Парламентын 49 ба 51

712-1520991405527-151269800920170401115555-20170313103632-5239f6518d9b438138524b77b81eb4cd_2110Намрын чуулган завсарласан эдгээр өдрүүдэд “Эрдэнэт”-ийн асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна.  Монголын эдийн засгийн томоохон  хөшүүргэ болсон  энэ үйлдвэрийн хувь заяа хэрхэхээс олон  зүйл шалтгаална.  Тэгвэл УИХ-ын 76 гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 ба 51  хувийн асуудалд ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэж байна.

49 ба 51 хувийн талаар
С.Эрдэнэ: 49, 51 ХУВИЙГ ХАМТАД НЬ ШАЛГАЯ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг байгуулъя гэж УИХ-ын чуулган дээр удаа дараа горимын санал гаргаж байсан. Миний үгийг сонссон бол өнөөдөр их хэмжээний хүү, алданги төлөхгүй, асуудлыг шийдэж болохоор байлаа. Тухайн үед чимээгүй, дуу гарахгүй суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар энэ асуудлыг ярьж байгааг бага зэрэг гайхаж байна. Тэр хүмүүс ч өөрсдөө сайн дураараа шалгуулах хэрэгтэй.
Х.Нямбаатар: 49, 51 ХУВИЙГ БҮХЭЛД НЬ БАРЬЦААЛСАН
-Уг нь 51, 49 хувь гэлтгүй бүхэлд нь барьцаалсан юм шүү дээ. 49 хувийн асуудлыг ярихад л тэдний талынхан “51 хувь чинь барьцаанд байгаа” гээд байсан. Тэр нь яван явсаар сүүлдээ албан ёсоор 51 хувийг барьцаалсан мэт болоод явчихлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээлсэн мөнгө шууд “Жаст” компанийн данс руу орсон уу. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт унасан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэр маш том эрсдэлд ороод байна.
Л.Оюун-Эрдэнэ: 49, 51 ХУВИЙН АСУУДАЛД БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ БИЙ
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан луйвар гэдэг нь тогтоогдлоо. 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. Шаардлагатай гэж үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина.
Л.Энхболд: 49 ХУВЬД АЛДАА ГАРГАСАН. 51 ХУВИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  Монголын нэг залуу худалдаж авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт би орж ажилласан. Олон хууль тогтоомж зөрчсөн учраас Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар болсон.Үүнийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан. Эрдэнэтийн 51 хувь дээр хэн буруутай байх нь чухал биш. МАН, АН, гуравдагч этгээд буруутай байх нь ч хамаагүй. Монголын төрийн өмчийг хохироож байгаа бол хариуцлага тооцох шаардлагатай.
Ж.Энхбаяр: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ БУРУУ. 51 ХУВИЙГ ИЛ ТОД БОЛГО
-49 хувийг төр авлаа гээд сайн үр дагавар гарахгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд нэр бүхий улстөрчид энэ бол аж ахуй нэгжийн асуудал, Монголын төр оролцоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Үүний эсрэг байна. “Эрдэнэт” үйлдвэр бол Монголын ард түмний өмч, улс орныг нуруундаа үүрч явсан стратегийн томоохон орд. Үүнтэй холбоотой зээлийн асуудлыг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Хэрэв ямар нэг албан тушаалтан оролцсон, холбогдсон, шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой.
Ж.Батзандан: 49, 51 ХУВИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ
-”Хан ресурс”-ын асуудлаас болж Монгол Улс 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, “Жаст”-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. “Стандарт” банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм.
Ж.Мөнхбат: 49, 51 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь монгол төрийн өмч. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр удаа 49 хувийг нь төрд авах шийдвэр гаргаж байсан. Энэ дагуу тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь би. Тухайн үед би Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд байсан. Хоёр Засгийн газар дараалаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төрд, ард түмэндээ авч хувьцаа, хувь эзэмшүүлэх асуудал гурав дахь удаагаа яригдаж байна гэж ойлгож болно.
Ч.Хүрэлбаатар: 49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН. 51 ХУВЬД МЭДЭЭЛЭЛ АЛГА
-“Монголын зэс” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргасан. Үүнийг УИХ-ын 23-р тогтоолын дагуу харилцан  суутгал хийж, шийдвэрлэх саналын Засгийн газар дэмжсэн.   51 хувьтай холбоотой нарийн мэдээлэл алга.
З.Нарантуяа: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ БУРУУ. 51 ХУВИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ
-УИХ-ын тогтоолыг батлахын эсрэг байсан. 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль бус байсан гэдгийг нь үгүйсгэсэн хэрэг биш. Хууль бус гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хангалттай нотолгоо муутай байсныг, мөн Тогтоолын заалтууд өөрөө гарсныхаа дараа хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үр дагавар, ач холбогдол муутай байсан учраас.  49 хувийг хууль бусаар тодорхой этгээдүүд эзэмшсэн байна гэж үзэж шалгасан, харин одоо 51 хувийн хувьцаа маань байна уу үгүй юу гэдгийг зайлшгүй үзэх шаардлага бий болчихоод байгаа.
Я.Содбаатар: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ НЬ ЗӨВ. 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ
-Засгийн газар бол 49 хувийг УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд зөв шийдсэн гэж харж байна. 49 хувь бол зөвхөн “Эрдэнэт”-ийнх биш. Үүний цаана “Монголросцевмет”-ийн, Асгатын мөнгөний орд, Монгол Улсын стратегийн ордын түвшинд яригддаг 17 лиценз яваа шүү дээ. Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Тэр бол “Стандарт” банк, “Жаст групп”-ийн хоорондын асуудал. “Жаст групп” “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг ашигласан уу, үгүй юу. “Эрдэнэт” тодорхой хөрөнгө дээр баталгаа гаргасан уу гэдэг бол шүүхийн асуудал. “Эрдэнэт” баталгаа гаргаж өгсөн бол үүргээ хүлээж өгөх ёстой.
Б.Пүрэвдорж: 49, 51 ХУВЬ ХАМТ ЯРИГДАХ ЁСТОЙ
-““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, зээлийн төлөлтийг царцаасан. Одоо Засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ер нь Монголын төрд 51  хувь байгаа юу. Төрийн ийм байдлаар Засгийн газарт асуудал үүсгэж байна.
О.Баасанхүү: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВЬ ТӨРД БАЙХГҮЙ
-Эрдэнэтийн 51 хувь төрд байхгүй гэж ойлгож болно. “Хадгаламж” банк “Монгол шуудан” банкыг авахад дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага гарсан. Ингээд Олон улсын арбитрын шүүхэд асуудал очсон.   “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримт, фактууд Ц.Нямдорж гуайгаас  илүү надад хангалттай их байна. Би 2013 оноос хойш судлаад явж байна. Одоо үүнд цэг тавих цаг нь ирсэн. Б.Болор,  Ч.Сайханбилэг нарын нөхдөд хариуцлага тооцох ёстой.
Д.Дамба-Очир: 51 ХУВИЙГ “СТАНДАРТ” БАНКНЫ БАРЬЦААНД ТАВИАГҮЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  Засгийн газар худалдаж авсан нь зөв. 51 хувийн асуудлаар тухайн үеийн удирдлагууд нь УИХ-аар оруулсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхнийгээ ийм байдалд оруулахгүй байсан болов уу. 51 хувийг “Стандарт “банкинд тавьсан зүйл байхгүй. Жастын Батхүү гэдэг хүн зээл авсан. Тэр хүн төлдгөөрөө төлөх юм байна лээ. Тодорхой хэсгийг нь төлсөн юм байна лээ. Тиймээс одоо 49 хувийн асуудлыг нэг мөр шийдэхийн тулд тогтоолыг төслийг дэмжиж байна.
Д.Оюунхорол: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон. “Эрдэнэт”-ийн 51 хувийг хоёр хуваагаад, 49 хувийг эзэмшдэг тал нь 51 хувийг эзэмшдэг талынхаа тодорхой хувийг эзэмшээд аливаа асуудлыг шийдвэрлэдэг эрхтэй болчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн өмчийн мэдэлд байх ёстой. Энэ бол ард түмний өмч.
Д.Сумъяабазар: 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛД  ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ
-51 хувийг барьцаалсан энэ зээлийг яаралтай шийдэх ёстой. Тэгж байж “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагаа, цаашлаад Монгол Улсын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүндийн асуудал яригдана. Энэ дээр мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцаж байгаа улсууд ажиллаж байгаа. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу юугүй 100 сая ам.доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой.  49 хувийн асуудалд төрд авахаар татварын орлого нь нэмэгдээд байдаг энэ зөрүүг бид харах ёстой. Эцсийн эцэст орлого санхүүтэй холбоотой асуудал л яригдана шүү дээ.
Д.Хаянхярваа: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН АСУУДАЛД ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу. 49 хувийн тухайд Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах нь зүйтэй. Хэрэв энэ асуудлыг хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа.
Д.Тэрбишдагва: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ҮҮРНЭ
– Эрдэнэтийн 49 хувийн асуудал зөв, буруу нь эцэслэн шийдэгдээгүй байхад энэ асуудал сөхөгдлөө. Эрдэнэтийн 51 хувийн асуудал, Стандарт банкинд төлөх ёстой өрийг Монгол Улсын Засгийн газарт хохиролгүйгээр Арбитрын шүүхэд ялалт байгуулах хэрэгтэй байна. Хэрэв Олон улсын Арбитрын шүүхэд ялагдвал “Тэмээн дээр ямааны гарлага” гэдэг шиг юм болох гээд байна. Санжийн Баяр “Хан ресурсыг бид хурааж авна” гэж хэлчихээд 100 саяын алдагдал хүлээж байсан гашуун сургамж бий. Тэр өрөнд орчих юм бол Засгийн газрын нөхөд тэр өрийг төлөхгүй ард түмэн л төлнө. Татвар төлөгчид үүрнэ.
Т.Аюурсайхан: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН НОГДОЛ АШГААС ХЭДЭН ТӨГРӨГ ЗЭЭЛД ТӨЛӨГДӨЖ БАЙГААГ МЭДЭХ ЁСТОЙ БАЙНА
-Өнөөдөр УИХ-ын гишүүд хүртэл тодорхой мэдээлэл, ойлголтгүй явж байна. Энэ зээл Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан зээл яг бодит байдал дээр хэр хэмжээтэй, хэн баталгаа олгосон, ямар дансаар орж гарсан, ямар зориулалтаар ашиглагдсан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, олон улсын шүүх дээр ямар шийдвэрүүд гарсан, яаж хэрэгжиж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг зээлд төлөгдөж байгааг мэдэх ёстой.
Зөвхөн 49 хувийн талаар
Г.Занданшатар: 51 ХУВИЙН ТАЛААР ЯРИХГҮЙ
-““Эрдэнэт”-ийн асуудлыг ард түмэн анхааралтай ажиглаж, яаж шийдэхийг хүлээж байгаа. Энэ УИХ-аар хэлэлцүүлээгүй хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцож ярих хэрэгтэй. Энэ бол өмнөх Засгийн газрын үед шийдсэн асуудал. Үүнд МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй. Харин Эрдэнэтийн 51 хувийн талаар ярихгүй.
О.Содбилэг: “ЭРДЭНЭТ”-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ АВАХ НЬ ЗӨВ. 51 ХУВИЙН АСУУДАЛ ХУДАЛ БАЙХ
-Хувийн хэвшил “Эрдэнэт”-ийг авах нь буруу биш. Хууль зөрчигчид нь тухайн үеийн эрх баригчид юм. Тухайлбал төрийн гурван өндөрлөг. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаагүй юм бэ. Эрдэнэт бол жижигхэн аж ахуйн нэгж  биш. 51 хувийг алда