Ж.Эрдэнэбатын яриад байсан НОГДОЛ ашгийг Д.Ариунболд үгүйсгэв

18130

Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн жилийн наадмын өмнөхөн “Энэ жил бидний сайн мэддэг 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан” хэмээн үгээ давтаж байсан билээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд 1072 хувьцааны талаар дараах зүйлийг өгүүлж байна.

Анх 1,072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 2010 онд тараасан. Хувьцааг “амь” оруулсан ч үндсэн компани өр төлбөртэй, үйл ажиллагаа муу байвал унадаг зарчимтай. Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-ийн дэмжлэг, зөв шийдвэрийн үр дүнд манай удирдлагын баг чармайж ажилласан. Үүний үр дүнд 1072 хувьцаа үнэ цэнэтэй болох боломж бүрдэж байгаа. Компанийн ТУЗ хуралдаж Засгийн газар болон толгой компани “Эрдэнэс Монгол”-ын удирдамжийн дагуу  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр боллоо. Тэгэхээр компанийн хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмч “Эрдэнэс Тавантолгой” компанийн баланс дээр баталгаажлаа гэсэн үг. Ингэснээр хоёр сая хувьцаа эзэмшигч албан ёсных болох боломжтой. Тиймээс ойрын хугацаанд ажлаа цэгцэлж Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд гэрээ байгуулах хүсэлт өгнө. Үүний дүнд компанид хэр олон  хүн,  хэдэн хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно.

Хувьцаа эзэмшигчийн өмч баталгаажсаны дараа хоёр дахь зах зээлд бүртгүүлж Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны эрх нээгдэнэ. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэнэ. Хурал хуулийн дагуу энэ сарын сүүлчээр болох ёстой. Алдагдалтай ажиллаж байгаа компани ногдол ашиг тараадаггүй. Тиймээс Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ногдол ашиг өгөх боломжтой” гэсэн байна.

Дахиад сануулахад, Ж.Эрдэнэбат ЕС байхдаа “Монголд зарагдаж байгаа бүх нүүрснээс хувийн хэвшлийн зарж байгаа үнээс өндөр үнээр Таван Толгой компани зарж чадаж байна. Энэ бол гуравдагч зуучлагчгүйгээр хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид борлуулж байгаа учраас Таван Толгой компани Чалко компанийн өрийг дарж, хагас жилийн дотор улсад 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Энэ жил бидний сайн мэддэг 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан. Цаашид бид Засгийн газрынхаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно” гэж байсан юм.

Эх сурвалж: Hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих