9 хүүхэд морьноос унаж гэмтээсэн Дүнжингарав уралдааны зохион байгуулагчдад хариуцлага тооцъё

18738

Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Ням гарагт хурдан морины Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянталсуманд зохион байгуулагджээ.

Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов, болох газрыгЗасгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан боловч энэ жил ямар нэгэн тов тогтоогдоогүй байхад Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос тус уралдааныг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон.

Гэвч уяачид хууль зөрчин, амралтын өдрөөр хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав”уралдааныг зохион байгуулж есөн хүүхэд мориноос унаж гэмтсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна. Мөн 10-12 насны хүүхдийг морь унахыг хориглосон боловч уг уралдаанд тус хориг заасан насныы хүүхдүүд хурдан морь унан тус уралдаанд оролцжээ.

9 хүүхэд морьноос унаж гэмтээсэн Дүнжингарав уралдааны зохион байгуулагчдад хариуцлага тооцъё

Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд хэлэхдээ:

Цагдаагийн байгууллагын хувьд урлаг, спортын олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, хориглох хуулийн заалт байхгүй. Харин аливаа олон нийтийн арга хэмжээний үеэр хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй.

Тиймээс хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн.”Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянталсуманд өчигдөр болсон хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж, нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа.

Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан.Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас газар цөмрөх, салхинд цохиулах, гэх мэт шатгаануудаас үүдэнесөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна гэсэн мэдэгдэл хийв. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон. Энэ үеэр цагдаагийн байгууллагын110 алба хаагч, 23 автомашин, мотоциклоор,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэж ажилласан” гэлээ.

Дүнжингарав уралдааныг ганцхан өдрийн дотор шахаж зохион байгуулсан учраас орой 21:00 цагт хүртэл үргэлжилж, сүүлчийн морьд харанхуйд барианд орж иржээ.

9 хүүхэд морьноос унаж гэмтээсэн Дүнжингарав уралдааны зохион байгуулагчдад хариуцлага тооцъё

Энэ удаагийн “Дүнжингарав” наадмын онцлох зүйл нь соёолон насны уралдаан байлаа. Нар жаргаж байх үед улаан тоосон дундаас барианаас гарсан морьд үдшийн бүрэнхийд барианд орж, Баянталд морь, унаач хүүхдээ хайсан уяачид тал хөндийг цуурайттал орилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Хахир өвлийн хүйтэнд бяцхан үрсээрээ морь унуулж амь насыг нь дээсэн дөрөөн дээр тавьсан эцэг эхчүүд, уяачид нэртэй хурган дарга нар эх захаа алдаж хууль цаазандаа багтхаа байгаа юу гэмээр.

Шөнийн цагаар уралдаан зохион байгуулсан нь хүүхэд, адуу хоёрыг тамласан үйлдэл биш гэж үү. Өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Монголчууд бид хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж зугаацдаг аа хэзээ болих хүмүүс вэ.

Унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цасыг үл хайхран 10-30 километр газар туулдаг. Уяачид хурган дарга нарийг ч гэсэн өвлийн хүйтэнд хацар, чих, гар хөлөө хөлдтөл, хоолой амаа сөөтөл 10-30 километр уралдаад үзээч гэж хэлмээр.

НҮБ-аас үүнийг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж шүүмжилдэг ч морины уралдаан бол эртнээс уламжлалтай Монголын ёс заншил, их баяр наадам, уралдааны морийг жаахан хүүхэд л унадаг гэж муйхарлан хаацайлсаар ирсэн.

Өнөөдөр энд тэнд зохион байгуулагдаж буй аймаг бүсийн хурдан морьдийн уралдаан мөнгөтэй хүмүүсийн зугаацах нэг хэрэгсэл болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. “Дүнжингарав” наадмыг дур мэдэн зохион байгуулсан, үүнд хүлэг морьдоо сойж уралдуулсан хүүхдийн эрх зөрчсөн уяачид ямар хариуцлага хүлээх вэ.

Өнгөрсөн жилийн хавар зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 54 хүүхэд мориноос унаж, долоо нь алтан амиа алдсан. Нэг хүүхэд хууль бусаар зохион байгуулагдсан “Майдар эргэх ёслол” гэх уралдааны үеэр харамсалтайгаар нас барсан.

Энэ мэтчилэн хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндээр дэнчинд тавьж, алтан амиар нь наадахдаа хийморио сэргээнэ гэвэл андуурал болно.

Б.Оюунзул

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих