Гадны түрээслэгчдэд дарлуулсан иргэдээ өрөвдөх үү, өшиглөх үү?

3-7-3-550x300Баянзүрх дүүргийн нутагт байрладаг Оросын өмчлөлийн гэх тодотголтой орон сууцнуудад оршин суудаг иргэд  “Бид хүний эрх, хууль, шударга ёсноос гадуур гадны түрээслэгчдэд дарлуулж, дарамтлуулж амьдарч байна”  хэмээн зовлон тоочсоор 19 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд жагсаал, суулт, хэвлэлийн хурал өчнөөн  хийж, шат шатны байгууллагад өргөдөл гомдлоо өгч  тэмцсэн ч асуудал огт шийдэгдсэнгүй.

Иргэд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд түрээслэгч эзэд байнга солигдож байгаа. Дээр нь  ОХУ-ын Влатас ХХК-ийн зүгээс иргэдээс авдаг түрээсээ байнга нэмж, түүнийгээ монгол мөнгөөр биш ам.доллараар төлүүлэх болсон. Эрх ашгаа хамгаалж үг хэлсэн, гомдол гаргасан иргэд, айл өрхийн  усыг хааж, цахилгааныг хязгаарлачихдаг. Тэр бүү хэл, гэртээ усанд орж байсан хөгжлийн бэрхшээлтэй охины  гэрт дайрч орж айлган сүрдүүлсэн. “Байраа   сулла”  хэмээн эд  хогшлыг нь том цаасан хайрцагнуудад хийж  зөөж   гадагш гаргасан. Үүнээс үүдэн ханиад хүрч,  эрүүл мэндийн байдал муудаж байсан. Шүүхийн шийдвэр гарсан бол яах вэ гэх сэн, гэтэл тийм зүйл огт байхгүй. Иргэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өдөр болгон шахам дуудлага өгдөг. Цагдаа ирж хөөгдсөн иргэдийг буцааж байранд нь оруулдаг ч түрээслэгчдийн байдал өөрчлөгдөггүй. Гэртээ орж болохгүйгээр хаалгыг нь гагначихдаг, хашааны үүдийг цоожилчихдог, ийм учраас гадаа салхинд гарч ч чадахгүй болсон” гэхчлэн иргэд зовлон тоочиж байна.

Гэртээ орж болохгүйгээр хаалгыг нь гагначихдаг, хашааны үүдийг цоожилчихдог, ийм учраас гадаа салхинд гарч ч чадахгүй болсон” гэхчлэн иргэд зовлон тоочиж байна.

Ямар учиртай, яагаад иргэд эх орондоо, өөрийн газар нутагт  атал ОХУ-ын түрээслэгч компанийн дарангуйлалд ийм байдалтай  амьдарч байна  вэ. Энэ түүх 1971 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хоёр хүний гарын үсэг зурсан протоколоор эхэлсэн юм. Маш нууцын зэрэглэлтэй гэсэн учраас тухайн үеийн  АИХ, Засгийн газраар ч ороогүй.  Ингэж явсаар 2001  онд нууцын зэрэглэлээс гарсан. Тэрхүү протокол нь ганц  хатуу заалттай. Тэр нь тухайн үед Зөвлөлт Орос улсаас Монголд соицализм  байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлж байсан  мэргэжилтнүүдийг  байршуулах, тэдний ая тухтай байдлыг хангахад зориулсан 50 м/кв газар олгосон  тухай. Түүний 40 мянган м/кв нь нийслэлд, 10 мянган м/кв нь Дархан хотод мэргэжилтнүүдийг байршуулах, дэлгүүр, цэцэрлэг, сургууль зэрэг үйлчилгээний газруудыг барихад зориулагджээ.  Газрыг тухайн үед ямар ч татвар хураамжгүй, хугацаагүйгээр  БНМАУ-аас ЗСБНХУ-д өгсөн байдаг. Тэрхүү газар дээрх  обьектийг  Оросын хөрөнгөөр барьж босгоно гэж тохиролцжээ.   Ингэхдээ обьектийн доорх газраар тооцох бөгөөд орчин тойрны газар нь БНМАУ-ын газар гэж протоколд тусгасан байна.  1991  онд нийгэмд өөрчлөгдөж,  Монголоос Зөвлөлтийн мэргэжилтнүүд гарч зарим үйлдвэр, обьект, бүтээн байгуулалтыг манай улсад шилжүүлэн өгөх ажил өрнөсөн. Гэвч, Баянзүрх дүүрэгт байрлалтай 14 орон сууцыг шилжүүлж өгөлгүй өөрсдийн мэдэлд үлдээсэн юм. Уг нь 1991 онд нийгэм өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр  хоёр улсын  хоорондох  дээрх протокол   Олон Улсын Венийн  конвенц болон 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүчингүй  болох ёстой  байж. Гэтэл хууль зөрчсөн асуудал өнөө хүртэл үргэлжлэн  иргэдийг чирэгдүүлж байгаа нь энэ ажээ.

Түрээслэгч иргэд ч тухайн үед хууль зөрчсөн байранд орж байгаагаа мэдээгүй. Тэдний дотор тухайн үед гудамжинд амьдарч байсан хүн нэг ч байгаагүй. Зарим нь хашаа байшинд, зарим нь гэрт, эсвэл байгууллагаас өгсөн байранд амьдарч  байгаад нөхцөл сайжрах нь гээд Оросын байр руу  шилжиж орсон нь тэр. Гэтэл  хууль зөрчсөн түрээсийн байрны асуудал хуульчлагдсан хэлбэрт шилжиж, оросуудын мөнгө олох хэрэгсэл болж иржээ. Иргэдийн зүгээс байраа хувьчилж авах, Монголын талд шилжүүлэх асуудлыг удаа дараа тавьж, төр, засгаас ч анхаарал хандуулна гэж амлаж ирсэн ч  өнөө хүртэл өөрчлөлт гарсангүй. Оросуудын зүгээс  бид өмчийн эзэн учраас дураараа түрээслэх эрхтэй гэдэг. Тухайлбал, “Ээрмэл” компанид байраа түрээслэж байсан бол “Ажилчдаа гарга, бид Оюуны Ундраатай өндөр үнээр гэрээ байгуулсан. Эсвэл шинэ компанитай гэрээлсэн. Та нар 50 цент төлж байсан бол энэ хүмүүс нэг ам.доллар төлнө гэх зэргээр үнэ хаялцаанаар оршин суугчдыг хөөж гаргах зэргээр асуудал үүсдэг ажээ.

Иймээс 2002 онд тус  байранд оршин сууж ирсэн иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Цэц “Энэ нь тусгайлан дүгнэлт гаргах боломжгүй. Яагаад гэвэл, 1992 оны Үндсэн хуулиас өмнө гарсан баримт бичиг. 1993 оныг дуустал шинэ Үндсэн хуульд олон улсын бүх гэрээ, хэлэлцээр, хууль зөрчсөн асуудлуудыг нийцүүл гэсэн хууль батлагдсан. Тэр хуулийн заалтаар хүчингүйд тооцогдсон байна” гэжээ. Тэгэхээр манай Засгийн газар ОХУ-д асуудлыг тавьж, обьектийн асуудлыг шийдэх ёстой байж.

2008,2009 онд Оросын өмчлөлд үлдсэн 14 байраас найман  байр нь түрээслэгч, гишүүдийн холбоонд бүртгэлтэй байсан бөгөөд  тэд шүүхэд хандсанаар  нийтдээ зургаан байрны  үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээ хууль бус болохыг тогтоолгосон байна. Одоо  найман  байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчинтэй хэвээр  байгаа аж.  Түрээслэгч иргэд  үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Үндсэн хуулийн цэцэд хандаж ирсэн. Энэ удаа ч мөн хандаад байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл эрхээ зөрчүүлсэн хэвээр, сэтгэл санаа, эдийн засаг, амьдрах орчны  байнгын дарамт, шахалтад байна гэв. Монголын төр Оросын гэх тодотголтой өмч хувчлалын асуудлыг нэг тийш болгож, газар нутагтаа атал гадны түрээслэгчдэд  дарлуулсан  иргэдээ өрөвдөх үү, өшиглөх үү” гэдгийг шийдэх цаг нь иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.