Татварын өртэй компаниудыг 151 тэрбум төгрөгөөр “Алтандорнод Монгол” тэргүүлж байна

Татварын өр төлбөрийн нэхэмжлэлээрээ Монголдоо толгой цохиж яваа “Алтандорнод Монгол” ХХК-ийг дампууруулах тухай яриа албан ёсоор тавигдаж эхэллээ. Энэ тухай болон “Алтандорнод Монгол”-той холбоотой цоо шинэ мэдээллийг манай сонин уншигчиддаа хүргэж байна.

ГУРВАН ЖИЛ ДАМНАСАН ШҮҮХИЙН МАРГААН

Түүх ингэж эхэлдэг. “Анод” “Зоос” банкны эрх хүлээн авагч нар хоёр банкинд их хэмжээний өртэй “Алтандорнод Монгол” ХХК-ийг дампуурлах  хүсэлт бүхий нэхэмжлэлийг анх  Баянгол дүүргийн шүүхэд өгчээ.  Тэдний энэ хүсэлтийг шүүх хүлээн авч, хянаад  дампуурлын хэрэг үүсгэв. Уг нь бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг  дампуурлах  шийдвэр гарвал тус компанийн бүхий л хөрөнгийг битүүжилж,  төрд төлөх ёстой мөнгийг нь төлүүлэх боломжтой болох байлаа. Тус компани татвараас гадна хувь хүн, банк санхүүгийн байгууллагад их хэмжээний өртэй учраас  татварын алба “Алтандорнод Монгол”-ын хөрөнгийг хамгаалуулах хүсэлт гаргаж, шүүхийн захирамж гаргуулжээ. Харин энэ захирамжид “Алтандорнод Монгол” ХХК хариу нэхэмжлэл мэдүүлж, гомдол гаргаж эхлэх нь тэр. Ингээд л өнөөх дуусдаггүй үлгэрийн далай бас нэгээр нэмэгдэв. Татварын алба “Алтан дорнод Монгол”-ын эсрэг  гомдол гаргаж, хариуд нь хариуцагч компани бас гомдол гаргасаар… Шүүхийн захирамжийг ингэж “агаарт замхруулах” ажиллагаа гурван жил үргэлжилж байна. Хамгийн гол нь татварын өр төлбөрөөсөө зугтахын тулд тэд шүүгчдийг байн, байн солих хүсэлт тавьдаг, сольдог, улмаар цаг хождог уламжлалт тактикаа одоог хүртэл хэрэглэсээр иржээ. Энэ тактикт нь шүүхийн байгууллага мөн өнөөдрийг хүртэл “унасаар” байгаа. Сүүлийн гурван жилийн турш буюу  2008-2011 онд татварын өр төлбөрөөсөө ганц сохор зоос ч төрд төлөөгүй явж чадсан “Алтандорнод Монгол”-ын хэрэг улам сунжирсаар…
Сүүлдээ бүр улаандаа гарч,  “Алтандорнод Монгол” ХХК  өөрсдийнхөө тайлагнасан 65,0 тэрбум төгрөгийн татвараа ч төлөхөөс зугатааж эхэлжээ. Монголын татварын хуулийн  дагуу хувь хүн, аж ахуй нэгж хуулийн хугацаанд олсон орлогынхоо хэмжээг өөрсдөө тайлагнадаг, түүнээс нь татвар тооцож авдаг. Гэтэл “Алтандорнод Монгол”-ынхон “Бид 6.5 тэрбумын ашигг олсон” хэмээн мэдүүлсэн хэрнээ л татвараа төлөхгүй одоо хүртэл зугатсаар байна. Тавар буй дор төр буй, төр буй дор татвар буй гэсэн үг бий. Харин Монголын төр, төрд мөнгө цуглуулж өгөх үүргтэй Татварын Ерөнхий газар “Алтандорнод Монгол” гэгч энэ компанийн хажууд юу ч биш бололтой. Тэд монголын төрийг хүртэл уландаа гишгэж, татвараа төлөхөөс зайлсхийсээр байна.

ДӨРВӨН УДАА ШИЙДВЭР ГАРСАН Ч…

“Алтандорнод Монгол”-ын татварын нийт өрийн 7 хувь буюу 10,6 тэрбум төгрөгийг гаргуулахаар дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүнийг дор сийрүүлбэл,
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох,
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас  5 тэрбум төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох,
Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр  “Алтандорнод Монгол” ХХК-наас  807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох,
Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  563,3 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгохоор  тус тус шийдвэрлэсэн байх юм. Гэхдээ шүүхийн энэ шийдвэрүүд  зүгээр ч нэг гарчихаагүй. Хариуцагч тал шүүхийнхнийг “найрах” маягийн улигт аргаа мөн л хэрэглэсэн бололтой. Шүүхийн үийдвэр гарлаа гээд ч мөнгөө төлсөнгүй.  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Алтандорнод Монгол”-ын өрийг барагдуулахаар ажиллаж эхэлтэл бас л “Алтандорнод Монгол”-ынхон дөрвөн шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэлийн баримт бичгүүдэд гомдол гаргажээ. Хамгийн сонирхолтой нь ашиг олсон хэрнээ татвараа төлдөггүй хэтэрхий том толгойтой “Алтандорнод Монгол”-ын хүсэлтийг СБД-ийн шүүхийнхэн хүлээж авч,  “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргаж өгсөн байх юм.  Үүний шанд “Алтандорнод”-ынхон дахиад л цаг хожиж, татварынхан дахиад л шүүхээр гүйж, баахан зардал чирэгдэл болж байж энэ захирамжийг хүчингүй болгожээ.

САНГИЙН ЯАМНЫ Ч ЧАДАЛ ДУТАЖ БАЙНА

“Алтандорнод Монгол” компанид татварын өр төлбөрөө барагдуулахгүй байх бүрэн эрхийг хэн ч олгоогүй нь мэдээж.  Гэхдээ л тус компанийг татварын алба байтугай Сангийн яам ч хөдөлгөж дийлэхгүй байна. Тус компанийн эд хөрөнгийг нь битүүмжлэж, худалдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа гэж албаны эх сурвалжууд баахан зарлаж, дуулиан шуугиан байнга дэгдээж байдаг энэ компанийг худалдаж авах сонирхолтой нэг бус хүн ар араасаа гүйцгээсэн.  Үүнэс гадна Татварын албаны зүгээс  тус компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлэх хүсэлтээ НШГА-нд өгчээ. Энэ ажил нь Сангийн Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан байх юм. Гэвч дахиад л таг.  Цаашид хуулиар олгогдсон эрхийн дагуу эд хөрөнгийн үнэлгээчнийг томилох, газар дээр нь очиж үнэлгээ хийлгүүлэх, үнэлэгдсэн үнээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулах, өр төлбөрийг барагдуулах зэрэг шат дараалсан процесс ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хийх ёстой ч хөдлөж чадахгүй сусаар л байна.

Т.ГАНБОЛД ГЭГЧ ХЭН БЭ?

“Алтандорнод Монгол” компанийн анхны эзэн хэн болохыг Монгол даяараа андахгүй мэднэ. Олон Улсад зард гарсан Паушок гэгч энэ луйварчин өөрөө хил дамнан зугатаж, Монгол улсыг Арбитрын шүүхэд өгсөн. Ёстой нөгөө тэмээн дээр ямааны гарз гэгчээр 151  тэрбумын татвараа авч чадаагүй Монгол Улс энэ луйварчнаас заргаа салгаж авахын тулд бараг тэрбум төгрөг зарцуулан өмгөөлөгч хөлсөлсөн. Гэвч Паушок бас л арга залиа хэрэглэсээр… Сүүлийн хэдэн жил үүд хаалгаа барьж, ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй байсан “Алтандорнод Монгол” гэнэтхэн шинэ эзэнтэй болов.  Монголын төрд 151 тэрбум төгрөгийн өртэй  Т.Ганболдын тухай цухас сонирхуулъя. Монгол Улсын иргэн Т.Ганболд гэвэл нэг их олон хүн танихгүй. Харин Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байсан нөхөр гэвэл бараг бүгдээрээ танина. Хөрөнгө мөнгө идсэн хэрэгт шалгуулж байсан Т.Ганболд Баянголын дэргэд тэнгэр баганадсан зочид буудал барьж, Нүхтийн аман дахь тансаг зочид буудалдаа халуун орны солонгосрон өдтэй тогос хүртэл тэжээдэг баян эр. Гэхдээ тэр хаанаас ингэтлээ баяжсныг нь хэн ч мэддэггүй. Бас түүнийг албан тушаалын хэрэгт шалгагдаж байсныг нь хэн ч мартаагүй байна. Т.Ганболд ямар аргаар “Алтандорнод Монгол”-ын эзэн болсон,түүний эрх үүрэг  хуулиар баталгаажсан эсэх асуудал одоо ч эргэлзээтэй хэвээр. Өөрөөр хэлбэл зөвхөн нэрнээс цаашгүй энэ битүү хүн  хэргийг сарниулж, цаг алдуулдаг “Алтандорнод Монгол”-ын  бас нэгэн башир арга заль ч байж мэдэх юм. Энэ компанийн шинэ удирдлага  гээд өөр хүний нэр гараад ирсэн учраас дээр дурьдсанчлан “Алтандорнод Монгол”-ын захирлын эрх, үүрэг хууль ёсны дагуу шилжсэн эсэхийг дахиад л судалж үзэх хэрэг гарчээ. Бас л цаг алдах,  хууртах явдлаас  болгоомжлохоос өөр аргагүй байдалд хүрлээ гэсэн үг. Сонирхолтой нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар “Алтандорнод Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн өөрчлөлтийн бүртгэлийг баталгаажуулж бүртгэсэн байна. Харин УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн алба энэхүү бүртгэлийн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байна.

ТАТВАРЫН АЛБА “АЛТАНДОРНОД МОНГОЛ” –ЫН БИЗНЕСИЙН  НЭР ХүНДЭД ХАЛДЛАА

Монголын татварын алба татварын өртэй байгууллагуудтай өөрсдийн хэмжээнд тэмцдэг, тэр бүр бизнесийн нэр хүндэд нь халдаад байдаггүйг хэн хүнгүй мэднэ. Харин “Алтандорнод Монгол”-ын тухайд татварын өрийнх нь тухай мэдээлэл ил болов. Хамгийн сүүлийн баримт гэхэд “Алтандорнод Монгол” ХХК-ийн 2008 оны татварын ногдуулалт төлөлтөд хийсэн шалгалтаар 75,3 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. “Алтандорнод Монгол” ХХК-ны зүгээс актын төлбөрийг эс зөвшөөрч ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд, улмаар  Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шатанд  дараалан гомдол гаргаж хэргийг хянуулсан. Маргаан таслах зөвлөл, шүүхийн хоёр шатны шийдвэрээр Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн тул тус компани хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж, энэ хэрэг дахин сунжирч байна. “Алтандорнод Монгол”-ыг хэрсэн өрийн тооцоо ийнхүү гинжин хэлхээ шиг  уртассаар, томорсоор…

АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО

Д/д    Татварын өр  мян/төг    Дүн мян/төг    Үндэслэл, нэхэмжлэгч    Тайлбар

1.    Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр

10 693 639,8    4 300 519,8    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.
5 022 484,0    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас  5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т
Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.
807 288,8    Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1562 тоот шийдвэрээр  “Алтандорнод Монгол” ХХК-наас  807 288 800 төгрөг гаргуулж НТГ-т
Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.
563 348,0    Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 112 тоот  шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас  563 348 000 төгрөг гаргуулж НТГ-т    Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.
2.     Тайлангаар үүссэн өр, төлбөр

65 071 499,3    64 555 957,9    ТЕГ-ын УТОХГ-т ирүүлсэн тайлангаар     ААНОАТ, НӨАТ,ЗБҮӨАТ
157475,8    Нийслэлийн татварын газарт ирүүлсэн тайлангаар     ХХОАТ
27 081,8    Хан-уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
156 055,0    Төв аймгийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар     Газар, усны төлбөр
174 908,8    Архангай аймгийн татварын хэлтэст татварын тайлангаар     Газар, усны төлбөр
3.    Хяналт шалгалтаар ногдуулсан өр, төлбөр

75 325 324,1     75 325 324,1    Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300916 дугаар актаар 75 325 324,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.
Дүн     151 090 463,2    151 090 463,2

shudargamn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.