Алт олборлолтын компанийн лицензийг цуцлахыг иргэд шаардав

Урт нартэй хуулийг ноцтойгоор зөрчиж, байгаль орчныг дахин сэргээхээргүй сүйтгэж байгаа “G and U” хэмээх алт олборлолтын компанид дургүйцсэн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.Өмнө нь тус аймгийн Жаргалан сумын Мандалын тэгш хэмээх газарт олборлолт хийх гэж байсныг иргэд зогсоож байсан бол одоо Гурванбулаг сум руу дайрахаар зэхэж буй гэнэ.

Энэхүү компани нь тус сумын нутагт орших урт нэртэй хуулиар хориглосон 254 шороом ордны жагсаалтад орсон Өвөр хөшөөтөд олборлолт хийхээр зэхэж байгааг иргэд мэдэж хориглолт хийгээд байгаа юм байна.

Тухайн орд нь сумын төвөөс 1,5 км зайтай газар бөгөөд сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан Түрэгийн үеийн түүх соёлын дурсгал бүхий хөшөө байдаг аж.

“G and U” ХХК нь шар усны голын урсгалаас трубогоор ус татаж нуур байгуулснаас шалтгаалан гол ширгэж үгүй болсон юм байна. Үүнээс болж иргэд 30 км газраас зөөврийн ус, мөс зөөж, нэг тонн мөсийг 20 мянган төгрөгөөр, нэг литр усыг таван төгрөгөөр худалдаж авахад хүрсэн байна.

Мөн Ихрийн зүүн салааны 157 га хөрсийг эвдэж ашиглалт явуулсан ба 145,7 га газарт нөхөн сэргээлт огт хийгээгүй ажээ.

Гурванбулаг сумын 400 гаруй иргэд одоо Өвөр хөшөөтөө ээлжлэн манаж байгаа гэнэ. Тэдгээр иргэдийн төлөөлөл болсон сумын ИТХ-ын төлөөлөгчид болох Д.Цэцэгээ, Д.Роолон, Ж.Чулуунбат, Ж.Бадрал, Д.Дашцоодол, Д.Дашзэвэг, Д.Эрдэнэ нар “G and U” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, лицензийг нь цуцлахыг холбогдох хүмүүсээс хүслээ.

Б.Нэргүй

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих