Ерөнхий сайд Ли Көцян: Хятад Улс 2018 онд гангийн үйлдвэрлэлийг 30 сая тн-оор, нүүрсний хэрэглээг 150 сая тонноор бууруулна

15203331615a9e71696332d-Ерөнхий сайд Ли Көцян: 2018 онд гангийн үйлдвэрлэлийг 30 сая тн-оор, нүүрсний хэрэглээг 150  сая тонноор бууруулна-

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 5-нд 13 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган  эхлээд байна. Хэдийгээр ийм чуулган жил бүр болдог ч энэ удаагийнх дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа шалтгаан бий.

Тэр нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт юм. Нэг үгээр хэлбэл тус улс 1982 онд  баталж гаргасан Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байна. Энэ удаад Хятадын даргаар улиран сонгогдох хугацааг хоёр удаа гэсэн заалтыг өөрчилж хугацаагүй болгоно гэсэн  чиг хандлага байна. Ингэснээр Хятадын өнөөгийн Ерөнхийлөгч Си Жиньпин 2023 онд  гурав дахь удаагаа сонгогдох боломжтой болох юм. Хэрэв Үндсэн хуулийн  өөрчлөлтийг дэмжвэл цаашид төрийн эрх барих эрх мэдлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх мэдлийг түүнд олгож байгаа хэрэг юм. Энэ тохиолдолд  Си Жиньпи Мао Цзэдүнээс хойш Хятад улсыг хамгийн удаан удирдсан удирдагч болно.

Си Жиньпи улс орондоо авлигын эсрэг хатуу чигч тэмцлийг эхлүүлж, эдийн засгийг хүчирхэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэх, үр дүнг үзэхэд  сонгуульт 10 жилийн хугацаа хангалтгүй гэж үзжээ. Хэдийгээр манай урд хөрш улс төр, эдийн засгийн бодлогын залгамж чанар яв цав, тогтвортой байдаг ч  өнөөгийн удирдагчаа энэ цаг үеийн “аугаа хүн” хэмээн нэрлэж, төрийн эрх барих хугацааг ийнхүү сунгах нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байна.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулган/БХАТЧ/-ы тухайд

БХАТЧ нь тус улсын хууль тогтоох дэд байгууллага /парламент/ юм. Тус институци нь БНХАУ-ын төрийн тэргүүн болон  орлогч нарыг  сонгох, хууль тогтоомж батлах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих зэрэг үндсэн үүрэгтэй. Мөн Хятадын Ерөнхийлөгчийн  санал болгосоноор  Төрийн зөвлөлийн дарга, орлогч нарыг баталдаг. Төрийн Зөвлөл бол тус улсын гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч дээд байгууллага юм. Түүнчлэн Цэргийн төв зөвлөлийн дарга болон, Дээд шүүхийн тэргүүлэгчид, Ерөнхий прокурорыг томилдог.Мөн эдийн засгийн төв байгууллагуудын удирдлагууд бас багтана.

БХАТЧ улсын төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хөтөлбөрүүдээ баталдаг. Тус улсын хувьд Үндсэн хуулиндаа ардчилсан төвлөн удирдах зарчмыг суулгаж өгсөн байдаг  учир нам, төрийн бүх байгууллагууд  БХАТЧ-ын шийдвэрийг дагаж мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үг.

БХАТЧ жилд 1-ээс доошгүй удаа хуралдах ёстой ч депутатуудын тавны нэгээс доошгүй хувь нь шаардсанаар  хурал зарлах боломжтой.

Нийт депутатын тоог тодорхой заадаггүй ч 3000-аас илүүгүй байх ёстой гэж үздэг. 13 дахь удаагийн сонгуулүиар 2980 депутат сонгогдсон.

Харин БХАТЧ-ы хоорондох хугацаанд  Байнгын хороо үйл ажиллагааг нь хэрэгжүүлдэг. Ээлжит чуулганы эхэнд 160 депутатыг тэргүүлэгчээр сонгодог. Тус улсын парламент 5 жилийн хугацаагаар сонгогддог.

Сонгууль хэрхэн явагддаг вэ

Тухайн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө сонгууль явагддаг. Эндхийн сонгууль олон шатлалтай.

БНХАУ-д сонгуулийн хэд хэдэн том тойрог байдаг. Тухайлбал орон нутгийн 23 тойрог, 5 автономит район, төвийн удирдлага бүхий 4 хот, түүнчлэн Засаг захиргааны  тусгай бүс буюу Гонконг (Сянган), Макао (Аомэнь) гэх мэт. Эдгээрээс гадна зэвсэгт хүчний сонгуулийн  том тойрог буй.

Хятадын статистикийн мэдээнд дурдснаар тус улсад 55 үндэсний цөөнх бий. Үндсэн хуулийн заалт ёсоор тэдгээрээс дор хаяж нэг нэг төлөөлөгч сонгогдох учиртай.

Тус улсын Үндсэн хуулинд Хятадын Коммунист Нам нь улсыг “удирдан чиглүүлэгч хүч” хэмээн баталгаажуулсан байдаг. Иймээс сонгуулийн мандат үндсэндээ тус намд хуваарилагддаг. Гэхдээ ХКН-ын зэрэгцээгээр Ардчилсан нам хэмээх  улс төрийн хүчний найман төлөөлөл парламентад байдаг ч тэд шийдвэр гаргахад огт нөлөөлөх боломжгүй.

Хятадад 18 нас хүрсэн тус улсын иргэн парламентад сонгогдох эрхтэй.

Ерөнхий сайд Ли Көцян: 2018 онд нүүрсний хэрэглээг 150  сая тонноор багасгана

Чуулганы хуралдаанд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян илтгэл тавьсан. Түүний илтгэлд дурдсан зарим нэг онцлох үгийг түүвэрлэн  товчлон хүргэж байна.

Онцлох ишлэл: -2018 онд Хятад Улс гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 сая тонноор бууруулна. Ингэснээр чулуун нүүрсний хэрэглээг 150  сая орчим тонноор багасна.  Түүнчлэн  стандартад нийцээгүй 300 мянган кВт-аас бага чадалтай  нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгана.

- БНХАУ “Нэг улс-хоёр систем” гэсэн чиг Үндсэн хуулийн зарчим болон Засаг захиргааны тусгай бүс Сянган ба  Аомэний /Макоа/ тухай хуулийн  заалтаа хатуу сахин хамгаалж үргэлжлүүлэх болно.

-Бид улсынхаа бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийнхээ  бүрэн бүтэн байдлаа итгэл төгс хамгаалж, “Тайваний тусгаар тогтнол” гэж нэрлэгддэг салан тусгаарлах санаа  болон үйл ажиллагааг  ямар ч тохиолдолд зөвшөөрөхгүй

Стандартад нийцээгүй 300 мянган кВт-аас бага чадалтай нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгана.

- Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

- Хятад улс батлан хамгаалахын зардлаа энэ онд 8.1 хувиар нэмэгдүүлж, 1.11 их наяд юань буюу ойролцоогоор 175 тэрбум ам.долларт хүргэнэ. /Ингэснээр энэ салбарт зарцуулж буй хөрөнгийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрт эрэмбэлэгдэж байна. ред/

- Инфляцийн түвшинг 2018 онд 3 орчим хувьд хадгална.

- Ажилгүйдлийн түвшинг 218 онд 5,5 хувиас хэтрүүлэхгүй.

-БНХАУ хуацяо /хужаа/ нарт чиглэсэн бодлогоо тууштай даган мөрдөж, хилийн чанадад амьдарч байгаа тэдний хууль ёсны эрх ашиг,  Эх орон, элгэн садандаа эргэн ирэх хүсэл сонирхлыг  хамгаалах болно.

- Өнгөрсөн 5 жилд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүллээ.  Ялангуяа эрчим хүчний нөөц, төмөр замын тээвэр болон аж үйлдвэрийн бусад салбарт. Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн нэг ситемийг нэвтрүүлж, өмчийн эрхийг ахмгаалах системийг боловсронгуй болгов.

 - Санхүүгийн эрсдэл, ядуурал, байгаль орчны бохирдол гэсэн “гурван хямралын” эсрэг тууштай бодлогыг хэрэгжүүлнэ

Бэлтгэсэн: П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.