Хулгайн утас “ашигласан” хүнийг мөнгө угаасан гэж яллана

222643-06032018-1520313114-1741846311-Untitled-5Сүүлийн арван жилийн статистикаас үзэхэд хулгайн хэрэг тогтмол өсөж буй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд энэ төрлийн хэрэг 12 222 гарч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэд, байгууллагад учирчээ. Энэ нь 2016 оныхоос 34 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тиймээс хулгайн гэмт хэрэг, тэр дундаа халаасны хулгайчийн үйлдлийг таслан зогсоохоор нийслэлийн Цагдаагийн газрынхан гар утас борлуулдаг төвүүдийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хулгайд алдсан бараа худалдан авч, дамлан зарж буй хүнд лангуугаа түрээслэхгүй байх хэлцэлд хүрэв.

Энэ хүрээнд өчигдөр цагдаагийн байгууллагынхан гар утасны ченжүүдтэй уулзлаа. Халаасны хулгайч нар иргэдийн гар утас, хэтэвчийг нь “авдаг”. Ингээд хулгайлсан гар утсаа хямд үнээр ченжүүдэд худалддагийг хүн бүр мэддэг болсон. Харин өнөөх ченж нь тухайн барааг авсан үнээсээ ахиугаар бусдад борлуулдаг сүлжээ Монголд бий болсныг цагдаагийн байгууллагын эх сурвалж энэ үеэр мэдээлэв.

Тиймээс гар дээрээс утас борлуулдаг хүмүүсээс “буруу гарын” эд зүйл худалдаж авахгүй байхыг анхааруулав. Учир нь алдагдсан эд зүйлс авсан хүнийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэмт хэргийг байнга үйлдэж, зохион байгуулалтад орсон бол хохирлын хэмжээ харгалзахгүй 5-12 жил хорино” гэсэн заалт болон энэ хуулийн 18.6 дугаар зүйлийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорино. Уг хэргийг байнга үйлдэж, зохион байгуулалтад орсон бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу хариуцлага тооцох болжээ.

Г.Цэцэг

Өнөөдөр сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.