ХОРТ УТАА, ХОМХОЙ СЭТГЭЛ ЗАЙСАНГ “ӨВЧЛҮҮЛЖЭЭ”

-Зайсангийн агаарыг “Могул таун”-ы уурын зуух бохирдуулж байна-

Дархан цаазат Богд хан уулын 33 амны нэг Зайсан нийслэлчүүдийн суурьшлын бүс болоод олон оныг үдэж байгаа. Хотын утаанаас зугтсан боломжийн амьдралтай хүмүүс дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уулынхаа ар хормойд тухлан амьдарсаар даруй 10 оныг үджээ.
Уг нь төр засгаас Зайсанг аялал зугаалгын бүс болгох ерөнхий төлөвлөгөө баталж, түүнийхээ дагуу жуулчны бааз, амралтын газрын зориулалттай газар олгох заалттай. Харамсалтай нь хуулийг гууль болгодог төр засгийн түшээд тэс өөр зориулалтаар газар олгож, өдгөө тэнд орон сууцны олон хороолол сүндэрлэж, хотын утаа, дуу чимээнээс дайжсан, цэвэр агаарт амьдрах гэсэн айлууд суурьших болсон.
Барилга барихтай зэрэгцээд мэргэжлийн хяналтын байгууллагаас уг барилгуудад шалгалт хийж, хяналтаа тавьсаар ирсэн.  Жил бүр л шалгаж, барилга барьж болохгүй гэдгийг удаа дараа анхааруулж, шаардаж байсан талаараа МХЕГ-ын албаны хүн тайлбарлаж байв. Саяхан хүртэл Богд уулын эргэн тойронд шалгалт хийхэд өмнөх жилүүдийн замбараагүй байдал, зөрчил хэвээрээ байжээ.
МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Б.Жаргал нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Дархан цаазтай газарт ямар барилга барих вэ, газрын захирамжийг хэн олгов гэхээр хариуцах эзэн олддоггүй. Байшин барьж байгаа хүн захирамжтай болонгуутаа эрхтэй боллоо гэж ойлгоод ажлаа үргэлжлүүлдэг. МХЕГ-аас удаа дараа шаардлага тавьж ирсэн. Сүүлдээ БОАЖЯ, холбогдох газруудад асуудал тавьж, хийсэн шалгалтын дүнгээ Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулдаг. Тийм боловч ач холбогдол өгөлгүй өдий хүрлээ” хэмээн ярьсан байсан.
XXI зуунд уурын зуухаар халдаг хороолол нийслэлд барьжээ
Зайсангийн амыг эрүүл агаартай хэмээн хүн бүр ярьдаг байсан нь өдгөө худлаа болоход хүрчээ.
Аялал жуулчлалын бүс болох ёстой байсан Зайсанд баригдсан замбараагүй барилгуудын үндэсийг “Сарнайх” хотхон эхлүүлсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үед “Сарнайх”-ын удирдлага буюу одоогийн АТГ-ын дэд дарга Б.Хурц багагүй хэмжээний хөрөнгө гаргаж, төвийн халаалт, халуун хүйтэн, цэвэр бохир усны шугам татуулсан гэдэг. Түүнээс нь салаалуулаад бусад хотхоныг барьж буй компаниуд магистрал шугам татаж, халаалт, дулааныхаа асуудлыг шийдэж буй аж.
Гэтэл “Могул таун” хэмээх хотхоныг барьсан эзэд халаалт, халуун хүйтэн ус татах хоолойныхоо хөрөнгийг нарийлсан уу, төвийн халаалт аваагүй юм байна. Тус хотхныхон халаалтынхаа асуудлыг уурын зуухаар шийдвэрлэж, тэндээ түүхий нүүрс ашигладаг зуух барьж, хорооллынхоо 4-5 орон сууцаа халааж байгаа юм. XXI зуун гарчихаад байхад уурын зуух хэмээх хоцрогдсон, технологи ашиглаж, халаалт дулаанаа шийдвэрлэж байгаа газар “Могул таун”-аас өөр бий болов уу. Хэдэн жилийн өмнө нийслэлд нам даралтын зуухаар халаалтаа шийддэг байсан цөөн хэдэн газар байв. Төр засгаас хотын утааг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажилласны дүнд нам даралтын зуух ашигладаг газар Улаанбаатарт эрс цөөрсөн.
Гэтэл хөгжиж буй орны, орчин үеийн нийслэлд утаа үйлдвэрлэгч эх үүсвэр нэгээр нэмэгдсэн нь дээр өгүүлсэн хотхон. Иргэд уг нь Зайсан руу эрүүл, цэвэр агаартай орчинд амьдрах гэж нүүн очдог. Харин иргэдийн эрхийг зөрчиж буй энэ үйлдэл ХААИС-ийн оюутан багш төдийгүй, Зайсангийн аманд оршин суугчдын бухимдалыг төрүүлж байгаа аж. Иргэдийн мэдээллийн дагуу бид Зайсанд очиход тэндхийн цэвэр агаар ор сураггүй болжээ.
Салхи баруун урдаас байсан болоод ч тэр үү, цэнхэр утаа Зайсан толгойн ар, өврийг тэр чигт нь бүрхсэн байв. Урдаа Хан уулаар халхлагдсан Зайсангийн утаа туугдахгүй тунаран харагдав. Утаа суунаглаж буй газарт очиход дээр үеийн сумын төвийн уурын зуухыг санагдуулам дүр зураг угтлаа. Хоёр галч тавын гэх том хүрзээр нүүрс хутган уурын зуух руу хийнэ. Тэд хашааных нь гадна хүн ирснийг ч анзаарахгүй, ажлаа үргэлжлүүлнэ.
Уг нь “Могул таун” хотхон нь Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт сүндэрлэж, өөрийн гэрээс үзэсгэлэнт Богдхан уул, Зайсан толгой, нийслэл хотынхоо өнгө төрхийг тольдон харах боломжийг олгоно гэх сайхан уриа тэднийх дэвшүүлсэн байх юм. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн аманд байрлах тус хотхон нь нийслэлийн төв цэгээс таван км зайд оршиж, 2.5 га талбайд 315 айлын орон сууц, спорт цогцолбор зэргээс бүрдэнэ гэж ерөнхий төлөвлөгөөндөө тусгажээ. Гэтэл тэдний гаргаж буй утаанаас болж юун Богдхан уулын үзэсгэлэн, нийслэлийн өнгө төрх харагдахтай манатай. Зайсан толгой ч утаанд сүүмийх болсон гэж оршин суугчид өгүүллээ.
“Могул таун” хотхоны менежерийн утсанд холбогдоход “Манайх уурын зуух ашиглаагүй, нам даралтын зуухтай. Тэндээс нүүрсний утаа биш, уур гарч байгаа юм” гэж тайлбарлалаа.
Юутай ч Зайсангийн амыг утаагүй гэж боддог, ярьдаг байсан нь түүх, дурсамж болж үлдэх бололтой.
Иргэдийн хүсэлтээр зассан замыг “Номин”-гийнхон үгүй хийх нь
Зайсанд өнгөрсөн жил эзгүй байсан газрыг энэ жил авч, том том хашаа хатгажээ. ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь Хүүхдийн хорих, Дамжих өнгөрүүлэх ангийн хашаанд тулгах шахам нэгэн хашаа барьсан нь содон харагдана. Яагаад содон байв гэхээр нэлээд хөрөнгө хүч гаргасан бололтой, газраас дээш хоёр метр орчим өндөртэй, бетоноор цутгасан нэлээд том хашаа. Уг хашааг нийтийн эзэмшлийн зам талбайгаас хумслах шахам байж барьжээ.
Зайсангийн зүүн урд хэсгийн  орон сууцны хорооллын оршин суугчид, Америк сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхийн хүсэлтээр “Жигүүр гранд” группийнхэн хорих ангийн үүднээс зүүн тийш чиглэсэн замыг сайжруулан засаж өгчээ. Хэдийгээр тэд хатуу хучилттай зам тавиагүй ч, сайжруулсан шороон зам нь оршин суугчдаас талархал хүлээсэн байж.
Гэтэл “Номин”-гийнхон ийм бетонон хашаа барьсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэхэд хилсдэхгүй. Уг замаар нь хоёр машин зөрж өнгөрөхөд хүндрэлтэй, нэг нь нөгөөдөө зам тавьж өгч байж зөрж өнгөрдөг болжээ. Ялангуяа цас орсон халтиргаатай энэ үед гэрэлтүүлэггүй, энэ замаар явахад бэрх, явган хүн халтирвал, машин доогуур ороход ч энүүхэнд гэдгийг тэр хавьд оршин суудаг нэгэн эмэгтэй хэлж байлаа.
Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрүүлэх анги чанга дэглэмтэй ангийн статустай. Засгийн газрын тогтоолоор чанга дэглэмтэй хорих ангийн байрлалаас хааш хаашаа хоёр км зайд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглосон юм байна. Гэвч “Номин”-гийнхон тус ангийн үүдэнд тулгаад, өөр бусад компаниуд ангийн зүүн, урд талд хашаанд нь тулгаад барилга барьжээ. ШШГЕГ-аас Засгийн газрын тогтоол байдаг гэдгийг сануулж, барилга барьж болохгүйг анхааруулж албан тоот хүргүүлж байсан ч мөнгөтэй компаниуд түүнийг л үл ойшоож барилгынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Хорих ангийн хориотой бүс болох хоёр км-ийн радиуст барьсан барилгын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрх нь бас л зөрчигдөж байгааг хот төлөвлөлтийнхөн, мэргэжлийн хяналтынхан, газар олгож буй байгууллага, барилга барьж буй компанийнхан анхаармаар. Мөнгө цагаан, нүд улаан гээд хоригдолуудтай нэг дор амьдрахыг иргэд хүснэ гэж үү.
mongolnews

URL:

Сэтгэгдэл бичих