Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

28822809_1689864197740171_1222130393_o08:10 цаг

Зургааннастай М.Баяндүүрэн охин сургуульдаа явахын тулд өдөр бүр дөрвөн километр алхаж байж автобусны буудал ордог. Ээжийнхээ хамт хоёр ч автобус дамжиж, 23 буудал явсаар сая нэг юм сургууль дээрээ ирдэг. Өглөө эртлэн гэрээсээ гарсан охин үдшийн бүрийтэй зэрэгцэн замын холд сунаж унатлаа ядарсан “амьтан” гэрийн бараа хардаг юм. Энхрий нялх охин сургуульд сурч, эрдэм боловсрол эзэмшихийн тулд өдөр бүр найман километр газар алхаж, 46 автобусны буудал газрыг автобусанд өнгөрүүлдэг гэвэл та итгэх үү.

Өвлийн хүйтэн жавар, салхи, цасан шуурган дундуур ангаахай шиг жаахан охин сормуус нь цантаж, хоёр хацар нь улайчихсан, үзэг яаж барьж чаддаг юм бол доо гэмээр булбарай гар, жижигхэн хөлийнх нь хуруунууд даарсаар гэртээ харьдаг байна. Гэхдээ тэр “Ээж ээ, охин нь даараагүй ээ. Хэдхэн минут гүйгээд л гэртээ очно, тийм ээ. Аав ямар хоол хийсэн бол. Дүү өнөөдөр таныг эзгүйд уйлсан болов уу” гэж ээжийнхээ хоёр талд гарч, цоглог гэгч нь шулганан ярьсаар алхдаг М.Баяндүүрэн охины сургуульдаа хүрэх зам дэндүү хол. Охины гэрт очихын тулд Жуковын талбайгаас баруун тийш явсаар 37 дахь километрт буюу Эмээлтийн задгай руу салаад блокны үйлдвэрийн гэх сараалжин төмөр хашаануудыг тойрч явсаар Гарамын 3-84 тоот буюу З.Мөнхбаатарынхаас өөр айлгүй гэж болохоор эзгүй буйд газарт хүрэв. Өмнөх орой нь “Та нар өглөө 09.10 цаг гэхэд л манай гадаа ирэхгүй бол бид гараад явчихна” гэсэн тул ийн яарсаар иртэл хашааны үүдэнд ягаан куртиктэй, өөртэй нь чацуу гэмээр томоо цүнх үүрсэн жаахан бор охин зогсож байв. Биднийг харуутаа хашаан завсраар шагайгаад гэрийнхэндээ хэл дуулгаж байгаа бололтой “Ээж, ээж ээ” гэж хашгирснаа бидэн рүү боргох нохойгоо “Банхаар, банхар банхар. Чимээгүй бай” гэлээ. Охины ээж Ц.Болормаа гэрээсээ гарч ирснээр бид М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх замын хань болохоор машинаа орхиод замд гарлаа.

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

09:15 цаг

Бидний ирсэн машинаас өөр тээврийн хэрэгсэл яваагүй гэмээр цастай замаар төв зам бараадахаар бид алхлаа. Хэд алхаад л нийтийн тээвэр, таксинд суучихдаг хотын төвийнхний дэргэд зургаан настай М.Баяндүүрэнгийн хамгийн эхний автобусны зогсоол гэрийнх нь гаднаас 4.2 километр гэнэ. Хүн, малын хөлд дарагдаагүй, зөвхөн З.Мөнхбаатарынхан л явсан уу гэмээр цастай хэсэг дууссаны дараа блокны үйлдвэрүүдийн машинуудын гаргасан зам эхэллээ. Төв замын бараа тээр хол харагдах ч ээж, охин хоёр “Одоо юухэн байх вэ. Гэхдээ хурдлахгүй бол автобус цагаасаа өмнө ирчихэж мэднэ” хэмээн биднийг яарууллаа. Ийн явах зуураа Ц.Болормаа “Охин цасны гуталтай тулдаа өнгөрсөн өвөл гутал нь норж, сүйд болсонгүй. Өөр гутал байсан бол зам бараадаж амжилгүй хөл нь даараад явахгүй. Охиноо даарчихна гээд 4-5 өмд давхарлаж өмсүүлнэ. Малгайг нь зузаална. Заримдаа хоёр, гурван давхар ороолт зүүж өгнө. Бөндийсөн амьтан л сургууль руугаа орно шүү дээ. Сургуульдаа очих хүртлээ бас нэлээд юм үзнэ ээ. Охиноо эрдэм номтой хүн болгохын тулд суурийг нь сайн тавих гэж хичээж л байна. Хичээлийг нь нэг өдөр ч таслуулж үзээгүй ээ. Охиндоо хичээл тасалж болдог гэсэн ойлголт төрүүлэхийг хүсэхгүй байна. Охин маань онц сурвал хоёр дүүгээ аваад явчих байх гэж боддог. Манай гэрээс сургууль руу хамгийн ойрдоо 19 километр явж байж хүрнэ. Гэхдээ тэр замаар дандаа яваад байх боломжгүй учраас бид автобусаар хоёр дамжиж, нийт 23 буудал явж байж сургуульдаа хүрдэг. Ийм хол явдаг учраас л 11:20 цагт хичээл нь орох ёстой ч бид 09:10 гэж гэрээсээ гардаг. Ойр орчимд байгаа хамгийн ойрын бөгөөд харьяаллынх учраас 122 дугаар сургуулийн 1е ангид охин маань сурдаг. Манай энд цаг тутмын 51 минутад Эмээлтийн автобус ирдэг юм. 09:51-ийнхэд амжихгүй бол хичээлээсээ хоцорно” хэмээн ярив. Өдөр бүр зургаан настай охин энэ замаар хоёр удаа явж, ирдгийг, мөн очих газрынхаа талд ч хүрээгүйг сонсоод “Ойрд ийм хол газар алхаагүй юм байна” гэж хэлж чадсангүй.

09:55 цаг

Албан ёсны автобусны буудалгүй ч Эмээлтийн энэ хавийн иргэд зам дагуу зогсож байх бөгөөд автобусны жолооч хүн бүрийг түвэгшээлгүй зогсож аваад явдаг байна. Бид ч автобусандаа яг таарч суулаа. Алслагдсан газраас явж байгаа болоод тэр үү зорчигч цөөтэй байсан тул охин дуртай суудалдаа тухлаад авлаа. Дулаахан, цэвэрхэн автобусанд охин нэг нойрмоглох гэснээ “Өө, үсгээ уншья аа, ээж” гээд Цагаан толгойн номоо гаргаад бариад суучихав. Ээж, охин хоёр автобусаар аялдаг цаг гаруйн хугацаагаа ихэвчлэн шүлэг, дуу цээжлэх, цагаан толгойн үсгээ унших, хүрд тогтооход ашигладаг гэнэ. Хааяахан охин ээжийнхээ өвөрт тэврүүлэн унтсаар замынхаа ихэнхийг бардаг тухай ч ярьсан юм. Охиноос “Ийм хол газар, удаан явж сургуульдаа очихдоо заримдаа залхуурдаг уу” гэсэнд “Бусад хүүхэд ч бас сургуульдаа очихоос залхуурдаггүй юм чинь би залхуурахгүй ээ” гэх нь миний асуулт буруу хийгээд огтын хэрэггүй байсныг дор нь илчлээд өгөв. Тэгснээ “Эгч ээ, манай анги өчигдөр “З” үсэг үзсэн. Өнөөдөр “Ж” үсэг үзнэ. Би ангийнхнаасаа түрүүлж автобусанд уншиж очоод, хүүхдүүдийг уншиж байх хооронд нь дэвтэртээ бичээд, тэднийг бичиж байхад нь дахиад уншчихдаг юм. Тэгэхээр ерөөсөө мартдаггүй. Та “З” үсгээр эхэлсэн үг мэдэх үү” гэхэд ээж нь “Би замдаа үзсэн үсгээр нь эхэлсэн үгнүүдийг уралдаж хэлдэг тоглоом тоглодог юм. Тэгэхээр үгийн сан нь баяжаад, сэтгэн бодох чадвар нь сайжрах байх гэж боддог. Эхэндээ ихэвчлэн би хэлдэг байсан бол одоо охин энд тэнд байгаа үг, самбар дээрх зараас хүртэл “Өө тийм үсгээр эхэлсэн үг нэгийг олчихлоо” гээд олж хардаг болсон” гэв.

Мөн ээж охин хоёрын дуу, шүлэг цээжлэх арга их өөр гэнэ. Энэ талаар “Ангийн багшаас нь бид ирэх, буцах замдаа ямар нэг хэрэгтэй, өгөөжтэй юм хийж явмаар байна” гэхэд дуу, шүлгийг тоглоомын, хөгжөөнт аргаар амархан цээжлэх аргачлал зааж өгсөн. Энэ дагуу бид нэг буудлаас нөгөөд зогсох хооронд шүлгээ уншаад, дараагийн зогсоол хүртэл цээжээр унших, утгыг нь ярилцах байдлаар цээжилдэг” гэлээ. Биднийг ийн ярьж суутал хүнгүй шахам автобусны голоор хаясан базсан болон чихрийн хэд хэдэн цаасыг охин аваад дунд хаалганы хажуугийн сандлын доод талын хогийн саванд хийчихээд ирэв.

10:35 цаг

Эмээлтийн чиглэлийн автобуснаасаа Саппорогийн автобусны буудал дээр бууж, эсрэг талаас нь Толгойт, Тахилтын чиглэлийн автобусанд сэлгэж суухаар бууцгаалаа. Энэ чиглэлийн автобус Эмээлтийнхийг бодвол илүү түгээмэл тул бид буудал дээр дөрөв орчим минут хүлээгээд л “Тахилт-Саппоро-Гуравдугаар эмнэлэг” гэсэн автобусанд суугаад авлаа. Түрүүчийнхийг бодоход хүн ихтэй уг автобусанд оруутаа М.Баяндүүрэн ээжийнхээ гараас татаад нэг юм бувтнаад байсан нь өглөө болгон ундааны саванд хийж өгдөг бор цайнаасаа ууя гэсэн байжээ. Ээж нь “Манай тэнд дэлгүүр, хоршоо байх биш. Би охиндоо бор цайнд чихэр хутгаад ундааны саванд хийгээд өгчихдөг юм. Эхэндээ анги дээрээ гаргаж уухаас ичээд байна гээд байдаг байсан чинь одоо тоохоо больсон. Охин маань элдвийн чихэр, жимс нэхэж зовоогоод байдаггүй юм өө” гээд цайны савны амыг задалж өглөө.

11:15 цаг

Үнэхээр бид охиныхоос замдаа нэг ч хором түүртэж, алгуурлалгүй явсаар байгаад яг хоёр цагийн дараа сургуулийнх нь харалдаа автобусны буудал дээр буулаа. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутагт дэвсгэрт орших 122 дугаар дунд сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч өдгөө 1760 гаруй сурагчтай тул гурван ээлжээр хичээллэдэг. Баяндүүрэнгийн ангийнхан хоёрдугаар ээлж буюу 11:20-14:50 цагийн хооронд хичээллэнэ. Тус сургуулийн захиргаанаас “Гараас гарт” гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь сурагчдын аюулгүй байдлыг хамгаалсан чухал ажил юм байна. Тодруулбал, эцэг, эхчүүд хүүхдээ заавал багшид нь хүлээлгэж өгөөд, хичээл тарахад нь хүлээж авах ёстой. Энэ тохиолдолд хүүхэд гэр, сургуульдаа хүрэх замдаа гэмт хэрэг, бусад эрсдэлээс бүрэн сэргийлж чаддаг байна. Мөн өөр нэг олзуурхууштай зүйл нь сурагчид цэвэр, таатай орчин бүрдүүлэхийн тулд сургуулийн үүдэнд гутлаа цэвэрхэн углаашаар сольж өмсөөд анги руугаа ордог болжээ. Энэ нь Баяндүүрэнд өнөөх зузаан өмд, цамцнуудаа нимгэлэх боломж болж байлаа. Харин сурвалжлагын маань эзний ээж сургуулийн хажууханд байх танилынх руугаа явахаар гарсан юм. Тэрбээр гэр рүүгээ харих боломжгүй бөгөөд учир нь хичээлийн цаг туулах замын цагтай яг тэнцүү тул эндээ хүлээж байгаад нэг мөсөн аваад буцахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, охиноо сургуульд сургахын тулд өглөө гэрээсээ гараад орой хамт харихаас өөр сонголтгүй гэсэн үг.

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

11:25 цаг

Хичээлийн хонх таван минутын өмнө дуугарсан тул сурагчид байр байраа эзлэн ширээндээ сууцгааж, багштайгаа мэндлээд ирцээ бүртгүүлэв. 1е анги 48 сурагчтай бөгөөд ангийн багш Б.Нарантуяа “Зургаан настай хүүхдүүдийн сурах онцлог, арга барил маш өвөрмөц. Тэдэнд тохирч, өөрийнхөө арга барилыг тохируулна гэдэг бас чамгүй ажил юм аа. Би өмнө нь дөрөв, тавдугаар анги дааж авч байсан. Анхны нэгдүгээр анги маань энэ юм. Намрын нөхцөл байдлыг бодоход одоо бид учраа ололцоод, хүүхдүүд маань овоо болчихоод байна. Хэдийгээр номыг нь үзээд багшийн мэргэжил эзэмшсэн ч гэлээ нэгдүгээр ангид элсэгчидтэй хэрхэн ажиллах, арга барил үнэхээр дутагдаж байсан. Азаар “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн чадварлаг сургагч багш нарын сургалтад хамрагдсанаар маш их зүйл сурч, зургаан настнуудын онцлогийг түлхүү судалснаар илүү үр бүтээлтэй ажиллаж байна” хэмээн зургаан настнуудтай, тэр дундаа 50 шахам сурагчтай баргийн хүн ажиллахад бэрх талаар ярив. Биднийг ийн ярьж байтал Баяндүүрэн “Багш аа, би бие засах газар ормоор байна” гэлээ.

Охин биднийг дагуулан явах замдаа “Энэ манай номын сан байна. Бас энэ эмчийн өрөө” хэмээн сургуультайгаа танилцуулж явлаа. Олзуурхууштай нь тус сургууль анги танхим, номын сан, эмчийн өрөө, бие засах газар зэрэгтээ дөнгөж сургуульд элсэж байгаа уншиж чадахгүй зургаан настнуудад зориулан зурган таних тэмдэг тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлжээ. Ингэж явахдаа түүнээс “Чиний мөрөөдөл юу вэ” гэж асуусанд “Онц сураад, эмч болно. Бас Америк явна” гэсэн юм.

13:00 цаг

Монгол хэлний хичээл дээр гэрийн даалгавраа хамгийн цэвэрхэн, сайхан бичсэн хэмээн багшаараа магтуулсан М.Баяндүүрэн үдийн цайгаа уухад бэлэн болжээ. Шуугилдаж, инээлдсэн ангийнхан нь мантуун бууз, бүлээн цай хоёртоо сатаараад хэсэгхэн чимээгүй болоход багш нь “Бид сурагч нэг бүрийн хувийн мэдээллийг цуглуулж, бүртгэн архив хөтөлдөг болсон. Ингэснээр тухайн хүүхдийн зан байдлын онцлог хийгээд хичээлдээ ямар ахиц гаргаж байгаа, хэрхэн өсөж дэвжиж байгааг нь тодорхойлох, үнэлэх боломжтой. Мөн багш, эцэг, эхийн харилцах дэвтэр ажиллуулдаг болсон нь сурагчдын ар гэрийнхэн, багшийн хооронд байнгын харилцаа бий болж байгаа юм” гэж хэлээд амжив. Үргэлжлүүлэн “Манай Баяндүүрэнгийн хувьд ангиасаа ганцаараа хамгийн холоос буюу Эмээлтийн Баруун хоолой орчмоос хичээлдээ явдаг хүүхэд.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй ч Хүүхдийг ивээх сангийн “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн багш, эцэг эх, сурагчийн хамтын ажиллагаа, сурах арга барилтай холбоотой хөтөлбөрт хамрагдсанаарцэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг богино хугацаанд гүйцэж, одоо манай ангийн онц сурлагатай сурагчдын нэг болсон. Аав ээж нь үнэхээр мундаг хүмүүс. Хүүхдээ нэг өдөр битгий хэл нэг цаг ч хичээлийг нь таслуулдаггүй. Ирэх, буцах замаа маш үр бүтээлтэй өнгөрүүлдгийг олон жишээгээр хэлж болно” гэсэн юм. Зургаан настнууд гурав гурван үгтэй гурван өгүүлбэрийг унших гэж ангиараа “мунгинаж”, зарим нь зөв, зарим нь буруу хэлж багшдаа шалгуулсаар байтал бараг нэг цагийн хичээл нь өнгөрчихөж байгаа энэ танхим руу өдөр бүр яарсаар ирдгийнх нь гол учир сурах их хүсэл нь юм байна гэдгийг тэдний нүднээс мэдэрч зогссон билээ.

14:50 цаг

Хичээл тарж, бид гэрийн зүг гарцгаалаа. Энэ удаад ээжийнх нь “Уг нь ч нэг дөт зам бий л дээ. Даанч есөн километр алхаж байж төв зам дээр очно. Гэхдээ бид хоёр намар, дулаан цагт цөөнгүй удаа алхаж байсан” гэсний дагуу тэр замыг сонгон алхлаа. Сургуулиас гараад километр хэртэй явснаас хойш цэлгэр тал газартай золгож, нэлээд явсны дараа төмөр замын хоёр ч нүхэн гарцаар гараад, овон довонтой, гуу жалга үргэлжилсэн замаар бид хичээл дээр үзсэнээ давтан, ойр зуурхныг хуучлан алхаж өглөө. Шөнө орой битгий хэл өдрийн цагаар баргийн хүн явахад хэцүүхэн хийгээд зэлүүд, нохой, шувуу олонтой юм. Охин битгий хэл томчууд бид хүртэл замдаа хэд хэд халтирч унасан билээ. Охины ээж “Манай гэрийн тэндээс машин олдох биш. Бид хоёр гэрийнхээ автобусны буудлаас нэг удаа такси хөлсөлж үзсэн. Тэгсэн энэ замаар яваад 19 километр гарч байна гээд жолооч нь “Ийм аймаар замаар явсан юм чинь километр нь 1000 төгрөгөөр бодож мөнгөө авна” гээд баларсан. Бараг хэдэн долоо хоногийн автобусны мөнгөөрөө нэг талдаа тансаглах болчихоод гуйж байж 15 мянган төгрөг өгөөд арай гэж буусан. Тэрнээс хойш таксидах тухай бодохоо больсоон. Гэхдээ зам дагуу гээд зарим гайгүй жолооч сургууль хүртэл хүргээд өгч л байсан. Нөхөр бид хоёр ирэх жилээс машинтай болно гэж бодож байгаа” гэсэн юм. Түүнийг ийн ярьсны дараа “Танайх охиноо энэ холоос ингэж зөөж байхаар сургууль руу нь дөхөөд буучихвал амар юм биш үү” гэж асуутал “Манайх одоо байгаа блокны хашааныхаа манаачаар ажилладаг юм. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай. Нөхөр маань Төв аймгийнх, би Архангайнх. Гэхдээ шилжиж ирээд авсан хаяг нь одоо байгаа хашаа учраас өөр газар шинээр авах, нүүх боломж одоохондоо байхгүй” гэлээ.

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам

 

“Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс нэгдүгээр сарын 20-д гартал ёстой чөмөг царцам хүйтэн байсан. Тэр үед ч охиныг ингээд л хүргэсэн үү” гэхэд “Автобус дулаахан юм чинь санаа зоволтгүй ээ. Гол нь охиноо дааруулахгүй гэж л тийм олон буудал газар автобус дамжиж сургууль руу нь очиж байгаа юм шүү дээ. Тоодоггүй хүн бол ойрыг нь бодоод үүгээр явчих байх. Тэр хүйтний үеэр нөхөр маань охиноо хүргэж, авч байсан. Бид өдөржин сургууль дээр нь байгаад байлтай нь биш гээд тэр хавьд ганц нэг найзтай болсон. Бас хоол, хүнсээ цуглуулах гэх мэтээр цагийг ашиглана аа” гэхэд нь бид аль хэдийнэ таван километр зам туулсан байлаа. Хичээлийнх нь хажуугаар элдвийг шалгааж, бас автобусанд суугаад явчихаж болохоор байхад нь ирж болох дөт замыг нь мэдэх гэж алхуулсанд охин ядарсан бололтой алхаа нь удааширч, “Ээж би жаахан амарч байгаад даалгавраа хийнэ шүү. Эсвэл жаахан унтаж байгаад сэрээд хийе, тэгэх үү” гэхэд нь ээж нь охиноо үүрээд алхлаа.

16:00 цаг

Бид автобусаар явсан бол бараг таван буудал яваад ирэх замыг явган туулж, төв замд хүрээд такси зогсоохыг оролдсон боловч дийлэнх нь орон нутаг зорьж яваа учраас маш их хурдтай явах аж. Хаврын урь орсон мэт боловч цаанаа л жихүүн, хүйтэн салхи тас нясхийж охин битгий хэл бид даарч байлаа. Охинд ээж нь нэхий дотортой бээлий өмсүүлсэн гэх боловч булцгар жаахан гар нь улайж, чинэрээд хөлдөхөө дөхжээ. Нүдийг нь л үлдээж ороолт ороосон хэдий ч “Жаахан л даарч байна” гэхийг бодоход нэлээд даарч байгаа бололтой. Ингэж байтал нүүрс ачсан портер машин зогссонд охиныг ээжтэй нь суулгаад, бид хойноос нь унаанд дайгдахаар үлдлээ. Эндээс мөн л таван буудал газар явж байж гэрийнхээ харалдаах автобусны буудалд хүрнэ.

16:20 цаг

Хөлсөлсөн таксины жолооч маань блок зөөдөг том оврын машинуудын гаргасан замаас цааш явах боломжгүй гэсэн учир бид Баяндүүрэнгийнх рүү ахин нэг километр орчим алхаж хүрсэн юм. Энэ зам автобус дамжих хугацаанаас 30-аад минутын өмнө гэрт нь “хүргэдэг” юм байна. Охин гэртээ оруутаа дөрөв, гурван настай хоёр дүүгээ ээлжлэн үнсээд ядарснаа ч мартав бололтой.

Улаанбаатар хот, магадгүй манай улсын сургуульд суралцаж буй хүүхдүүдээс эрдэм ном сурахын төлөө хамгийн хол зам туулж байж сургуульдаа хүрч, гурван цаг 30 минутын хичээлдээ суучихаад өнөөх замаараа гэрээ рүүгээ буцдаг зургаан настай ганц сурагч нь Баяндүүрэн ч байж мэднэ. Хамгийн чухал нь тэр сургуульдаа хүрэх замыг урт, хол гэж огт боддоггүй. Гол нь тэр сургуульдаа явах дуртай. Өдөр бүр хол замыг туулан сургуульдаа яарсаар ирдэгМ.Баяндүүрэн охины эрдмийн их аян гэгээн, цагаан сүү шиг ариухан байх болтугай. Тэр багшийнхаа заасан шинэүсгийг ямар цэвэрхэн гоё бичдэг гэж санана. Харсан хүн болгон дуу алдмаар сайхан бичдэг юм байна лээ, хорголжин бор нүдтэй, холын том мөрөөдөлтэй тэр шавилхаан охин.

Б.ЭНХ

URL:

Сэтгэгдэл бичих