Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь…

x5f8tbyy1nМонголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна. “Авьяаслаг монголчууд”,  “Яг түүн шиг”,  “The Voice of Mongolia”, “Perfect dance”, “Чи бүжиглэж чадах уу”, “Mongolian best dance crew”, “Universe best songs”, “My voice”, “Гэгээн алсын одод… өөр юу юу ч байна. Хойшид ч шинэ шинэ халбэр агуулгаар үргэлжлэх бололтой. Юу дутахав гэж байгаа юм шиг “ Улс төрчид дуулж бүжиглэж байна”, “Уяачид дуулж байна”, “Бөхчүүд дуулж байна” гэсэн цэнгэн хөгжилтүүд зэрэгцэх аж. Дээр нь Солонгос кино байна. Энэ бүхэн арай хэтрээд байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу, монголчуудаа. Монголын нийгмийн сэтгэл зүй энэ бүхэнд живлээ.

Монголын баячууд гэх хүмүүс бүгдээрээ TV нээсэн. Уул уурхайгаас олдог асар их ашгийн багахан хэсгээрээ шоу нэвтрүүлгүүд хийж байна. Одоо бүр ихсэх юм гэсэн. Эдгээр шоунуудыг дэлгэрүүлж буй эрхмүүдийн гол бизнес ямар аймаар луйвар, тонон дээрэмдэлт, байгаль орчны сүйтгэл, авлига хээл хахууль байдгийг, түүнийгээ шоу болон бусад зүйлсээр хэрхэн өнгөлөн далдалдгийг ард түмэн үнэндээ мэдэхгүй. Энэ бол манай хэдэн компанийн хамгийн увайгүй үйлдэл юм. Улс орноо хуваан идэж буй улс төрчид, олигархуудын бодлогоор монголын ард түмнийг шоунаас шоуны хооронд, киноноос киноны хооронд амьдруулж байна. Ийм хөнгөн нимгэн үзүүлбэрүүдэд бүрэн автсан ард түмэн өөр юу г ч нийгмээс олж хардаггүй, анзаардаггүй, мэдэрдэггүй болчихдогийг бид наад зах нь Эрдэнэтээс харж байна. Монголчууд ийм тэнэгэрсэн ард түмэн байж болохгүй. Урдаас чинь хараад “Болиод өгөөч ээ та нар” гэж орилмоор байна шүү дээ. Дээр нь энэ олон гадаад дотоодод болж буй бөхийн тэмцээнүүдийг нийгэмд сурталчилахаа больё. Улс орны хөгжил цэцэглэлтэд ямар нэмэртэй юм. Яг үнэндээ дуучин ч тэр, бөхчин ч тэр, амжилт нь тухайн хувь хүндээ л ашигтай.

Тийм болохоор одоо энэ олон шоунуудаа хориглоё. Дуу хуураа цөөлье. Ямар ч ашиггүй гадаадын тэмцээн уралдаанд цөөхөн оролцъё. Энэ бүгдээр улс хөгждөггүйг харлаа. Харин хөгжсөн хойноо энэ мэт салбараа тултал нь дэмждэг юм байна. Эдгээрийн оронд зүгээр л хийж бүтээе, технологийн дэвшил гаргая. Иргэдээ зөв хандлагатай хүмүүс болгоё. Монгол Улсад ажил хийх хүн улам байхгүй болж байна. Өнөөдөр Гаити гэж улс яг ийм байдалд орж сүйрэл, мөхлийг нь судлаачид ОУ-д ярьж бичээд эхэллээ. Дэлхийн шившиг болж байна. Энэ улсын замаар манайх явах бий гэж эмзэглэж байна. Сошиалд солиорох эрх чөлөө байна. Шоудаж цэнгэн хөгжилдөх эрх чөлөө байна. Шоудаж цэнгэн хөгжилдөх эрх чөлөө байна. Архи пиво эргүүлэх эрх чөлөө байна. Хонь алж идэх эрх чөлөө байна. Харин бизнес хийх, баялаг бүтээх эрх чөлөөг төрд байгаа хэдэн луйварчин булааж авчихаад боломж олгохгүй байна. Орон зайг нь улам хумьж байна. Оронд нь ард түмний сэтгэл зүйг шоунд хөтөлж, солонгос кинонд төвлөрүүлж,ар хударгаар нь улс орноо тонон дээрэмдэж байна. Ард түмэн минь үүнийг ойлгож ухаараач.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.