Харьяа биш л бол хүн үхнэ үү?, сэхнэ үү? тэдэнд хамаагүй

71973_139518Эмч би:

Эмчийн ёс зүй, төрийн хуулийг хүндлэн сахиж

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө

Эрдэм чадал энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа

Тангараглая тангараглая тангараглая

Манай улсын эрүүл мэндийн салбарын хүнд суртал хэрээс хэтэрчээ. Хувийн эмнэлэгүүдийн үнэ өртөгийг дийлэхгүй Улсын эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүй хүмүүс эмч нарыг цариачилж, хүнд өвчтэй очсон ч үзүүлтлээ өвдөөд сууж байхаас өөр аргагүй.

Ер нь л эмч нар ажлаа хийхгүй алга болчихно. Цаг авахгүй бол үзэхгүй арай гэж цаг авсан хүн гурван хоногийн дараа л үзүүлнэ. Эмч нь байхгүйгээс дахиад хүлээнэ.

            Иргэн Б өсөлтгүй жирэмсэн гэх оноштойгоор эх нялхасын эрүүл мэндийн төвд очиж эхо-д гурван өдрийн дараа 16:30-д үзүүлэх цаг авчээ. Үүдэнд нь очоод дугаарлаж байгаад үзүүлж болно гэсэн болохоор нь 15:30-д эмч дээрээ очсон байна. Цахим самбарыг харвал 15 хүний нэр байх ч тэр өдрөө тавхан хүн л үзүүлсэн байж. Харин бусад хүмүүс нь эмч нь байгаагүйн улмаас үзүүлж чадаагүй бололтой, хүлээж байгаад 16:40 минутанд үзүүлсэн аж.

Харин эмч нь эхо-д хараад юу ч хэлээгүй бөгөөд эмчээсээ асуухад  чамайг ямар эмч наашаа явуулсан тэр эмчээсээ асуу гээд явуулжээ. Ингээд үүднийх нь жижүүрийг гуйж оношоо тайлбарлуулж авчээ.

Тэндээсээ гарахад л хэвлийгээр нь хүндүүрлэж эхэлсэн байна. Эхо-д харуулсан болохоор тэгж байгаа байлгүй гээд явж байгаад “Өргөө амаржих”-ын хажууд ирэхэд өвдөлт нь улам хүчтэй болж доошоо цус алдаж эхэлсэн гэнэ. Ингээд “Өргөө амаржих”-руу ороод хүчтэй базалж өвдөөд цус алдаад байна хэмээн хэлэхэд тус эмнэлэгийн ажилтнууд хэнэг ч үгүй манайх харьяалалгүй хүн хүлээж авахгүй такси бариад эх нялхас яв гээд үл тоосон аж. Харин эх нялхаст очиж оочирлож байхад нь эмч нар өөрсдийн таньж мэдэх хүнээ оочиргүй оруулсаар байж. Ингээд цагийн дараа эход харуулахад маргааш шинжилгээнүүдээ хувийн эмнэлэгт өгөөд ирж хэвт гэсэн хариу авчээ.

Гэтэл уг өвчтөн цус алдаад хамгийн ойр харагдах эмнэлэг рүүгээ очсон байхад  тангараг өргөсөн гэх эмч нар яагаад манай харьяа биш бол бидэнд хамаагүй гээд сууж байгаа юм бэ? Хэрвээ цус алдаад үхвэл “Эх нялхас”-руугаа очиж амжаагүй түүний хохь болох уу?  Эсвэл харъяалал руу нь хөөсөн тангараг өргөсөн гэгдэх эмч хариуцлага хүлээх үү? Ер нь хүн ардын алтан амийг хариуцахаар тангарагласан эмч хаана ч байсан өвчтөнг хүлээж авах ёстой баймаар…

Манайд хамаагүй гээд орхих тангараг өргөсөн цагаан нөмрөгтөн та “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал энэрэх сэтгэлээ харамгүй зориул”-ж чадаж байна уу?

Эцэст нь хэлэхэд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл та төсвийн мөнгөөр  land-200 авч унаж тансаглахаасаа өмнө буруу тогтолцоотой эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулах цаг болсон болов уу? Энэ мэтээр хичнээн хүн эмч нарын хүнд суртлаас болж олон цагаар өвчиндөө шаналж, амь насаа алдаж байгаа бол!!!

А.ДҮҮРЭНЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.