Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүүгээс болж хүний амь хохирч, барилгын компанийн захирал залуу олон зуун сая төгрөгийн өрөнд унажээ

МАН-ын гишүүдээс хамгийн азтай, бас албан тушаалын одтой нь Р.Содхүү. Урьд нь Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Р.Содхүүгийн суудлыг саяхан Мэргэжлийн хяналтын газрын даргын суудлаар сольж өгсөн. Уламжлал, шинэчлэл ярьж, дарга нараа үе үе сандаргадаг Р.Содхүү өөрийгөө шударга  ариун явдалтан хэмээн ил тод зарлах нь бий. Гэвч түүний энэ реклам бодит байдалд  төдийлөн сайн нийцдэггүй бололтой. Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү барилгын компанийн захирал нэгэн залууг олон зуун сая төгрөгийн өрд унагаж, хөлдөө чиржээ. Энэ хэрэг иргэний хэргийн шүүхээр удаа дараа орж, олон арван  сая төгрөгийн өр төлбөр тавигдсаар өнөөг хүрсэн байна. Монголын хөрөнгийн биржийн нэхэмжлэлтэй уг хэргийн учиг зангилааг уншигч тантай хамт тайлая. Монголын  хөрөнгийн бирж 2006 оны  арав дугаар сард Энхтайван захиралтай “Анард” ХХК-иар өөрийн ажилчиддаа  зориулж 16 айлын байр, төмөр хашаа бариулах гэрээ хийжээ. Энэ гэрээний нийт дүн нь  217,8 сая төгрөг бөгөөд 2007 оны долдугаар  сарын 5-ны  дотор “Анард” ХХК ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон байна.  Гэрээ ёсоор Хөрөнгийн бирж 171.5  сая төгрөгийг “Анард” ХХК-ны дансанд шилжүүлжээ. Гэтэл “Анард” ХХК нь гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгсөнгүй. Хөрөнгийн биржээс мөнгө гарсан байтал гүйцэтгэгч тал юу ч хүлээлгэж өгөөгүйгээс гомдол гарч, Хөрөнгийн бирж одоо тус компаниас 171.5 сая төгрөг нэхэмжилж байгаа аж. Нэгэнт л гэрээ хийсэн, бас мөнгөө төлсөн учраас барилгаа дутуу бариад явсан “Анард” ХХК хариуцлага хүлээх ёстой л болж таарна. Гэвч Шүүх хуралдааны үед хариуцагч “Анард” ХХК-ны захирал С.Энхтайван огт өөр мэдүүлэг өгч олныг гайхшруулжээ.

Р.СОДХҮҮ ДАРГЫН ТУШААЛААР СЭЛЭНГЭД БАЙШИН БАРЬСАН

Тэрбээр “ Би гэрээ хийж,  Хөрөнгийн биржээс  171.5 сая төгрөг авсан нь үнэн. Хөрөнгийн биржийн ажилчдын зуслангийн байрыг Сэлхэд бариад эхлэж байтал  тус байгууллагын даргаар Р.Содхүү ирсэн.  Р.Содхүү дарга ирэнгүүтээ  анх гэрээнд тусгагдсан Сэлхид биш Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цаана Монголын хөрөнгийн биржийн туслах аж ахуй болох үр тарианы бригад дээр очиж наад барилгаа барь гэж үүрэгдсэн. Сэлэнгэд баригдсан энэ барилгыг “Бүрэн эрдэнэ монос” ХХК-ийн нэр  дээр бариулсан гэж тайлбарлаж байгаа юм.
Барилгын “Анард” компанийн залуухан дарга Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу барилгыг барь гэж хэлсэн газар нь шилжүүлэн барьсан гэнэ. Р.Содхүү даргын хий гэсэн ажлыг хийснийхээ төлөө өнөөдөр хөөрхий барилгачид хохирч үлдэх дээрээ тулж, шүүхийн хаалга хүртэл татаж байна.

Р.Содхүүгийн барилгаас болж нэг хүний амь эрсдэж, нэг хүн хагалгаанд орсон
Р.Содхүү даргын  өгсөн үүрэг даалгавараар Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цаана байшин барьсан  “Анард” компанийн залуус нэлээд хохирол амсчээ. Тэд Сэлэнгээс хот руу ирж явахдаа буюу 2007 оны 9 сард аваарт оржээ. Энэ ослын үеэр нэг хүн амиа алдаж, ажилчид хүнд хөнгөн бэртэл авч, захирал нь хагалгаанд орсон байна. Гэвч Хөрөнгийн биржийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Алтай шинэ ажлаа авангуутаа энэ хэргийг сөхөж шүүхэд хандсан юм. Х.Алтай дарга “Анард” компани тус байгууллагаас 171.5 сая төгрөг луйвардсан гэж үзэж байгаа бололтой. Харин “Анард” ХХК-ныхан байшинг нь барьж өгсөн. Гэхдээ Р.Содхүү даргын тушаалаар Сэлэнгийн Хөтөлд ажил хийсэн. Ямар нэг өр төлбөр төлөх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа юм. Хөрөнгийн биржийн дарга Х.Алтай юугаа ч мэдэхгүй хүүхэд биш. Тэр Хөрөнгийн биржийн орлого зарлага, хөрөнгө хогшил хаана байгааг нь сайн мэдэх хүн. Гэтэл “Анард” ХХК-ны араас яагаад нэхэл дагал болоод байна гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Хэрвээ “Анард”-ынхан Р.Содхүү даргын тушаалаар Сэлэнгэд Хөрөнгийн биржийн туслах аж ахуйд зориулан  байшин барьсан нь үнэн юм бол энэ тухай баримт Хөрөнгийн биржийн санхүү дээр байх ёстой. Гэтэл ийм баримт алга. Харин  “Бүрэн эрдэнэ монос” ХХК-тай туслах аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана гэсэн ганц гэрээ л олдсон аж.

Баячуудын балаг
Анхан шатны шүүх дээрх хэргийг авч хэлэлцээд Иргэний хуулийн зохих заалтуудыг үндэслэн “Анард” ХХК-иас 67.1 сая төгрөгийг гаргуулж, Монголын хөрөнгийн бирж ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75.099.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Харин уг барилгын байршлыг дураараа өөрчилж, өөр газар бариулан хөрөнгө, мөнгө  тарамдуулсан Р.Содхүү захиралд ямар ч хариуцлага оноосонгүй. Тэр ч бүү хэл  шүүхийн шийдвэрт нэр нь нэг ч удаа дурьдагдаагүй өнгөрсөн байх юм. Анхан шатны шүүхийн энэ шийдвэртэй санал нийлээгүй Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай Нийслэлийн шүүхэд давж заалдан гомдол мэдүүлсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж баталлаа.  Цагаан цаасан дээр хараар үлдсэн мөрүүд хэргийн үнэн мөнийг хадгалж үлддэг нь шүүх, хяналтын байгууллагад  нотлох баримт болдог. Харин энэхүү хэргийн тухайд сонирхол татахуйц нэгэн учиг байгаа нь экс дарга Р.Содхүүтэй шууд холбогдож байна. Тэр бариулсан байшингаа яагаад Хөрөнгийн биржийнхэнд мэдэгдээгүй, бас яагаад гэрээ зөрчснөө ч тайлбарласангүй. Төрд он удаан жил ажилласан, төрийн чухал албыг хэдэнтээ хашиж байсан Р.Содхүү дарга ийнхүү Хөрөнгийн биржийн нэрээр нэгэн барилгын компанийн залуу захирлыг хөлдөө чирч, өр ширэнд унагаж дөнгөжээ. Захиалгын гэрээ байгуулан, 100 гаруй сая төгрөг гаргасан Хөрөнгийн бирж ч мөн хөрөнгө эд хогшлоороо хохирч, хохирлынхоо талыг л олж аваад байна. Харин “Анард” ХХК-ны Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд барьсан барилга хэний өмч болох нь өнөө хэр тодорхойгүй үлдэв. Сэлэнгээс хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан Р.Содхүү дарга хувийн хөрөнгөө өөд татахын тулд Хөрөнгийн биржийн мөнгөөр ажил хийж байсан “Анард” ХХК-ынханг ашигласан байж магадгүй л юм. Тиймээс Хөрөнгийн биржтэй туслах аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана гэж байгуулсан  “Бүрэн эрдэнэ монос” ХХК-ийг шалгаж үзэхэд л хангалттай. Гэвч шүүхийнхэн энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй нам дараад өнгөрсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих