АРД ТҮМЭН НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХАД НЬ ХҮЧЭЭР ТУСГААР ТОГТНУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?

Түүхийн ухааны доктор, профессор чонос С.Ичинноровтой 1911 оны Монголын үндэсний хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан уулзаж ярилцав.

-1911 оны үндэсний хувьсгал гарах болсон түүхэн нөхцөл шалтгаан юу байв?

-1911 оны үндэсний хувьсгал гарах болсон хэд хэдэн шалтгаан байсан. Юуны өмнө эрт урдаас үргэлжилж ирсэн Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний сүүлчийн давалгаа оргилж байсан үед энэхүү хувьсгал гарсан. Манж Чин улс “Шинэ засгийн бодлого” хэмээгч харгис бодлого явуулж ирсэн нь Монголын ард түмний  тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хөдөлгөөний шинэ давалгааг үүсгэсэн билээ. Нөгөөтэйгүүр Монголын ард түмний амьдрал нэн хүндэрч байсан цаг үе байв. Учир нь гадаад дотоодын хүнд хүчир дарлал мөлжлөг ялангуяа харийн түрэмгийлэн эзлэгчдийн өнгөлзлөг ард түмнийг улам тамирдуулж байсан үе байв.

Энэ бүхнээс үндэслэж 1911 онд үндэсний хувьсгал гарах урьдчилсан нөхцөл бүрэлдэн тогтоод байв. Энэ хувьсгал чухам хэдийд яаж бэлтгэгдэж гарав аа гэвэл тэр үеийн монголын сэхээтэн голдуу тууштай эх орончид, төр засгийн албан хаагч түшмэд, лам нар тусгаар тогтнолын энэхүү хөдөлгөөнийг аль эртнээс бодож төлөвлөж байсан байдаг. Энд тодорхой хүмүүсийг нэрлэж болно. Юуны өмнө VIII Богд Жавзандамба хутагт байна. Тэрбээр 1895, 1900 онуудад Манжийн дарлалаас чөлөөлөгдөх асуудлаар хоёр ч удаа хаант Оросод өөрийн элч төлөөлөгчөө илгээж байсан. Тэдгээр төлөөлөгчдийн гол зорилго бол Манжаас тусгаарлахад Монголд Оросоос тусламж дэмжлэг үзүүлэх явдлыг баталгаажуулах явдал байв.

1911 оны зун Богдод Бат оршил өргөх цуглаан Нийслэл Хүрээнд болох байв. Энэ цуглааныг ашиглая гэсэн саналыг түшмэдүүдээс тавьж байжээ. Энэхүү Бат оршил өргөх цуглаанд Халхын бүх хаад ноёд, хутагт хувилгаад цөм хуран цуглардаг журамтай байж. Чухам энэ үеийг ашиглан дээрх асуудлыг тэд нараар хэлэлцүүлэх зорилготой байв. Энэ нь ч хэрэг дээрээ биелсэн байдаг.

Чухамхүү Манжаас тусгаарлах асуудлыг анх тавьсан хүн нь Сайн ноён хаан Намнансүрэн болох нь оросын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар нотлогдож байгаа. Өмнө нь Манжаас тусгаарлах асуудлыг олон хүн тавьж байсан  л даа. Энд VIII Богд хаан, чин ван ханддорж, да лам Цэрэнчимэд зэрэг хүмүүсийг нэрлэдэг. Оросын эрдэмтэн Беловын бичсэнээр бол “Бат оршил өргөх цуглааныг ашиглан Манжаас тусгаарлах асуудлыг хэлэлцэе гэсэн саналыг Намнансүрэн тавьсан” гэдэг нь готлогдоод байгаа юм. Энэ бол түүхийн хувьд шинэлэг баримт л даа.

-Энэ баримт хаанаас олдсон вэ?

-Оросын архиваас олдсон баримт бөгөөд ноднин энэ тухай өгүүлсэн номыг миний бие уншиж танилцсан. “Бат оршил өргөх ёслол Хүрээний төвд Эрдэнэ шанзовын яаманд болсон” гэдэг. Энэ нь одоогоор бол хуучин Пионерийн ордны хавьцаа л байсан бололтой юм билээ. Гэвч тэнд энэ ноцтой асуудлыг нухацтай хэлэлцэх боломжгүй байсан тул нууц далд байдалд хэлэлцэх шаардлагын үүднээс байраа өөрчлөн солих санал гарсны дагуу Богд хан уулын Нүхтийн амны мухарт очин, барьж тохижуулсан тусгай байранд асуудлыг хэлэлцсэн байдаг.

Энэүү хуралдаанаас “Манжаас тусгаарлах асуудлыг Орос улсад тавих нь зүйтэй” гэдэг дээр санал нэгтэй тогтоод “хэний нэрээр ямар бичиг явуулах вэ” гэдгийг ярилцаад 21 зүйлтэй бичиг боловсруулан энэхүү бичгийн төгсгөлд халхын 4 хаан гарын үсгээ зурсан байдаг.

-Богд гэгээн гарын үсгээ зураагүй хэрэг үү?

-VIII Богд энэ уулзалтанд оролцоогүй боловч асуудлыг сайтар мэдэн болгоож суув. За бас манжуудад хар авахуулахгүй байх нууцлалын зорилгоор очоогүй ч байж мэднэ. Халхын Түшээт хаан Дашням, Сайн ноён хаан Намнансүрэн, Сэцэн хаан Навааннэрэн, Засагт хаан Сономравдан нар гарынхаа үсгийг зурсан ажгуу.

Тусламж эрсэн энэхүү бичгийг да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, өвөр Монголын түшмэл Хайсан нараар илгээхээо тогтсон байгаа. 21 зүйл энэхүү бичгийн агуулга нь бол манж Чин улсын удаа дараагийн дарлалыг ялангуяа “Шинэ засгийн бодлого хэмээх харгис түрэмгий бодлого нь монгол түмнийг улам дарлан мөлжих бодлого байна” гэдгийг гарган тавьсан.

Мөн цуглаанаас Халхын Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэн газар гэдгийг байгуулан / өөрөөр хэлбэл хувьсгалын үйл хэргийг удирдах Түр засгийн газар/, даргаар  нь Түшээт хаан аймгийн чуулган дарга Гадинбалын Чагдаржав ноёныг томилсон байгаа. Шийдвэр ёсоор чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нар уг бичгийг авч тэр зундаа хаант Оросод одсон.

Тэд явсаар Петрбург хотод очин асуудлаа танилцуулахад.хаант Орос “тусламж үзүүлнэ” гэсэн тодорхой хариу өгөөгүй боловч ерөнхийдөө дэмжиж буй нь ойлгогдож байв.

Оросын Ерөнхий сайдтай нь уулзсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Гадаад яамныхантай л уулзсан байдаг. Намар нь тэд эргэн ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Түр засгийн газар үйл ажиллагаагаа явуулсаар л байсан байдаг. Тэд цэрэг хуримтлуулах, ер нь зэвсэгт тэмцэлд бэлтгэх асуудлыг зохион байгуулж байжээ. Төлөөлөгчид эргэн ирснээс хойш уг асуудалд яаравчлан, 1911 оны 10 -11 дүгээр сард Хүрээний манж амбан Санддод хоёр ч удаа тулган шаардах бичг өргөн барьжээ. Тулган шаардах бичгийн агуулга нь Монгол орноос Санддог гарч явахыг шаардан, “хэрвээ та нар гарч явахгүй бол хүчээр гаргах болно” гэсэн байв.

Гэвч манжууд тодорхой хариу өгөхгүй байв. Иймд Түр засгийн газар өөрийнхөө тулган шаардах үйл ажиллагааг чангатган ширүүсгэсний үр дүнд 1911 оны 12 сарын сүүлчээр манжийн түрэмгийлэгчдийн Их Хүрээнээс хөөн зайлуулах боломж нэгэнт бүрдсэн аж. Энэ үед Их Хүрээнд байсан Оросын консул энэхүү цочирмог асуудалд зуучлах байдлаар оролцсож  монголчууд зэвсэгт бослого гаргахад бэлэн болоод байгаа тул өөрийн цэргийн хамгаалалтанд Хүрээн дэх Манжийн амбаны газрыг санал тавьж үүнийгээ хэрэгжүүлж чадсан байдаг. Улмаар 12 дугаар сарын 20-доор Хүрээн дэх манж амбан Санддо, түшмэд цэргийн хамтаар дээрх Оросын консулын цэргийн хамгаалалтан доор Хиагтаар улмаар Оросын нутгаар дамжин нутаг буцсан ажгуу.

Үүний үр дүнд Түр засгийн газар нь тусгаар тогтносон Богд хаант Монгол улсаа байгуулах ажилд шамдан орсноор шинэ тулгар байгуулагдсан Богд хаант Монгол улсын шашин, төрийг хосолсон хаанаар VIII Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөхөөр тогтсон байдаг.

-Гэхдээ Богд гэгээнийг хаанаар өргөмжлөхгүй гэсэн өөр санал гарсан гэдэг бус уу?

-Тийм л дээ. Үнэндээ асуудал тийм ч амаргүй байж. Юун хэмээвэл Халхын дөрвөн хаад, бусад эрх бүхий түшмэд ноёд уулзан ярилцаад “Чингис хааны удам угсаанаас хаанаа сонгох ёстой” гэсэн байр суурь дээр анхнаасаа тогтсон аж. Энэ нь ч бас зүйтэй асуудал байв. Тэдгээр дөрвөн хаанаас халхын Түшээт хаан Дашням нь “би ахлагчийн хувьд хаан суух ёстой” хэмээн ам нээж байсан гэдэг. Гэтэл энэхүү “ахлагчийн хувьд” гэсэн үгийг Монголын түүхийн 3 ботийн 2 дугаар ботид “ахмадын хувьд” хэмээн гуйвуулан бичсэн явдал хожим гарсан л даа. Энэ нь алдаа мадаг байсан хэрэг. Ерөөсөө Халхын Түшээт хаан бол Халхын хаад дотроо тэргүүлэх зэргийн хаан нь байж. Хэдийгээр энэ нь бичигдээгүй боловч ийм л учир жанцан, тогтсон журам байсан тул цагаан сараар бусад хаад нь хамгийн түрүүнд Түшээт хаандаа очин золголт хийдэг байсан гэдэг. Чингис хааны төрийн гал голомт мөн Түшээт хааныд оршиж байсан аж. Тийм учраас Түшээт хаан нь ахлагч хэмээн хүндлэгддэг байжээ.

Ингээд хаад ноёд зөвлөлдөн ярилцсаны эцэст Сайн ноён хаан Намнансүрэнгийн саналаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт хаанаар дэмжигдэн өргөмжлөгдсөн байдаг.

Намнансүрэнгийн зүгээс Богдын нэрийг дэвшүүлэн барьдгийн учир бол нэгдүгээрт Богд нь өөрийгөө халхын Түшээт хааны удам, “анхдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээний найм дахь дүр” гэж өөрийгөө ойлгодог байж. Хоёрдугаарт, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө анхнаасаа чин үнэнчээр зүтгэж, дээр хэлсэн ёсоор 1895 болон 1900 онуудад өөрийн элч төлөөлөгчийг хаант Орос улсад нууцаар илгээн, хаант Оросын дэмжлэг талархалыг хүлээж байв. Гуравдугаарт, монголчуудын дээдийн дээдээр сүслэн дагадаг шашны тэргүүн нь байсан. Богд нь “амьд бурхан” хэмээн өргөмжлөн дээдлэгдсэн, нэн өндөр нэр хүндтэй шашны зүтгэлтэн.

Энэ бүх хүчин зүйлсийг харгалзан үзсэнээр Богдыг хаанд өргөмжилжээ. Ер нь шашин төрийн хослон барих хос ёсны сургаалийн хувьд гэвэл бүүр XIII зууны үеийн монголын түүхийн “Арван буянт номын цагаан түүх” сударт энэ тухай өгүүлсэн байдаг л даа.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богдыг шашин төрийг хослон барьсан их хаанд өргөмжлөн, их хааны зарлигаар төрийн 5 яамыг байгуулан, тусгаар тогтносон хаант Монгол улсын засгйин газрыг байгуулсан түүхтэй. Үүнд, Гадаад хэргийн яамны тэргүүн сайдаар чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамны тэргүүн сайдаар да лам Цэрэнчимэд, Сангийн яамны тэргүүн сайдаар түшээ гүн Чагдаржав, Шүүх яамны тэргүүн сайдаар эрдэнэ ван Намсрай, Цэргийн яамны тэргүүн сайдаар эрдэнэ далай ван Гомбосүрэн нарыг томилсон байдаг.

Манжийн ноёрхлыг устгаж, тусгаар тогтносон, бие  даасан улсыг байгуулсан нь нэн чухал арга хэмжээ болсон.

Үүний дараа Монгол улс тусгаар тогтнолоо гэдгээ гадаад улсуудад тунхаглан зарлах ажиллагаа явагдав. Үүнийг гадаад улсууд хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдэг нь том асуудал байлаа. Тусгаар тогтносон улсын хувьд Богд хаант Монгол улсад байх ёстой бүх зүйлсийг буй болгохын тулд чухал чухал арга хэмжээнүүдийг авч явуулсан байдаг.

Юуны өмнө Монгол улс нь таван яамтай, ДХЯ-ыг тэргүүлэх байр суурьтай яам гэж үзэж байсан хэдий ч Ерөнхий сайдын аппарат зайлшгүй хэрэгтэй болсон тул 1912 оны 7 сард Богд хааны зарлигаар Бүгд ерөнхийлөн захирах сайдыг / БЕЗС/ томилж, БЕЗС-ын аппарат буюу СнЗ-ийг байгуулан БЕЗЯам хэмээн  нэрлэсэн. БЕЗСайдаар анх Сайн ноён хаан Намнансүрэнг томилсон байна.

Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын засгийн газрын бүхий л үйл ажиллагаа нь тусгаар тогтносон Монгол улсад байх ёстой уламжлалт ёс заншлаа хадгалан хөгжүүлэхэд чиглэгдсэн. Эхний ээлжинд төр засгийн бүх хуучин манж тамга тэмдгийг халж, Өндөр гэгээний зохиосон соёмбо үсэгтэй тамгуудыг буй болгов. Мөн төрийн туг далбааг шинээр зохиож, түүнд Өндөр гэгээний соёмбыг залсан.

Өөрөөр хэлбэл Өндөр гэгээний соёмбыг төрийн туг далбаа, тамга тэмдэгтээ залсан явдал нь соёмбыг анх бүтээгдсэн үеэс нь эхлээд “Монгол улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг” гэж үзэж байсныг харгалзан үзсэн хэрэг л дээ.

Засгийн газар  1914 оны 2 дугаар сард Улсын дээд ба доод гэсэг хоёр хурлыг байгуулсан нь парламентын ёсны эх үүсвэр болсон билээ. Улсын дээд хурал нь Богд хааны дэргэдэх зөвлөх эрхтэй байгууллага байсан бол харин Улсын доод хурал нь аливаа асуудлыг дээд хуралдаа оруулах үүрэгтэй байжээ. Дээрх хоёр хурлын дүрэм журмыг батлан гаргаж, түүнд суух эрхтэй эрх тушаал бүхий ноёд, түшмэдүүдийн зэрэг дэв, үүргийг тодорхойлон гаргасан байдаг.

Улсын дээд ба доод хурлаар улс орны өмнө тулгарч буй нийгэм-эдийн засаг, оюун санааны хүрээнд хийх өөрчлөлт шинэчлэлтийн бүх асуудлыг хэлэлцэж байв.

Тэгэхээр “өөрчлөлт шинэчлэлт” гэж би сая хэллээ. Намнансүрэнгийн толгойлж байсан Засгийн газар бүх талаараа шинэчлэлт сэргэн мандалтын үйл ажиллагааг голлон явуулсан байдаг. Тухайлбал 1912 оноос эхлэн Хужирын буланд байнгын цэрэг армийг байгуулж эхэлсэн. Энэ газрыг Хужирт булан, одоо бол Хужир булан гэх болжээ.

Дараа нь улс орныхоо эдийн засгийг сэргээх асуудал тулгарсан. Тэр цаг үед эдийн засгийн нөөц гэхээр санхүүгийн хөрөнгө, үндэсний банк, мөнгөн тэмдэгт гэх гойд зүйл байсангүй. Иймээс гааль татварын бодлогод ихээхэн ач холбогдол өгснөөр сангийн эд хөрөнгийн эх үүсвэрийг буй болгохын

тулд 1912 оны 10 дугаар сард Гаалийн яам гэдэг яамыг Сангийн яамны харьяанд байгуулжээ. Энэ нь гааль, татварын бүх бодлогыг хариуцдаг болсон аж. Ингэснээр нийтдээ 37 гаалийн хороод байгуулагдсан түүхтэй. Эдгээрийг Монгол улсын зүүн захаас баруун хойд хил хүртэлх бүх хилийн дагуу байгуулснаар экспорт, импортын бүх бараанаас татвар авах болжээ.


-Богд хаант Монгол улсын гадаад бодлого юунд чиглэгдэж байв?

-Гадаад бодлогын хувьд Богд хаант Монгол улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд баталгаажуулах бодлогыг баримталсан. Энэ зорилтын үүднээс гадаад бодлогоо бэхжүүлэх талаар авсан эхний арга хэмжээнүүдийн үр дүнд 1912 онд Түвд улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн хаант Орос улстай бас гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээнд Ерөнхий сайд Намнансүрэн гарын үсэг зурж байв.

1913 оны эцсээр Монгол улсын Ерөнхий сайд Намнансүрэн хаант Орос улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын гол зорилго Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрүүлэн баталгаажуулахад чиглэгдэж байсан. Нөгөөтэйгүүр Орос улсаас мөнгө санхүүгийн зээл авч нийгэм -эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шаардагдах хэмжээний мөнгөн тусламж авах зорилтыг тавьсан байдаг.

Үүний өмнө нэг чухал арга хэмжээ авч явуулсан нь Монгол улсын төрийн дээд одон тэмдгүүдийг буй болгосон явдал юм.  Ийнхүү “Эрдэнийн очир” хэмээх одонгийн дүрэм загварыг зохион Оросын Бокийн пүүсэд захиалан хийлгэсэн. Энэ одон нь дотроо гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн “Эрдэнийн очир” одон нь Чингис хааны нэрэмжит. Дэд зэргийн “Эрдэнийн очир” одон нь Түшээт хааны дээд өвөг буюу Өндөр гэгээний элэнц өвөө Автай сайн хааны одон. Гутгаар зэргийн “Эрдэнийн очир” одон нь анхдугаар Богд гэгээн Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит одон эдгээр болно.

Орос улсад айлчилсан төлөөлөгчид гадаадын төрийн зүтгэлтнүүдийг эдгээр одонгоор шагнаж эхэлсэн байдаг. Үүнд Чингис хааны “Эрдэнийн очир” одонгоор II Николай хааыг шагнасан байдаг. Нийтдээ 20 шахам хүнд дээрх одонг гардуулсан аж

Түүнчлэн Өвөр Монголыг Ар Монголдоо нэгтгэх асуудал томоохон зорилт болж байв.

Хаант Орос улс маш хүндэтгэлтэй нааштайгаар асуудалд хандсан байдаг бөгөөд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг өндөр хэмжээнд хүлээн авч, замд нь Ново-Николаевскаас эхлээд л зам дагуух төмөр замын буудлуудад хүлээн авалтууд зохиогдсон гэдэг. Энэ талаар хэвлэл сонинд бичихдээ “Монголын нэгдүгээр зэргийн төрийн зүтгэлтэн нь манай улсад айлчилж байна. Тэр бол Оросын талыг бүрэн дүүрэн дэмжигч, Орост хамгийн талтай удирдагч” гэх зэргээр бичиж тэмдэглэж байлаа.

Гэхдээ оросууд Монголын тусгаар тогтнолын асуудлыг дэмжиж байсан хэдий ч Монголыг бүрэн тусгаар тогтнуулна гэдгийг амалж чадахгүй байв. Учир нь 1913 оны эхээр Орос-Хятадын “Бээжингийн тунхаг” хэмээх бичиг баримт гарчихсан байв. Энэхүү “Бээжингийн тунхаг” нь Монгол улсын оролцоогүйгээр гарсан бөгөөд Монгол нь “Хятадын эзэн эрх бүхий автномит эрх бүхий улс байна” гэж заасан байв.

Энэхүү тунхаг бичгийнхээ үзэл санааны дагуу асуудалд бөөрөнхийлж хандаад байсан л даа. Монгол улсын элч төлөөлөгчид тусгаар тогтнолынхоо асуудлыг их л нэхэл хатуутайгаар хөөцөлдсөн боловч амжаагүй. Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Петрбург хот дахь гадаадын 10 улсын ЭСЯ -нд ноот бичгээ гардуулсан. Тэдгээрээс ганцхан Хятадын элчин сайд л “ноотыг хүлээж авахгүй” хэмээн буцааж өгсөн бол бусад нь бүгдээрээ хүлээн авч, “бид үүнийг Засгийн газартаа уламжилна, танай тусгаар тогтнолыг хүндэтгэж байна” гэсэн хариу өгч байв.

Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх явдал олигтой шийдэгдэхгүй байсан нь хамгийн төвөгтэй асуудал байсан. Энэ хугацаанд Ерөнхий сайд Монгол дахь Засгийн газартайгаа үргэлж холбоотой байсан бөгөөд зээлийн асуудал нь нааштай шийдэгдэж, “3 сая рублийг 30 жилийн хугацаатайгаар зээлэх”-ээр зөвшилцсөн байдаг. Гэтэл “зээлийн хөрөнгөнд хяналт тавьж байх өөрийн түшмэлийг суулгана” гэсэн асуудлыг хаант Орос тавьжээ. Энэ талаар Засгийн газартайгаа зөвшилцтөл да лам Цэрэнчимэд “ямар ч нөхцөлд тийм түшмэл авч болохгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Энэ байр сууриа илэрхийлтэл “Тэгвэл бид зээл олгохгүй” хэмээн Оросын тал гэдийсэн аж.

Иймээс аргагүйн эрхэнд зээл авахын тулд тэрхүү С.Козин хэмээх түшмэлийг зээлийн хөрөнгөнд хяналт тавих түшмэлээр хүлээн авах болсон түүхтэй юм билээ.

-Хожим Козин хэмээх алдар нь монголчуудын дунд “гоожин авах” гэсэн утгатай болон сунжирсан байх ,тийм үү?

-Тийм ээ. Яахав дээ Козиний хийсэн гол ажил бол манай байгалийн баялагийн ашиглалтаас татвар авдаг  болсон явдал л даа. Юуны өмнө ой модноос мод ашигласан хүмүүсээс татвар авдаг болгож л дээ. Улмаар энэ нь Козингийн нэрээр нэрлэгдэх болсноос “гоожин авах” гэсэн үг үүссэн байдаг. Тэрбээр Монголд 1914 онд ирээд 1919 онд буцсан байдаг.

-1911 оны үйл явдлыг өмнө нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэмээн нэрийддэг байсан. Тэгвэл яагаад энэ хувьсгалыг үндэсний хувьсгал хэмээн нэрийдэх болов оо?

-Өмнөх манай түүх бичлэгт “1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” гэж бичдэг байв. Ер нь 1911 оны үндэсний хувьсгалыг түүх бичлэгт үгүйсгэх хандлага өмнө нь ноёрхож байсаан. Яагаад гэвэл түүнийг нь “ард түмэн биш харин хар, шар феодлууд хийсэн” гэж үздэг байлаа. Ийм учраас ач холбогдлыг нь бууруулах зорилгоор “үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” хэмээн нэрийдэж ирсэн нь үнэн. Энэ нь угтаа коммунист хандлага юм л даа.

Гэтэл энэ нь үнэхээр л хувьсгал байсан. Үүнд бүх монгол үндэстэн оролцсон, дэмжсэн тул үндэсний хувьсгал юм. Яагаад хувьсгал байсан бэ гэвэл нийгэм- эдийн засаг, оюун санааны хүрээнд бүх зүйлийг цоо шинээр өөрчилсөн.

-Энэхүү хувьсгалыг монголын ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголын бүх ард түмэн энэ хувьсгалыг туйлын баяр хөөртэйгээр хүлээн авсаны зэрэгцээгээр дэлхийн бүх монгол туургатан бүгдээрээ  хүлээн зөвшөөрч баяр талархалаа илэрхийлж байлаа. Учир нь Монгол бол өнө эртний давтагдашгүй, хосгүй түүх намтартай, дэлхийн түүхийг бичилцэж явсан, тусгаар тогтнолдоо хайртай түүхт ард түмэн. Гэтэл харь манжийн дарлалд 200 илүү жил оршино гэдэг бол монгол шиг бардам үндэстний хувьд дэндүү гутамшиг байсан л даа. Тиймээс энэ дарлалаас чөлөөгдсөнд монгол гаралтай хүн бүр, дэлхийн монголчууд бүгдээрээ баяр талархалтай хүлээн авсан.

Тухайлбал, Өвөр Монголын 49 хошуунаас 35 нь тусгаар тогтносон Монгол улсыг нэн даруй хүлээн зөвшөөрч Монгол улстайгаа нэгдэн нийлэх хүсэлтээ гаргасан байдаг.


-Харин энэ эгзэгтэй үеэр Тагна Тува яагаад Монголоосоо тасарчихсан хэрэг вэ?

- Хаант Оросын үед Туваг Монголоос нь жаахан тусгаар байдалтай болгосон нь эхнээсээ л оросуудын хийсэн ажил. Улмаар энэ тусгаардуу байдал нь хадгалагдсаар байгаад бүрмөсөн салсан. 1921 оны хувьсгалын үеэр С.Данзан нар Тагна Тувагаа / Урианхайгаа/ авна гэсэн асуудлыг тавьж байсан билээ.


-Богд хаант Монгол улсаас авч хэрэгжүүлсэн нийгэм-эдийн засгийн арга хэмжээнүүдийн талаар ярина уу?

-Түрүүн энэ талаар ярьсан даа. Харин соёл, оюун санааны талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Монголын ард түмэн оюун санааны хувьд ихээхэн сэргэн дээшилсэн гэж үздэг. Яагаад гэвэл “бусдын хараат орон биш, харин тусгаар тогтносон улс боллоо” гэдэгт монгол хүн бүр баярлан сүслэж байв. Сэтгэл санааны хувьд маш их эрч хүчийг авсан гэж үзэж болно.

Улмаар 1911 онд төв хөдөөд 60 гаруй сургууль байгуулагдсан. Гэхдээ эдгээр сургууль нь орчин үеийн сургалтын системгүй, төв болон орон нутгийн гэсэн хоёр санхүүжилттэй тийм сургуулиуд байж. Тэрхүү төр засгийн санхүүжилт нь туйлын бага байсныг дурдах хэрэгтэй байх. Энэхүү тэнхимийн сургалтад сэргэлэн цовоо эрдэм ном сурах авьяастай ард гаралтай хүүхдүүдийг ч бас авч байв.

Түүнчлэн Монгол улсад анх удаа тогтмол хэвлэл үүсч,  ”Шинэ толь хэмээх сонин бичиг” дараа нь “Нийслэл Хүрээний сонин бичиг” зэрэг тогтмол хэвлэл гарч эхэлсэн.


-1915 оны Хиагтын гурван улсын гэрээ Монгол улсад ямар үр дагавар авчирсан бэ?

-Хиагтын гурван улсын гэрээг байгуулан Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг гурван улсын хэмжээнд хэлэлцэх болсон нь Орос улсад айлчилсан манай төлөөлөгчдийн бусдаар зөвшөөрүүлж чадсан бас нэг чухал ололт байсныг дурдах хэрэгтэй юм шүү. Энэ тухай ер хөндөгддөггүй.

1914-1915 онд Оросын Хиагт хотод Монгол, Орос, Хятад гурван этгээдийн хэлэлцээр болж өндөрлөсөн. Дээрх гурван улс өөр өөрийн гэсэн зорилго чиглэлээ баримталсан байдаг. Тухайлбал Монгол улс Орос, Хятадын аль алинаас нь хамааралгүй биеэ даасан, бүх Монголыг нэгтгэсэн Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлэх зорьж байж. Харин Оросын хувьд Хятадын эзэн эрх бүхий автномит Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, гэхдээ эдийн засаг, оюун санааны хүрээний асуудлаар нэлээд биеэ даасан тусгаар улсын байдалтай байлгах, Монголыг өөрийн эдийн засгийн нөлөөний хүрээнд байлгах зорилготой байв. Харин Хятадын хувьд Монгол бол Хятадын нэгэн муж, салшгүй нэгэн хэсэг, түүнд автномит эрх ч өгөх шаардлагагүй гэж үзэж байв.

Ийнхүү 8 сар гаруй Монголын төлөөлөгчид тусгаар тогтнолынхоо төлөө хатуу зогсон тэмцсэн хэдий ч эцэстээ Орос, Хятад хоёр нэгдэж Монголыг “Хятадын эзэн эрх бүхий автноми байлгана” гэж шийдсэн хэдий ч Монголын тал энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, Монгол нь тусгаар тогтносон Монгол улс гэдгээрээ үлдсэн байдаг.

1954 онд гарсан “Монгол улсын түүх” нэгэн боть зохиолд түүхийн энэхэн зурвас үеийг “Автномит Монгол” гэж өгүүлсэн байдаг. Гэтэл дараа нь “БНМАУ-ын түүх” гурван боть гарахад түүний хоёрдугаар ботид “Богд хаант Монгол улс” хэмээн дүгнэн бичсэн байгаа. Ийнхүү “автномит” гэдэг үгнээс татгалзсан нь “тухайн цаг үедээ Монголын төлөөлөгчид хүлээн зөвшөөрөөгүй “автномит улс” гэсэн дүгнэлтийг бид яагаад хүлээн авдаг билээ” хэмээн Монголын нэртэй түүхчид Ш.Нацагдорж, Сандаг, Ишжамц нар гаргалгаа гаргаснаар “автномит улс” гэсэн нэр томьёоноос татгалзсан юм шүү дээ. Одоо ч гэсэн “автномит улс” гэхээр бидэнд эвгүй сонсогдож байгаа.

Гэвч эцэстээ Монгол нь “Хятадын эзэн эрхэт автномит улс” гэдэг дээр тогтсон. Үүнийг өөрчилж халалгүй байсаар 1921 оны хувьсгалтай золгосон. 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал гэж үздэг. 1911 оны үндэсний хувьсгалын дараа ч Хятадын нөлөө Монголд бараг байсангүй дээ. Зөвхөн нэр томьёоны л асуудал, маргаан мэтгэлцээн төдийхөн л байсан.

Гэхдээ л Монгол улс НҮБ-ын гишүүн улс болох боломжийг 1946 онд Чан Кай шигийн зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал олгосон билээ. Учир нь И.В.Сталин Английн Ерөнхий сайд У.Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт нарт нөлөөлснөөр 1945 оны ялагч гурван гүрний тэргүүн нарын Ялтын зөвлөгөөнөөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг “одоогийн байгаа хилээр нь” хүлээн зөвшөөрсөн билээ. Тухайн үед Хятадын төлөөлөгчид байдалд нөлөөлөхийг оролдсон гэж байгаа юм.  ”Та нар ард түмэн нь зөвшөөрөхгүй байхад нь хүчээр тусгаар тогтнуулах гээд байгаа юм биш биз” гэсэн асуудал гаргаж тавьсан ч гэдэг. Иймээс 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар бүх ард түмний санал хураалт болсон шүү дээ.

С.Энх-Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.