосон бол өдгөө Төрийн албаны салбар зөвлөлийг хүртэл даргалуулахаар болгосон ажээ.

Ингэснээр тус аймаг дахь төрийн албаны шалгалт, томилгоог А.Гылымханы фракц бүрэн атгаж байгаа бололтой. Яг үнэндээ А.Гылымхан өнгөрсөн оны турш аймгийн төрийн албыг өөрийн танил тал, хамаатан саднаараа дүүргэж, бүр төрсөн дүүгээ шуудхан л сумын Засаг дарга болгосон тухай хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл А.Гылымхан ийнхүү Баян-Өлгийд дураараа дургиж байгаагийн ар тал нь одоогийн БХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан мөн гэдгийг эх сурвалж өгүүлсэн.

Бүр хамгийн наад захын жишээгээр энэ бүхнийг тайлбарлахад, Засаг дарга А.Гылымхан эрхэм гишүүний ойрын хамаатны дүү бүсгүй болох А.Заурег аймгийн Боловсролын газрын даргаар томилсон байх юм. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар Х.Баделханы эхнэрийн төрсөн дүү Маншукийг томилогдсон нь ч санамсаргүй хэрэг биш. Үүний дараа дээр дурьдсан Х.Тилегенийг томилсон. Ингээд харахад Баян-Өлгийг Х.Баделхан Улаанбаатараас шууд удирддаг болж таарав. Харин яах аргагүй өөрийнх нь хэрэг болсон тул одоо ийнхүү орон нутагтаа ажиллаж яваа гишүүний дүрээр Баян-Өлгийд “хор хутгаж” байгаа бололтой.

Уншигч та бүхэн Х.Тилегений тухай мэдээлэл олохын тулд Google ашиглахад л болно. Хамгийн гол нь, эхний илэрцээр л Х.Тилегений хариуцагчаар татагдсан шүүх хурлын шийвэрүүд, хэнд хэдэн төгрөг, юуны учир төлөх ёстой болсон гээд ноцтой мэдээллүүд гарч ирнэ. Харин ийм нэг нөхөр одоо Баян-Өлгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлийг удирдах болсон нь яах аргагүй том артайн шинж бүлгээ. Тэгээд ч үүнийг удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад удаа дараа унасан гэдгийг нутгийнхан нь ярьж байх юм билээ.

Үүнээс гадна Х.Баделхан Баян-Өлгийг зорьсон бас нэг шалтгаан нь аймгийн МАН-ын хорооны даргын сонгууль. Эрх баригч намын хорооны даргын сонгууль мэдээж маш чухал байж таарна. Гэхдээ салбарын ажлыг хөсөр хаяад, намын даргын төлөө улайрах нь сайдын ёсзүйд хэр нийцэх бол. Яг үнэндээ нам дагасан этгээдүүдийн томилгооноос болоод МАН-ын нэр хүнд хаа сайгүй шалдаа буусан. Тэр ч бүү хэл, энэ нам 2020 онд урагш явж чадах уу, үгүй юу гэдгийг ч яриад эхэлчихсэн байгаа. Гэтэл МАН-ын сайд нар ингэж нэр хүндээ л үл тоон албан тушаалын төлөө зүтгэлж байгааг намын удирдлагууд нь мэддэг л байгаа даа.

Баян-Өлгийгөөс ирүүлсэн мэдээллээр, Х.Баделхан УИХ-ын гишүүн Г.Солтаны эсрэг ухуулга хийж яваа сурагтай. Тэгвэл Г.Солтаны хувь МАН ялагдсан үед аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба 2016 онд орон нутагтаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг баян-өлгийчүүд бүгд хэлдэг. Тиймдээ ч Баян-Өлгийд Г.Солтан Х.Баделханаас хавь илүү нэр хүндтэй юм билээ. Тиймээс л Х.Баделхан ажлаа орхин байж Баян-Өлгийг зорьж, мэхээ гүйцээхээр зүтгэлж буй нь энэ ажээ.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.