Гоо сайхны мэс засал буюу “дахин төрөх” ядмаг хүсэл

Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг хүмүүс Солонгос улсыг гоо сайхны диваажин мэт санадаг. Тус улсыг жил бүр зорьдог олон мянган жуулчдын цуваа ч ихэнх улс орнууд дундаас гоо сайхны мэс ажилбараараа дэлхийд тэргүүлдгийг илтгэдэг аж.

Бидний цөөхөн Монголчуудын хувьд ихэнх нь ар гэр, амраг саднаа орхиод мөнгө олохоор тус улсыг зорьдог бол зарим хэсэг нь олон ангит сериал дээр гардаг өөгүй царай, өндөр хөмөр, тэгшхэн шанаатай хүүхнүүдтэй адилхан болохыг мөрөөдөж гоо сайхны эрэлд гарсаар байна.

Мэдээж энэ хувь хүний асуудал бас сонголт. Хэрэв та боломжтой бол Солонгост гудамж талбай, метро гээд хаа сайгүй хадсан “Царайгаа битгий нуу”, “Нүүрний мэс засал”, “Хөхний мэс засал”, “Хөгшрөлтийн эсрэг мэс засал”, “Нүдний давхраа”, “Галбиржуулах мэс засал” гэсэн хаягаар очоод хийлгэчихэж болно.

Харин бэл нимгэн бол энэ сонголтыг эх орондоо хийхийг зорьж болох ч зөвхөн сайхан болж, өөгүй харагдах хүсэлдээ хөтлөгдөн хэдэн жил хичнээн хүнд үйлчилж хэдэд нь чанар үр дүнтэй мэс ажилбар хийсэн нь үл мэдэгдэх нэгэнд дараа нь гарах үр дүнг нь хайхралгүй нүүр царай, бие галбираа даатгаж орхиход та бэлэн үү.

Аз таарч өчигдөр Алимаад өөгүй, сайн хийгдсэн мэс ажилбар дараагийн Дулмаад яах нь тодорхойгүй эрсдэлтэйг гадарладаг ч хүсэлдээ хөтлөгдөн сонголт хийдэг. Энэ асуудал зөвхөн буурай хөгжилтэй манайд ч биш гоо сайхны мэс ажилбараар тэргүүлэгч Солонгост ч гардаг.

Баячуудын хороолол Гангнам дүүргийн алдартай гоо сайхны мэс заслын эмнэлэгт “нүд сэтэлж, том харагдуулах” 30 минутын мэс ажилбар л гэхэд 1.7 сая воны төлбөртэй. Харин царайгаа бүхэлд нь өөрчлөхийг хүсвэл 12 сая вонтой байх хэрэгтэй.

Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийнх нь 70 орчим хувь нь нүүр царайныхаа өөг засуулж, янзлуулах том, жижиг мэс ажилбар хийлгэж байснаас 67,8 хувь нь хамгийн түгээмэл давхраа хийлгэсэн  байна. Харамсалтайн 32,3 хувь нь бүтэлгүй зүсэлтээс болж сэтгэл дундуур үлдсэн аж.

Энэ хаана ч гарч болох хамгийн наад захын өндөр эрсдэл. Цаг хугацааны туршид аажим хүрээгээ тэлсэн энэ мэс ажилбар хэдэн жилийн өмнөөс Монголд бий болж гадна, дотны эмч, мэргэжилтнүүд ихэссэнд мэргэжлийн байгууллагаас дүгнэлт хийж шалгалт явуулжээ.

Шалгалтад ийм төрлийн үйлчилгээ явуулдаг 100% хувийн хэвшлийнх гэгдэх 56 эмнэлгийг хамруулаад энд гадны улсаас аялал жуулчлалын визээр орж ирээд зөвшөөрөл бүхий аль нэг эмнэлгийг түшиглэн үйлчилгээ үзүүлдэг гадны эмч, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ганзагаар орж ирсэн эмнэлгийн хэрэгслэлийг ашиглаж үйлчилгээ үзүүлсээр байгааг шалгаж тогтоожээ.

.Жишээ дурдахад бидний сайн мэдэх Шангри-Ла төвд байрлах “Үлэмж клиник” эмнэлэг эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй Япон улсын иргэнд боломж олгон мэсгүй гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол UBH төвд байрлах “Аллерги мед” эмнэлэг Солонгос улсын иргэдэд боломж олгосноор тэд монгол бүсгүйчүүд дээр нүүр өргөх, галбиржуулах, био утас суулгах практик, сургалт явуулж туршилтын туулай болгож байсныг олж тогтоожээ. 

Дээр нь нэмээд мэс ажилбар эрүүл ахуйн шаардлага хангасан, ариун орчинд хийгдэх ёстой ч дээрх 56 эмнэлгээс 7 нь эмнэлгийн зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, 8 нь багаж материалын ариутгалаа өөрийн байранд хийдэг байсан нь стандартын шаардлагад нийцээгүй гэх дүгнэлт гарчээ. Үүнд агаарын бохирдол ч бас чухал учир эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд хамруулахаар агаарын 42, ариун материалын 43, арчдасын 130 дээж авахад мөн л шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан.

Дараагийн асуудал өө сэвгүй толигор арьстай харагдахад энгийн сонголт болсон ботокс, эхэсийн тарилга мөн л асуудалтайг энэ шалгалт илрүүлсэн аж. Энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, хууль бусаар, импортлогдсон, хадгалалтын горим, дэглэм зөрчигдсөн нөхцөлд хадгалагдаж байгаа асуудал.

 

Энэ бүхний эцэст хүн сайхан харагдах чухал ч эрүүл байх илүү чухал гэдгийг санаад аз жаргалтай байхын үндэс ганц жижиг зүсэлт биш гэдэгтэй санал нийлж эцэг эхээс заяасан бие галбир, зүс царайндаа үргэлж сэтгэл хангалуун явахыг хүсье.

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих