Хүүхэд настай минь хамт мөнхөрсөн спортын одод
Америкийн нэгдсэн улс
Хүүхэд ахуй насныхаа гэгээн цайлган, цагаахан он жилүүдээ гэгэлзэн санах бүрийд ой тоонд орж байдаг спортын оддын тухай дурсамжаа хоккейн мөсөн талбайд үргэлжлүүлье.
Хөлөндөө “норвег”, “канад”, “фигур”, бүүр эсгий гуталд бэхэлдэг энгийн тэшүүр жийн хацар, чихээ хайран, хөлийн хуруугаа хөлдөөх шахам байж, сандлын махир аравчаар “урлаж”, “Восток”(хоккейн цохиур)-ын хугархай ишинд залгасан цохиуртай, эсвэл зузаан фанераар хийсэн “малыш” гэх хүүхдийн цохиур бариад “нэгийн бөмбөг”, “молоко”-ны лаазыг шамшийлган хийсэн “шайба”-аар хоккей тоглож үзээгүй хүүхэд бидний үеийнхэн дунд ховор. Тиймдээ ч хоккейтой танилцсан түүх нэлээд эртнийх. “Орбит”-оор ЗХУ-ын хоккейн аварга шалгаруулах тэмцээн үзэж, В.Харламов, В.Михайлов, В.Петровын гурвал, алдарт хаалгач В.Третьяк, Александр Якушев гээд эчнээ танилтай болоод байсан нь 1970-аад оны үе байх. Канадын Бобби Халл, Бобби Орр, Горди Хоу гээд мундгууд байдаг гэж бүдэг бадаг сонссоноос цаашгүй. Инээдтэй нь ижил нэртэй болохоор Халл, Орр хоёрыг ах дүү гээд нэг нь мэдэмхийрч, тэрэнд нь нэг хэсэгтээ л үнэмшиж явсан санагдана. “Эр, эм хоёроо ч нэг юм ялгаад байгаа юм аа” гэдэг шиг харин Тони болон Фил Эспозитог бол ах дүү гээд мэддэг байж.
Хүүхэд насаа ярихаар хөлбөмбөг, хоккей санаанд буудаг шиг хоккей ярихаар яалт ч үгүй шинэ жил бодогдох. Шинэ жилийн уур амьсгалыг хоккей л эхэлж оруулдаг сан. Хамгийн гоё, хамгийн дуртай баяр маань хоккейтэй яагаад холбогддог гэж үү? Тэр үед жил бүрийн арванхоёрдугаар сарын дундуур Москва хотноо “Известия” сонины нэрэмжит олон улсын хоккейн тэмцээн болдог байлаа. Бүх тоглолт нь зурагтаар гарч, ЗХУ, Чехословак, Швед, Финланд, Герман, хамгийн гол нь Канадын баг энэ тэмцээнд ирнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг, маш гоё тэмцээн. Энэ тэмцээнд зориулсан “Футбол и хоккей” сонины дугаар өнгөтөөр гарна. Цасан ширхэг, цасан хүн, сонины толгой зэрэг нь л цэнхэр өнгөтэй, бусад нь хар, цагаан байдаг ч бидэндээ л өнгөт сонин байсан юм даг. “Приз Известий” эхэлнэ гэдэг шинэ жил хаяанд ирснийг, пионер, сурагчдын өвлийн амралт ойртож буйг зарладаг байсан болохоор бүүр ч гоё. “Снеговик” буюу хоккейн дуулга өмсөж, цохиур мод барьсан цасан хүн бол миний хувьд Москвагийн олимпын Мишатай эн зэрэгцэх, спортын түүхэн дэх хамгийн өхөөрдөм, хамгийн хөөрхөн бэлгэдэл сахиусын нэг мөнөөс мөн. Бас түрүүлсэн багт өгдөг томоо гэгч “Самовар” хамгийн өвөрмөц, дахин давтагдашгүй цом байж дээ.
Энэ тэмцээнийг үзэж байж л бидний үеийнхэн “Өндөр Гонгор” гэж нэрлэсэн өнөөх Германы Эрик Кюнхагль гэдэг хоккейчийг анх харж байж. 14 дугаартай, эв хавгүй ч гэмээр тахийсан өндөр нөхөр багтаа бол од нь. Мэдээж хоккейн томчуудыг надаар хэлүүлэлтгүй хоккей сонирхогчид, спортын хорхойтнууд санаж буй болохоор хүмүүсийн санаанд тэр болгон ордоггүй ч, эргээд дурсахад дүр нь зураг шиг буух тамирчдыг өгүүлж буйг дахин хэлэх юун.
За Финланд, өөрсдийнх нь хэлээр бол Суоми. Эхлээд хамгийн гоё, дэгжин хээнцэр, ганган өмсгөл, чамин хийцийн дуулга нь санаанд буух. Тоглогчдоос бол хаалгач Антеро Кивеля гээд нэг их гоё багтай, тэр үед багтай хаалгач бараг хардаггүй байсан болохоор их содон. Бас Юкка Порвари гээд ширвээ сахалтай, 25 дугаартай мундаг довтлогч, хамгаалагч Рейхо Роутсалайнен нар одоо ч сэтгэлд тэр л үеийн дүр төрхөөрөө шууд л буух.
Шведийн баг бас л ганган. Хувцсаараа ч, тоглолтоороо ч. Ах минь фэн нь байсан болохоор гурван титэмт, цагаан баавгайтнуудын багийн ахлагч Матс Валтин гээд бавайсан хууз сахалтай, баавартай нөхрийг хамгийн сайн таньдаг байлаа. Аль дээр НХЛ-д тоглох болсон Андерс Хедберг, Берьё Сальминг, Дан Лабраатен нарыг сайн мэдэх ч тоглолтыг нь бараг үзэж байсангүй. Харин цав цагаан багтай хаалгач Пелли Линдберг, ширвээ сахалт хаалгач Петер Линдмарк, шавилхан биетэй ч, уран гоё тоглолттой Матс Нэслунд, адтай, гоолын одтой Хокан Лооб, Эрикссонууд, Бенгт Оке Густафссон нарыг ЗХУ-д болдог дээрх тэмцээний үеэр мөн ч олон харсан даа.
Эднээс зориуд тодоор дурсах тоглогч бол хаалгач Пелли Линдберг. Үргэлж л цав цагаан баг (маск)-тай зогсох энэ залуу ид гялалзаж байсан, 26-хан настайдаа зам тээврийн ослоор харамсалтайгаар хоккейг, хорвоог орхисон юм. НХЛ-д очоод хоёр дахь жилдээ л “Бүх оддын” тоглолтод оролцож, 1985 онд хоёр дахиа, 1986 оны “Бүх оддын” тоглолтын санал хураалтыг тэргүүлж яваад харамсалтайгаар нас барсан билээ. Түүнийг лигийн 1986 оны “Бүх оддын” тоглолтод нэхэн сонгосон нь Хойд Америкийн спортын түүхэнд анхных болон мөнхөрсөн юм.
Манай спорт, тэр тусмаа хоккейн хорхойтнууд ЗХУ, Чехсловакийн тоглогчдыг хамгийн сайн мэднэ.
Манай спорт, тэр тусмаа хоккейн хорхойтнууд ЗХУ, Чехсловакийн тоглогчдыг хамгийн сайн мэднэ. Олимп, дэлхийн аварга, бусад тэмцээнээр ихэнхдээ л энэ хоёр баг аваргын төлөө үлддэг байсан болохоор тэр. Глинка, Новы, Новак, Мартинец, ах дүү Штясны, Дворжак, Ружичка, Руснак, Поузар, Хрдина гээд л бараг л он оны баг, багаар нь хэлэхээр. Дээхнэ үеийн Холечек, Поспишил, сүүлд тодорсон Хашек нарыг бол бүгд л мэдэх байх.
ЗХУ-ын тухай бол манайхан бүүр “уншина”. Ялангуяа үе үеийн “первая тройка” (гарааны гурвал), “пятёрка” (тавал)-г. Гэхдээ л тэдний сүүдэрт дарагдаагүй, сэтгэлд тодхон олон хоккейчин бий. “Динамо”, “Рига” багаас цор ганцаараа л шигшээд ирэх ширвээ сахалт Хельмут Балдерис баруун захаар бол баараггүй л ороод ирдэг сэн. Домогт В.Третьякийн хаалганд нэг тоглолтод дөрвөн шайб оруулсан цорын ганц хоккейчин гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу.
Бас Чапаев шиг сахалтай, трактор шиг биетэй Виктор Жлуктов байна. В.Третьяк гэснээс энэ агуу хаалгачийн сэлгээнд Владимир Мышкин мөн ч олон жил суусан даа. Яагаав 1980 оны Лэйк Плэсидийн олимпод АНУ-д хожигдоход В.Третьякийг сэлгэн сүүлийн хоёр үед хаалгаа манаад балраагүй юу. Ингэхэд Ирек Гимаев харваас хав хар үстэй, “хар хархан харцтай” манай “талын” л хүн байлаа, тэр үеийн “Улаан машинууд” дунд. Башкир ч бил үү, бага ч бил үү гаралтай гэлцдэг, сайн ярьвал “садан” болж мэдэхээр ганц хоккейч байж. Бас Геннадий Цыганков гээд цыган ч юм уу, эсвэл зүгээр л тийм нэртэй ч юм уу, нэг нөхрийг санаж байна.
АНУ-ын багийг дэлхийн аваргаар, олимпоор хардаг ч танил муу байлаа. Харин 1980 оны
олимпоор мөсөн дээрх гайхамшгийг бүтээснээр Жим Крэйг, Майк Эризон, Марк Жонсон нарыг шүтэн биширдэг тоглогчдынхоо тоонд баттай оруулсан юм. Мөн энэ багийн дасгалжуулагч Херб Брукстай хожим 2002 оны Солт Лэйкийн олимпын тосгонд таарч, хэдэн хором ярилцаж, хамтддаа “патиараа” татуулж байсныг энэ мөчид дурсахгүй байж чадахгүй нь.
Эцэст нь Канадын тухай. Өрөөлийн багийг эхэлж ярьж байгаад “өөрийн” багаа эцэст өгүүлэх нь зүйд нийцэх болов уу. Хүүхэд наснаасаа дэмжсэн болохоор Канадын хоккейн тухай хэчнээн ч ихийг өгүүлж болох. Шүтээн болсон Уэйн Гретцкиг анх гарч ирэхтэй л “Агч навч”-ныхантай орооцолдсон. “Агуу нэг”-ийг, “Мөнхийн 99”-ийг мэдэхгүй хүн өдрийн од шиг тул дурдаад л орхиё. Дэлхийн аваргаар НХЛ-ийн плэй-офф давхацдаг болохоор шилдэг багийн шилдэг тоглогчид Канадын шигшээд ирэхгүй. Голдуу л Марсель Дионн, Ги Лефлер нарын дундаж од ирнэ. Өнөөх Майк Босси, Дэнис Потвин, Лэрри Робинсон , Рэй Бурк, Пол Коффи нарыг хааяа нэг харна, “Канадын цом”-оор бол бүгдийг нь нэг доор хардаг байж.
Ийм л олон сайхан хоккейчин, хүүхэд настай минь, шинэ жилтэй, шинэхэн цастай, мөстэйгөө цан хүүрэгтэй цуг үлдэж дээ.
Ц.Энхтүвшин
Өнөөдөр сонин
URL: