Ноолуурын наймаа “дуншиж” байна

18732

Ноолуурын үнэ, ханшийг сонирхохоор “Эмээлт”-ийг зорив. Амьхандаа хөдөөнөөс ирсэн малчидтай уулзахыг эрмэлзэн өглөө эрт гарсан ч тэнд эл хуль  хаа нэг ганц нэгээр алхах хүмүүс үзэгдэнэ. Бүхий л газруудын хаалга, цонх хаалттай байлаа. Өдийд хөдөөнөөс орж ирсэн малчдын ноолуурыг авах гээд ченжүүд зам дагуу зогсож байдагсан.

Тэгвэл 7:30 цаг өнгөрөхөд өнөөх л нам гүм, дүнсгэр байдал хэвээр. Хэдхэн жилийн өмнө энд ирэхэд армаг тармагхан барьсан хашаанууд хаалга нь нээлттэй хүмүүс холхилдон ноолуурын наймаагаа  ид ярьцгааж байв. Харин энэ жил байдал огт өөр. Цэмбийтэл өрсөн арьс шир болон бас бус зүйлийг эмх замбараатай хурааснаас үзвэл нэлээдгүй жигдэрч буй мэт.

Өмнө нь “Ноолуур авна”, “Арьс шир авна”, “Малын түүхий эд авна” хэмээн 2-3 үгийг томоор бичин доод буланд нь жижгээр гар утасны дугаар бичээстэй самбарууд хаа сайгүй өлгөөтэй харагддаг байлаа. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж “Ноолуур, арьс шир, түүхий эд авна” гээд компанийнхаа нэрийг тавьдаг болжээ.

Замд таарсан ченж байрын залуугаас “Ноолуур авч байгаа юу” гэхэд “Хаанахынх вэ. Шинэ юм уу” гэв. Учрыг лавлатал “Энэ жил өвөл хатуухан орсон болохоор үхсэн ямааны ноолуурыг самнаад ирэх хүн цөөнгүй байна” гэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өвөл хүнд орсон учраас малчид ямаагаа самнаагүй аж. Зүүн аймгийн ноолуур түрүүлж гардаг бөгөөд баруун аймаг арай хожуу гардаг хэмээн ноолуурын ченж Б.Сүхбаатар дээхэн үед хэлж байсан билээ.

Энэ үгийг санагалзан түрүүчийн залуугаас дахин лавлав. “Одоо ч ноолуур тушаах малчид ид бужигнах цаг биш үү. Ер нь ноолуурыг хэдэн төгрөгөөр авах бол” гэхэд “Одоогоор ноолуур авч эхлээгүй байна. Хүмүүсийн хүлээлтээр 90-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ тогтсон үнэ нь ч тодорхой биш байгаа” гэсэн юм.

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ

 Бид зам дагуух “Ноолуур авна” хэмээн хаяг өлгөсөн аж ахуйн нэгжүүдийн хашаагаар орж үзлээ. Арьс ширийг бог, бод бүр адуу, үхэр гээд мал тус бүрээр нь ялгаж хураасан байв. Тэнд ажиллаж байсан залуугаас /нэрээ хэлэхийг хүсээгүй/ ноолуурыг хэзээнээс авч эхлэх тухай асуухад “Гуравдугаар сарын 20-ноос эхлэх болов уу. Гэхдээ малчид цаг агаарын байдлыг хараад ямаагаа самнаж эхлээгүй байгаа юм билээ” хэмээн товчхон хариуллаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Ноолуур” хөтөлбөр батлагдахтай зэрэгцэн Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрүүдэд ноолуурын худалдаж авах эх үүсвэр болгох аж. Энэ нь ноолуурын ханшийг үндэслэлгүй хөөрөгдөх нөхцөл болох вий гэх болгоомжлолыг төрүүлсэн бололтой. Хэдийгээр гадны хэд хэдэн улсаас бизнес эрхлэгчид ирж ноолуур авч байгаа ч дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг.

Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөн өндөр үнээр авсан ноолуураас ашиг гаргаж чадах эсэх эргэлзээг төрүүлэх үйл явц болсон тухай өөр нэг эх сурвалж хэлсэн юм. Тэр нь гааль дээрх татвар хураамж нэмэгдэх болон бусад асуудал хөөсөрсөн үнийг илүү дэвэргэх вий. Магадгүй түүнээс улбаалсан “шаталт” үүсэх эрсдэлийг тооцоолон гадныхан хүлээзнэж буй бололтой.

“ЧЕНЖ”-ЭЭС КОМПАНИ ХҮРЭХ ЗАМ

Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд давуу тал энэ жил үүсэх төлөв ажиглагдаж байгааг зарим хүн онцлов. Үйлдвэрийнхээ хүчин чадалд хүрэлцэхүйц хэмжээний ноолуур гадныхантай өрсөлдөхгүйгээр авах боломж байгаа бололтой. Хүлээлттэй байгаа цаг хугацааг ашиглан дотоодын нөөцөө бэлтгэх ажлыг эхлүүлсэн байж болох юм. Гэхдээ ноолуур ченжийн гараар дамжуулан авахаас илүүтэй бүх орон нутгаар тойрч малчдын гар дээрээс шууд авахыг дотоодын үйлдвэрлэгчид эрмэлздэг болсон гэлээ.

Нөгөөтээгүүр өнгөрсөн хугацаанд ноолуурын ченж хийж байсан ч өдгөө аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжин, улсын төсөвт татвараар дамжуулан хувь нэмрээ оруулдаг болсон нь олзуурхууштай байв. Ийнхүү компани хэлбэрт шилжсэнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноолууранд өртөг шингээн борлуулж байгаа газрууд ханган нийлүүлэгчээр хамтран ажиллах боломж өргөн хүрээг хамардаг болжээ.

Нэг талаас энэ нь Засгийн газраас барьж ирсэн бодлого, шийдвэрийн үр нөлөө хэмээн ченжүүд ярьж байсан юм. Нөгөөтээгүүр бүхий л зүйлээ албажуулаад ирэхээр гэнэтийн эрсдэлээс хамгаалах, эргэлтийн хөрөнгө дутсан үед зээл авах боломж өсөх, байнгын үйл ажиллагаатайгаар ажиллах зэрэг эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байна. Тиймээс “Эмээлт”-д хувиараа ноос ноолуур авах ченж тун цөөн бий аж.

ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 30 ГАРУЙ ХУВИЙГ АШИГЛАДАГ УУ?

Манай улс нийт ноолуурынхаа дөнгөж 30 гаруй хувийг л дотооддоо шингээх боломжтой хэмээн судлаач хэлж байна. Тиймээс ашиглаж чадахгүй байгаа ноолуураа экспортод гаргахаас аргагүй гэлцдэг. Хэдийгээр түүхий ноолуурыг гадагш гаргаж байгаа нь буруу гэх шүүмжлэл байдаг ч угаах, самнах зэргээр бага ч атугай нэмүү өртөг шингээдэг байна.

Энэ нь тодорхой хэмжээний ажлын байрыг нэмэгдүүлж байгааг ченжүүд болоод үйлдвэрлэгчид хэлж байлаа. Монголчууд арга ухаан сийлж арав, таван төгрөг олвол түүнээс татвар төлөхгүй бултчих санаа өвөртөлдөг нь нууц биш. Гэхдээ даяаршиж буй нийгэмд энэ нь эрсдэл дагуулахаас хэтрэхээ байсныг хүмүүс сануулж байгаа юм.

Ноолуурын наймаа “дуншиж” байна undefined


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.