Нүхэн гарц хариуцах эзэнгүйн улмаас авто тээврийн осол нэмэгдлээ

Нүхэн гарц нь авто замын хөдөлгөөнийг саадгүй явуулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хэмжээнд ердөө хоёрхон нүхэн гарц байдгийг манайхан сайн мэдэх биз ээ.

Ирэх жилээс нийслэлд шинээр долоон газар нүхэн гарц баригдана гэж байгаа. Эхнээсээ Сансарын тунелийн орчмын нүхэн гарц баригдах ажил эхэлсэн ч одоогоор түр зогсчээ. Ер нь манайхан нүхэн гарцын зориулалтыг сайтар ойлгодоггүй гэлтэй. Тавхан алхмын цаана байгаа нүхэн гарцаар гарахын оронд дээгүүр нь хэнэг ч үгүй гүйгээд явчих нэгэн олонтаа харагддаг.

Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автомашины тоо өдрөөс өдөрт өсч байгаагийн хэрээр зам тээврийн осолд орох хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр нийслэлийн ачаалал ихтэй замууд нүхэн гарцгүй байдаг нь осол гарах гол шалтгаан болдог аж. Өнгөрсөн онд гэхэд 36 хүүхэд авто ослын улмаас амь насаа алдсан тоо бий. Холбогдох газраас авсан мэдээллээр өдөрт гурваас дөрвөн хүүхэд авто осолд өртдөг гэнэ.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд, насанд хүрэгчид, ялангуяа жолооч нарын үүрэг оролцоо чухал үүрэгтэй. Энэ хүрээнд нүхэн гарцын сэдвийг дахин хөндье. Чингэлтэй дүүрэг, IV хороонд байрлах “Хvнсний 20″-ийн урд талын нүхэн гарц ажиллахгүй байгаагийн улмаас хүүхдүүд хичээл, сургуульдаа явахдаа зам хандлөн гарч улмаар авто тээврийн осолд өртөх магадлал ихэслээ гэсэн гомдлыг иргэд манай сонинд ирүүлсэн. Ингээд нийслэлийн анхдагч нүхэн гарц болох “Хүнсний 20″-ийн урд талын нүхэн гарцыг зорьлоо.

Өмнө нь сурвалжилж байсныг бодвол гэрэл цахилгаантай байв. Энд худалдаа үйлчилгээ эрхэлдэг, түрээслэгч Ж.Цэцэгээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нүхэн гарц хаалттайн улмаас хүүхдүүд авто тээврийн осолд өртөх боллоо гэсэн гомдлын дагуу явж байна. Танайх хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Өвөл, зун гэлтгүй адилхан. Өглөө долоон цагаас оройн 22 цаг хүртэл ажилладдаг. Харин энд худалдаа эрхэлдэг хүмүүс өглөө ес өнгөрөөж ирээд орой 22 цагт хаадаг.

-Тэгвэл иргэдээс ирсэн гомдлын талаар?

-Шөнөдөө манаач манаж хонодог. Бид түрээсээ төлөхийн хажуугаар манаачаа цалинжуулдаг. Тэгээд ч байнга нээлттэй байлгана гэдэг асуудалтай. Учир нь энд худалдаа эрхэлж байгаа иргэдийн павильон, бараанууд байна. Дээрээс нь түгжихгүй хонохоор шөнөдөө нийтийн бие засах газар болчихдог. Ер нь л асуудал мундахгүй.

-Манаач эндээ хонодог гэсэн үг үү?

-Тийм ээ. Өглөө долоон цагт нүхэн гарцыг нээгээд, орой хөдөлгөөн татармагц хаадаг. Харин сүүлийн хоёр хоног манаач маань хувийн шалтгааны улмаас өсөн цаг өнгөрөөж онгойсон юм. Бид павильоноо нээх гээд иртэл түгжээтэй байсан. Тэгээд хаалгаа нүдэж байгаад дотогшоо орсон. Бусад тохиолдолд байнгын нээлттэй байгаа. Баяр ёслолын үеэр ч бид нүхэн гарцыг түгждэггүй. Ер нь энэ нүхэн гарц их хүйтэн. Хур ихтэй зун борооны усаар дүүрчихнэ. Анх байгуулагдсан цагаасаа хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй. Дээрээс нь хариуцах эзэн олддоггүй.

-Нүхэн гарц уг нь улсын өмч биздээ?

-Тийм л дээ. Улсын өмч хэрнээ хариуцах эзэн олддоггүй юм. Бид зөвхөн түрээслэгчид. Анх нүхэн гарцыг баригдаж ашиглалтанд ороход нь энэ павильонуудыг худалдаж авсан иргэд нь дөрвөн ч удаа солигдсон гэдэг. Нүхэн гарцын нэг тал нь Чингэлтэй дүүрэг, нөгөө тал нь Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг. Засвар үйлчилгээ хийе гэвэл түрээслэгч биднээс зардал мөнгө нь гарах байх. Ер нь хийсэн бүтээснээ төр засаг нь эргээд нэг хармаар л байгаа юм даа.

Нүхэн гарцын түрээслэгчид нь ийн ярилаа. Гэрэлтүүлэг муутай, хүйтэн нүхэн дотор амьдралын эрхэнд сууж байгаа тэднийг буруутгах аргагүй юм. Дараагаар нь бид энэ талаар Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ажилтнаас тодруулахад “Бид яахаараа хариуцдаг юм. Хог ачих гэрээгээ хийгээд дээрээс нь цахилгааных нь төлбөрийг Чингэлтэй дүүрэг хурааж авдаг шүү дээ” хэмээн хариулсан бол Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс “Мэдэхгүй бид хариуцахгүй. Нийслэлээс асуухгүй юу” гэлээ. Ийнхүү хоёр дүүргийн хувьд бодит байдал дээр аль аль нь хариуцдаг гэх боловч, аль дүүрэг нь яг юугаа хариуцах эсэхээ төдийлэн сайн мэддэггүй бололтой.

Нүхэн гарцан дотор худалдаа үйлчилгээ эрхлэгчид талбайн түрээс, хогны мөнгө, цахилгааны төлбөр, татвар зэрэг төлөх ёстой хураамжуудаа хоёр дүүрэгт хувааж өгдөг байх юм. Гэтэл мөнгө төлснийхөө хариуд дүүргүүд ажлаа хийдэггүйг түрээслэгчид хэлж байсан. Тус нүхэн гарц хариуцах эзэнгүй, хариуцлага хүлээх хүнгүй болсон нь илэрхий. Тийм болохоор нүхэн гарц хаалттай үед дээгүүр нь зам хөндлөн гарч яваад авто тээврийн осолд орвол хэн хариуцах нь тодорхойгүй болоод байна.

Ч.Уянга
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих