Цахим матаас

УИХ-ын гишүүн Д.Энхбат өөрийн www.Enkhbat.mn сайтандаа дараах нийтлэлийг нийтэлсэн байна. Үүнийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.

Хэд хоногийн өмнө би твиттерт нэгэн жижиг санал асуулга явуулав. “Сайтад сэтгэгдлээ бичиж буй хүнээс и-мэйл хаягаа заавал бичихийг шаардах нь зөв үү?” гэж асуухад нийт 37 хариулт ирснээс 32 нь “Буруу: Нэр хаяг шаардах нь бидний эрх чөлөөг хааж буй үйлдэл”, 5 нь “Зөв: Аноним сэтгэгдэл бол зохисгүй зүйл” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, асуултанд хариулсан залуусын 85% нь Интернэт сайтад сэтгэгдлээ аноним бичих нь зохистой зүйл төдийгүй эрх чөлөөний нэг хэлбэр гэж хардаг юм байна.

Сайтуудад сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих нь үнэхээр бидний эрх чөлөөгөө эдэлж буй нэг хэлбэр үү? Эсвэл, энэ нь бидний айдсаа нууж, бухимдлаа тайлах гэсэн нэг арга уу?

Хүмүүс үгээ хэлчихээд нэрээ хэлэхээс болгоомжилж байна. Энэ бол эрх чөлөөний илрэл яав ч биш. Сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих, бусдыг харааж доромжлох, талцан маргалдах цахим “хөдөлгөөн” бол манай нийгэм дэхь бухимдал, амь бөхтэй оршсоор байгаа айдсын нэг илрэл гэж би хардаг.  Эрх чөлөөтэй хүн гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл зорилгынхоо төлөө ухамсартайгаар явж буй хүнийг хэлдэг бус уу.

Бухимдал их байгааг бид бүгдээрээ мэднэ. Харин яагаад ийм айдас байсаар байна?

Айдас заавал улс төрийн шалтгаантай байх албагүй. Өөртөө итгэлгүй, нийгмийн байр сууриа олж чадаагүй, эсвэл өөрийн амьдралыг бусдын ивээл, тэтгэлэг, орчны нөхцөл байдлаас хэтэрхий хамаатуулж хардаг хүмүүс үргэлжийн далд айдастай амьдардаг. Бидний туулж ирсэн социалист тогтолцоо ч амьдралын энэ хэлбэрийг манай нийгмийн далд ухамсар, бараг соёл болгон ихэнхэд маань төлөвшүүлэн суулгасан. Нийгмийн энэ соёл маань одоо вэб сайтуудаар тод илрэн харагдаж байгаа бололтой.

Өнөөдөр бидэнд өөрийгөө зоригтой илэрхийлж, үзэл бодлоо уралдуулж, олны дунд өрсөлдөн амьдрах шинэ соёл их дутагдаж байна. Манай боловсролын тогтолцоо ч хүүхэд, залууст ийм соёл, хүмүүжил олгох түвшинд хүрч чадаагүй л байна.

Твиттерт ирсэн нэг хариултад, энэ бол нөгөө л бид бүхний сайн мэддэг “тамын тогоон доторх мэт” амьдралын маань дүр төрх шүү дээ гэжээ. Үнэний ортой л үг. Нэргүй сэтгэгдэл бичих дуртай хүмүүсийн ихэнх нь нийтлэлийн агуулга, утгыг хэлцэх бус, харин нэр нь дурьдагдсан хувь хүмүүсийг дайрч доромжилсон, хараасан байх нь элбэг. Ингэж нийтлэлийн агуулгыг бус харин хувь хүнийг авч хэлцэх нь ердийн нэг хов ярианаас хэтэрдэггүй, хэлцэж буй асуудалд ямар ч үнэ цэнэ нэмдэггүй билээ. Ийм байдал нь ихэнхдээ аноним бичигчийн өөрийн сул байдал, амьдралын бэрхшээлд бусдыг буруутгаж сэтгэлээ хуурч тайвшруулах гэсэн инстинкт үйлдэл байдаг гэсэн. Сэтгэл зүйн мухардлын ийм инстинкт үйлдлийг сэтгэл зүйч нар сайн мэддэг ажээ.

Хэдийгээр Интернэт сайтууд олон нийтийн бодит бухимдлыг илэрхийлэх тавцан болж, тэдэнд стрессээ бага ч гэсэн тайлах бололцоо олгодог ч энэ нь манай нийгэмд тийм их хэрэгтэй үйл хэрэг огт биш болов уу. Яагаад гэвэл, хараал хэлж, бусдыг доромжилж, хэрэлдэж, стрессээ түр тайлж болох ч дараа нь тэр хүн улам их стресс орох гинжин урвалыг өөртөө үүсгэдэг. Мөн өөрийн стрессийг нийгэмд түгээдэг.

Бид зөвхөн эрүүлээр сэтгэж, хамтран хэлцэж, ажиллаж байж л амьдралаа өөрчилнө, нийгмийн бухимдал, стресстээ шийдэл олно. Интернэт сайтууд, мэдээллийн технологийн залуусыг чухам үүнийг л олж хараасай гэж би хүсч байна.

Хагас тэрбум гишүүнтэй Facebook сүлжээ гишүүдээ зөвхөн хууль ёсны нэр хаягаар нь бүртгэдэг, тэр нэрээрээ бусадтай ил тод харьцахыг шаарддаг. Шинээр түрэн гарч ирж буй Google+ сүлжээ ч мөн адил. Үүний шалтгааныг ойлгоход төвөггүй. Хэрвээ олон зуун сая гишүүнтэй эдгээр сүлжээнд хүн бүр аноним байдлаар бичиж эхэлбэл тэд тун удалгүй асар том цахим хогийн сав болж хувирна. Аноним мэдээллийн нийгмийн үнэ цэнэ маш бага, харин хор нөлөө нь их байдаг гэдгийг хүн төрөлхтөн туршлагаасаа сайн мэддэг болсон.

Социализмын үед нэр хаяггүй захиаг матаас гэж нэрлэдэг байсан юм. Яагаад гэвэл хүнийг хараагүй байхад араар нь муу хэлж, хууль хяналтын байгууллагад нууц бичиг илгээж, харсан үед нь инээж мэндэлдэг хүмүүсийг матаасчин гэдэг байсан. Тийм хүмүүс нийгмийн цөвүүн цаг, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд их олширч байсан гэдэг.

Олны өмнө үзэл бодлоо ил тод хэлэхээсээ айдаг, нэрийг нь мэдчих вий гэхээс эмээдэг хүмүүсийн бичсэн цахим матаасууд вэб сайтуудаар дүүрч байна. Энэ бол шинэ цагийн цахим ертөнцийн соёл огт биш. Монголын Интернэт хараал, доромжлолын тавцан биш, харин хүмүүсийг холбож оюун санааг нь нэгтгэсэн ертөнц байгаасай.

УИХ-ын гишүүн Д.Энхбат

www.Enkhbat.mn


URL:

Сэтгэгдэл бичих