МАНАН-гийн амлалт 1.5 саяыг хоёр “тасдах” гэж үү

Сонгуулийн амлалтаа биелүүлсэн хэмээн эрх баригчид бардамнаж байна. 2008 оны сонгуулиар АН Эх орны хишиг нэг сая төгрөгийг хувьцааг иргэн бүртээ олгоно хэмээн “тангаргалав”. Өрсөлдөгч талынхаа нууц хөзрийг мэдсэн МАХН /одоогийн МАН/ Эрдэнийн хувь 1.5 сая төгрөгийг Монгол Улсынхаа иргэн бүрт бэлнээр олгоно хэмээн батламж гардуулав. Үүнийхээ хүчээр ч энэ парламентад олонх болж чадсан. Тухайн үед бэлэн мөнгөний амлалт хор уршигтайг дотно, гадны эдийн засагчид анхааруулсан ч эрх баригчид тоогоогүй.

Сонгуулийн дараа дээрх амлалтуудаа биелүүлэхийн тулд стандарт бус Засгийн газар байгуулж, нэг хөнжилд шургалсан. Улмаар Оюутолгойн гэрээг гадныханд хямд өртөгөөр “худалдаж” эхний ээлжинд иргэн бүртээ сар болгон 21 мянган төгрөг өгч эхлэв. Иргэдийнхээ амьжиргааг дэмжихээсээ илүүтэй архины үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжсэн эл үйлдэл өдгөө ч үргэлжилсээр буй. Алдаан дээрээ сургамж авсан тэд нэг сумаар хоёр туулай онохоор шийдвэрлэж оюутнуудад сургалтын төлбөрт нь 500 мянган төгрөг “цацав”.

Сонгуулийн жил дөтөлсөнтэй холбоотой ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авч болно хэмээн ам гарсан. Үүнийгээ ч ирэх оны төсөвтөө суулгаж өгөв. Ингэхдээ иргэдийн гомдлыг дарахын тулд үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр болон хувьцаагаар авч болно хэмээн “шоудаж” эхэллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар сайд “Үлдсэн нэг сая төгрөгийн шийдэл нь Тавантолгойн төсөлтэй уялдаж байгаа. Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, одоо ажил нь эрчимтэй өрнөж байна. Ард  иргэддээ Тавантолгойн хувьцаанаас 536 ширхэгийг нь данс нээгээд шилжүүлсэн. Харин одоо 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар ард иргэддээ сая төгрөгийн хувьцаа олгох юм” хэмээн тайлбарлав. Хэрэв хувьцаа авбал Тавантолгойн үнэ цэнэ цаашид нэмэгдэхийн хэрээр сая төгрөг нь 2-3 сая болж өсөх магадлалтай гэнэ.

Цэнхэр, ягаан тасалбарын горыг амссан иргэд хувьцаа гэхээсээ илүүтэй бэлэн мөнгө авах сонирхол нь давамгай байгаа. Тэгвэл иргэд хувьцаагаа Засгийн  газарт өгч нэг сая төгрөгийг нь бэлнээр авах боломжтой аж. Ингэхдээ тухайн иргэнээс хувьцааг нь үндэсний аж ахуйн нэгжид худалдаалах ажлыг Засгийн газар зохион байгуулна. Одоогоор Таван­то­лгойн хувьцаа ямар өртөгтэй байх нь тодорхой бус. Урьдчилсан байдлаар нэр­лэсэн үнийг тогтоохын тулд хийлгэсэн үнэлгээгээр бол 10 тэрбум ам.доллар гэж үзэж буй. Энэ бол олон улсын хөрөнгө оруулалтын банкууд хөрөнгийн биржүүд  дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлалаар гаргасан тоо аж. Энэ тоонд үндэслэж Засгийн газар нэрлэсэн үнийг тогтоохоор шийдвэрлэжээ.  Гэх­дээ хувьцааг мөнгөжүүлэх нь ханш унагах, төгрөг үнэгүйдэх эрсдэлтэй та­лаар төв­банкнаас анхааруулаад буй. Мон­гол­банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Иргэдэд бэлэн мөнгө тараах нь инфляц нэ­мэгдүүлнэ. Иймээс иргэнд өгөх хувь­цааг Засгийн газраас баталгаажуулж, урт хугацаагаар буюу 5-6 жилийн дотор өгөх тухай санал тавьсан. Жилд 15-20 хувийг нь өгч байж Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжинө. Тэгэхгүйгээр төсвөө таналаа ч гэсэн хувьцааг чөлөөтэй мөнгөжүүлбэл эдийн засагт муугаар нөлөөлж болзошгүй” хэмээн учирласан. Харамсалтай нь сонгуульдаа сохорсон эрх баригчид түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөлөө. Ингээд ямартай ч иргэд он гараад нэгдүгээр сарын 1-нээс сонголтоо хийхнэ. Хувьцаа юу, эсвэл бэлэн мөнгөө авах уу.

Тэгвэл дээрх зүйл аль намынх нь амлалтын биелэлт вэ. МАН-ын 1.5 сая төгрөгийнх үү, эсвэл АН-ын сая төгрөгийн хувьцааны биелэлт үү. Ч.Хүрэлбаатар сайдын хэлж буйгаар 1.5 сая төгрөгөө аваад, дээр нь  хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй гэж тайлбарласан. Дээрх амлалтад ганц иргэд төдийгүй гишүүд ч толгой нь эргээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав “Ардчилсан нам сонгуулийн амлалтаа биелүүлж, иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцаа өгнө гэсэн амлалтдаа хүрчихлээ. Харин МАН тэгвэл 1.5 сая төгрөг өгөх амлалтаа хэзээ биелүүлэх вэ. Ер нь хоёр хөршийнхөө аль нэгээс 10 тэрбум төгрөгийн урьдчилгаа аваад иргэддээ 1.5 саяыг бэлнээр өгье” хэмээн хэлээд авсан.

Амлалтаа биелүүлсэн гэж бардам­наад байгаа эрх баригчдын алинд нь итгэх вэ. Цалин, тэтгэрийн нэмэгдлээс эхлээд МАН амлалтаа биелүүлж, дуусгар болгосноор ирэх онд “ОК” үнэлгээ авч, АН тааруухан дүнтэй хоцрох уу. Бодууштай л саналын нэг. 2008 онд иргэн бүр 1.5 сая төгрөг бэлнээр авахын тулд МАН-д олонхийн сэнтий хайрлаж, дээр нь сая төгрөгийн хувьцаа авахын тулд АН-д мөн л итгэл үзүүлсэн. Тэгвэл “ОК” үнэлгээг аль намд  тавих уу. Хувьцаа авсан нь АН, бэлэн мөнгө авсан нь МАН-д тавих ёстой юм уу, эрх баригчид аа.

Л.НИНЖСЭМЖИД


URL:

Сэтгэгдэл бичих