Үхтэл Үр Харам гэж Үг уг нь байдаг даа…

18311

НЭГ ЗҮЙЛ БҮР БИЧМЭЭР САНАГДААД, ТЭГЭЭД БИЧЧИХЛЭЭ.

Дуучин Бямбажав гээд ээжийн тухай дуу дуулдаг хүн бий дээ, ойрд зурагтаар тоглолт нь болох тухай реклам хөврөөд байгаа. Оройтсон бороо гээд дуулдаг ч байх.
Хориод жилийн өмнө миний бие сэтгүүлч дөнгөж болж байхдаа траншайнд амьдардаг хүүхдүүдийг фургонь машинтай явж цуглуулан Хаяг тогтоох төвд аваачиж байлгаад асрамж халамжийн төвд, эсвэл аав ээжид нь хүлээлгэж өгдөг үйл ажиллагааг сурвалжлан цагдаагийн ажилтнуудтай нэг шөнө, нэг өдөр явсан юм.
Тэгэхэд энэ дуучин Бямбажавын арав орчим насны хоёр хөөрхөн хүү Айзам, Төгөлдөр гэж /одоо ч нэрийг нь маш тод санаж байна/ байсан. Маш эвлэг, хөөрхөн дуулдаг. Фургонь машины суудлыг нь авчихаад хүүхдүүдийг суулгачихсан, тэд Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ… гээд дуулж явсан.
Хаяг тогтоох төвийн дарга, цагдаагийн хурандаа “Дуучин Бямбажавын хүүхдүүд, эвдрээгүй зантай хөөрхөн хүүхдүүд, даанч эцэг эх нь салж сарниад эднийгээ хаячихсан юм билээ” гэж ярьсан.
Тэдэнтэй ярилцах гэхэд ах нь дуугүйхэн, бодлогоширсон, харин дүү нь, нэлээд юм ярьчихдаг байрын санагдсан. Тэр хоёрыг маш их өрөвдөж, хайрласан ч яах ч билээ. Тэр үед ах нь хурдхан том болоод цэрэгт явна даа гэж байсан. Харин дүү нь аав, ээж хоёр салаад, бид хоёрыг аваагүй, тэгээд бид хоёр гудамжинд тэнэдэг болсон гэж ярьсан. Бас аав саяхан тоглолтоо хийгээд намайг тоглолтон дээрээ аваачиж дуулуулчихаад, тэгээд тоглолт дуусаад явуулчихсан гэж ярьсан.
Энэ тухай тэр үедээ дуучны нэр устай нь сурвалжлага сонинд гарч байсаан. Нэр усыг нь гаргая ч гэж бодсон юм.
Үүнийг яагаад дурсах болов гэвэл, Төгөлдөр хүүгийн хувь заяа хориод жилийн дараа яаж эргэсэн тухай муу мэдээтэй холбоотой.
Төв аймгийн Жаргалант суманд Төгөлдөр гэр бүл зохиож хоёр хүүхэдтэй болсон байна. Харамсалтай нь тэр гэргийнхээ аминд хүрчээ.
Одоо хоёр нас, гурван нас гаруйтай бяцхан охин, хүү хоёр ээж, аавгүй өнчирч үлдэн, тун хэцүүхэн орчинд байгаа юм байна. Өнчирч үлдсэн бяцхан хүү, охин хоёр эмээтэйгээ /ээжийнхээ ээжтэй/ өлмөн зэлмүүхэн, хүн хүний харцнаас дальдчан амьдарч байгаад хэн буруутай вэ.
Магадгүй хүмүүс эхнэрээ хөнөөснөө хүлээгээд, шоронд явсан аавыг нь гэх байх. Харин надад бол тэр дуучин Бямбажав, түүний анхны эхнэр хоёр л хамгийн гол буруутан нь санагдлаа.
Одоо бяцхан хүүхдүүдийн хувь заяаг шийдэх ганц хүн болох хамт байгаа эмээ нь хүргэнээ “Хүний хувьд гайгүй ч архи уухаараа догшин авиртай болдог” гэж ярьжээ. Хэрвээ энэ дуучин хориод жилийн өмнө нялх үрсээ тэгж тээршаан нялх багад нь траншайнд гаргаагүй бол тэр хүү /Төгөлдөр/ ийм замыг сонгохгүй байсан гэдэгт итгэлтэй байна.
Хориод жилийн өмнөх түүний ухаалаг хэрнээ гунигтай нүдийг одоо ч тод санаж байна шүү.
Надад хүний амьдралыг шүүх, бас ингэж дэлгэн бичих ямар ч эрх байхгүй ч ард түмний хүндэлж хайралдаг дуучин Бямбажав даанч яав даа.
Өөрийнхөө хүүхдүүдийн, бас ач нарынхаа амьдралаар тоглочихсон… тэгээд ээжийн тухай дуу дуулаад явж байдаг, н… юм дааа.
Хүүхэд бүрийг хайрлах ёстойг хүн бүхэн ухаараасай
Бямбажав надтай заргалдвал заргалдаг ээ…

https://www.facebook.com/photo.php?fbid=595784780771731&set=a.130080907342123.1073741828.100010206431569&type=3&theater


URL:

Нэр: Содонтуяа Огноо: 13 March 2018

новш юм байна л даа. хайран хүүхдүүд. өнөөдөр энэ тэнэг тайзан дээр жигтэйхэн ээжийн тухай дуу дуулж эхнэртээ баяр хүргээд л цэцэг өгөөд л зогсож байна. ичих нүүрэнд нь илэг наагдсан хүний оронцог яаж шороо хөдөлгөөд явж байнаа. тэр эхнэршүү юм нь яаж өөрийгөө эхнэр эх хүн гээд зогсож чадаж байнаа. хайран хүүхдүүд, тэр эмээ нь хэдийхэн наслаа билээ ямар хэцүү юм бэ сэтгэл зүрх ер нь юу л байдаг тэр бүхэн минь эмтэрчихлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.